Чөтгөрийн ТОЙРОГТ орсон бидний ЭРЧИМ ХҮЧ

Admin | 2022-10-31


Ашгийн нүдээр харсан “Ах”-ын санаа

  Монголын эрчим хүчний салбар чөтгөрийн тойрогт ороод 30 гаруй жил болж байна. 1990 оноос өмнө Социалист орнуудын хамтын нөхөрлөлийн хүрээнд ЗХУ нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хариуцаж ирсэн. Тухайн үед ДСЦ II, III, IV нь дотоодын дулаан болон эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг хангадаг байсан бөгөөд системийн тохиргоо болон чадлын дутагдлыг Оросын эрчим хүчний системээс нийлүүлдэг байлаа.

Харин зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш Оросууд өмнө нь хүлээж байсан үүргээ зогсоож, арилжааны шинжтэй буюу мөнгөө төлөөд тогоо ав, эс бөгөөс тасална гэсэн дүрмээр харилцах болсон. Ингэхдээ цахилгааныг өмнөх шигээ шилжих рублиэр бус америк доллароор худалдан авах хатуу гэрээг монголчуудад тулгасан.  Оросууд аль 30 жилийн өмнөөс эрчим хүчний салбарт наймаачны дүрд хувирч, биднийг ашгийн нүдээр л хардаг байсан. Гэтэл энэ хугацаанд бид нөгөө л хуучин ах, дүүгийн найрамдлаа бодож, өдий хүртэл ах нар биднийг эрчим хүчний салбарт ивээн тэтгэдэг гэсэн элгэмсэг сэтгэлээр хандаж ирсэн.

ОХУ-ын хувьд бол Монгол Улс зүгээр л ашиг олж болох зах зээл. Тийм учраас биднийг эрчим хүчээ өөрсдөө хангадаг болохыг, тэднээс хараат бус байлгахыг тэд зөвшөөрдөггүй. Тиймээс сүүлийн 30 гаруй жил Монголын эрчим хүчний салбарт хараагаа тусгаж, хамаг анхаарлаа хандуулж ирлээ.

Өнөөдөр Монголын эрчим хүчний салбарт Оросын гар хөлүүд ажиллаж, тэдний утсан хүүхэлдэй болж, тушаал даалгаврыг нь биелүүлдэг нь үнэн. Тэд манай улсын эрчим хүчний салбар дахь бусад орны тэр дундаа барууны хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүдийг санаатайгаар зогсоон, гацааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх даалгавартай.

ДЦС-III, ДЦС-IV зэрэг цахилгаан станцуудыг хоцрогдсон оросын техник, технологиор өргөтгөсөн болж аргацааж, үүний бүхий л зардлыг барууны орнуудын зээл тусламжаар Орост төлдөг нь үнэн.  Оросын энэ гар хөлүүд нь Эгийн голын УЦС-ын төслийг олон жил гацааж байгааг та бид мэднэ.

Биелэх боломжгүй эрчим хүчний сэргэлт

Олон жил “ах”-ын халаасанд явж ирсэн Монголын эрчим хүчний салбарыг бие даасан, найдвартай болгоно гэж Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгажээ. Гэхдээ эрчим хүчийг сэвхийтэл сэргээнэ гэх шинэ сэргэлтийн бодлогодоо олон их наяд төгрөгийн өртөгтэй баахан нүүрсний цахилгаан станцын төслийг жагсаачихсан. Харамсалтай нь утаа үйлдвэрлэж, байгальд хор нөлөөтэй энэ төрлийн станцыг санхүүжүүлэхгүй гэдгээ олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчид хэдийнэ мэдэгдсэн. Тэр дундаа, манай эрчим хүчний салбарыг сонирхож байсан Хятад улс, Хятадын Коммунист намын Их хурлаар сонгогдсож, дараагийн 15 жил бодлого тодорхойлох дарга Ши Жиньпин хөрш орнууддаа болон хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй нүүрсний станцуудыг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хятад бол босоо тогтолцоотой, коммунист засаглалтай орон учраас тус улсын төрийн тэргүүний мэдэгдэл тухайн улсад хууль гэсэн үг. Хойд хөршийн хувьд ч ялгаагүй, Украинтай дайтаж буй энэ улс юун Монголд шинэ цахилгаан станц барьж өгөх нь бүү хэл, цахилгаан станцуудад ч өргөтгөл хийж өгөх боломжгүй болж байна.  

Ийм байхад Эрчим хүчний яамныхан нүүрсний цахилгаан станцуудын төслүүдийг зүтгүүлж, цаасан дээр хуурмаг төслүүд жагсаан, Монгол улсын жилийн төсвөөс давсан олон их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт босгоно хэмээн олон нийтийг хуурч байна. Ер нь эрчим хүчний салбарын уналт доройтлын цаана ОХУ-ын 100 хувийн эрх ашиг нуугдаж байдаг. Үеийн үед эрчим хүчний хараат байх оросын бодлого ийнхүү биежсээр байна.

Үнэ нь өсдөггүй, өөдөлдөггүй эрчим хүч

 Олон жил эрчим хүчний суурь үнийг нэмэгдүүлэлгүй, хүчээр барьж, цахилгаан станцуудын техник технологийг шинэчилж автоматжуулалгүйгээр явж ирсэн. Тухайлбал, 750МВт хүчин чадалтай хоцрогдсон ДЦС IV-д гэхэд 1500 хүн ажиллуулж үр ашиггүй зардал гаргадаг.  Гэтэл хил залгаа БНХАУ-ын Баяннуурт түүнээс дөрөв дахин их хүчин чадалтай, 3000МВт-ын ДЦС-ыг 60 хүн ажиллуулж байх жишээтэй.

Сүүлийн 20 жилд нүүрсний уурхайнуудын ачиж буулгах бүх механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ 50-60 орчим хувь нэмэгдсэн. Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийн үнэ мөн 20 жилд хэд дахин нэмэгдсэн бол Украины дайныг эхлүүлсний дараа Оросын тал ч тээвэрлэлтийн үнээ огцом өсгөсөн. Мөн шатахуун түлшний үнэ ч өнгөрсөн жилүүдэд хэд дахин нэмэгдсэнийг та бид сайн мэднэ. 

Гэтэл эрчим хүчний үнэ дорвитой өсөөгүй 20 гаруй жил болж байна. Эрчим хүчний үнийг хүчээр олон жил барьсны хар гайгаар өнгөрсөн жил гаруйн хугацаанд энэ салбар 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүнийг тэдгээр Оросын гар хөл бологсод барууны дэвшилтэт технологитой нар, салхины станцуудын үнэ тарифаас болсон гэж ард түмэн төдийгүй УИХ, Засгийн газрын гишүүдэд ойлгуулах ажлаа ч эрчимжүүлсэн. Даалгавраа ч сайн биелүүлж байгаа харагддаг. Үнэндээ Монголын эрчим хүчний систем дэх сэргээгдэх эрчим хүчний станцуудын нэг нь ч өнөө хэр хөрөнгө оруулалтаа нөхөөгүй, ашигтай ч ажиллаагүй гэдгийг салбарын зарим нь мэднэ.

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжөөд олон жил болоогүй. Одоо ажиллаж байгаа эх үүсвэрүүд ашиг бүү хэл хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ажиллаж байгаа. Гэтэл тэднийг гадаадад олон жилийн өмнө баригдаад хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа өгч байгаа сэргээгдэхийн цахилгаан станцуудын үнэ тарифтай жишиж, харьцуулан, тайлбарладаг амьгүй албатууд ч бий.

Эрчим хүчний салбарын төслүүд төдийгүй бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалт чухал. Гэтэл хөрөнгө оруулагч бол сайн үйлстэн, буяны байгууллага биш. Өөрт нь үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрүүдийг сонирхож, мөнгөө өгнө. Эс бөгөөс олон улсын хөрөнгө оруулагчдыг татах өч төчнөөн төсөл дэлхий даяар бий. Тиймээс бид өрсөлдөх чадвартай, үр өгөөжтэй бизнесийн санал тавьж байж, хөрөнгө оруулагчдыг татаж чадна. Аль ч бизнес харилцан ашигтай байх зарчимд суурилдаг. Аль нэг нь давуу эрх эдлээд, нөгөөгөө хавчиж, хатуурхаад эхэлбэл ямар ч түншлэл зогсож, алтан зарчим алдагддаг бизнесийн бичигдээгүй хууль бий.

Тэр тусмаа үнэ тариф хийгээд чадлын дутагдал болон эх үүсвэрийн хомсдол, цаашлаад салбарын  олон тэрбумын алдагдлыг энэ салбарын бодлогыг тодорхойлох ёстой Эрчим хүчний яам, салбарын сайд дарга нар өөрсдөө шийдвэрлэх үндсэн үүрэгтэй. Харин  хэн нэгнээс тэр тусмаа мөрөөрөө ажиллаж, Монголын эрчим хүчний салбарт зүтгэж байгаа хувийн хэвшлийг буруутгаж,  өөрсдийн алдаагаа бусдаас хайх нь утгагүй.

Эрчим хүчний сайд дарга нар өвлийг яаж давна даа гэх богино бодлоор л салбарыг удирдаж ирсэн. Өвлийг л яаж давах уу гэж хамаг анхаарлаа хандуулдаг болохоос салбараа том зургаар нь харж, дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, шинжлэх ухаанчаар ханддаггүй. Өнөөдөр дэлхий эргэлт буцалтгүй ногоон эрчим хүчийг сонгож, яаж эрчим хүчний найдвартай байдлаа хангахын зэрэгцээ энэ салбарыг солонгоруулж, илүү өрсөлдөх чадвартай, илүү экологид ээлтэй системийн шинэчлэлийг зоригтой хийж байна.

 Гэтэл манайх ирээдүйг ч харж байгаа юм алга, илүү томоор ч сэтгэж, илүү дэвшилтэт технологи рүү тэмүүлж байгаа юм алга. Бахь байдгаараа л хатуу түлшний хэрэглээт нүүрсний турбинээ ярьсаар л сууж байна. 

Хэзээ дуусах нь үл мэдэгдэх дайныг Украинтай үүсгэж байгаа ОХУ нэг л өдөр тогоо өгөхгүй гэвэл бид яах вэ. Дөнгөж шинээр томилогдсон шинэ сайдад  бурууг нялзаагаад өнгөрөх үү.

Энэ салбарыг удирдаж байсан зарим төрийн түшээд УИХ-ын өмнө болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчим хүчний салбар балран доройтож байгаа гэж байнга л гоншигносоор ирсэн. Гэвч алба хаших хугацаандаа нэг ч эх үүсвэр шинээр барилгүй, амаа хөдөлгөхөөс өөрийг хийгээгүй. Цаасан дээр цахилгаан станц бариад ёслол хийгээд байсны чинь балгийг ард түмэн л үүрэх боллоо.

Монголын эрчим хүч дэлхийн эсрэг явж байна

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж, салхин болон нарны цахилгаан станцуудыг хамгийн сүүлийн үеийн техник технологиор байгаль орчинд ээлтэйгээр байгуулж байхад энэ цэнхэр гарагийн нэгээхэн хэсэг болсон Монгол Улс зөвхөн нүүрсээ шатаагаад хэр хол явах вэ.

 Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын конвенцид элсэн орсон төдийгүй өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ, нэг тэрбум мод тарина гэж амлалт өгөөд ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн тэргүүн нь ногоон хөгжлийг чиглэн алхаж байгаагаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж байна.

Гэтэл салбарын яам нь ногоон эрчим хүч рүүгээ байнга нулимж, нэг өвлийг л яаж чих амар давж, албан тушаалтайгаа амар жимэр үлдэх вэ л гэж бодож байдаг. Тэдэнд үнэндээ эрчим хүчний системийг шинэчлэн сайжруулах ямар ч төлөвлөгөө байхгүй, цахилгаан станцууд болон шугам сүлжээгээ орчин үеийн технологиор сайжруулж солих тухай ямар ч шийдэлгүйгээр  эрчим хүчний салбарынхаа 100 жилтэй золгож байгаа нь харамсалтай.

Гадны гар хөл болсон авилгачид эрчим хүчний салбарын бодит байдлыг олон нийт төдийгүй энэ салбарт томилогдсон шинэ сайдад зориудаар мушгин гуйвуулж,  нуун дарагдуулан, тархи угаалт хийж, эрчим хүчний салбарын олон жил бугшсан чөтгөрийн тойрогтоо оруулдаг. Ийм л сөнөчихсөн салбарыг Б.Чойжилсүрэн хүлээж авлаа. Үнэндээ Засгийн газрын салбарын яамдаас хамгийн их авилгажсан хийгээд өнгөрсөн гучин жилд салхи ороогүй салбар ганцхан эрчим хүч үлдээд байна шүү сайдаа.

Үнэндээ өөрсдийнх нь ад үзээд байгаа сэргээгдэх эрчим хүчний станцууд болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй бодитой төслүүдээс гадна энэ салбарын мэдээлэлд ойрхон дарга нар давуу байдлаа ашиглаж, хумсаа нуусан муур шиг халаасандаа нэг, нэг нарны цахилгаан станцын төсөлтэй сууж байдгийг бүгд л ярьцгаадаг боловч хэн ч ил гаргаж, зориглон илчилдэггүй.

Оросууд биднээс мөнгө саахаар Галуут нуурын нүүрсний цахилгаан станцыг аль 60 жилийн өмнө барьсан байдаг. Энэ ДЦС нь техник технологи нь хоцрогдоод энэ олон жилийн хугацаанд нэг ч их засвар шинэчлэл хийгээгүй учраас нэг л өдөр дэлбэрэх дээрээ тулаад байгааг Оросууд мэдэх авч өнөөдөр тэдэнд доллар л хэрэгтэй байгаа учраас бид Оросын дайны санхүүжүүлэгч болчихоод байна.

Энэ салбарын гай гамшиг

Хуучин эрчим хүчний сайд Н. Тавинбэх одоо Яамандаа төрийн нарийн бичгийн даргаар шургалан үлдэх шалтгаан нь Ц. Даваасүрэн сайдын үед ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр 10МВт-ын нарны цахилгаан станцын төсөл батлуулах гээд гүйж явсан, Багануурын цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагч гэх Хятадуудын арыг даадаг гэж Яамныхан бүгд мэдэж байгаа. Энэхүү төслийг яаран байж эрчим хүч худалдах худалдан авах гэрээг Н.Тавинбэх гэгч нөхөр батлуулсан байдгийг хардах эрхийнхээ хүрээнд АТГ-аар шалгуулах хэрэгтэй.Тэгэхээр энэ хүн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг шүү дээ. Тэрээр ярихдаа “2021 оны жилийн эцсийн байдлаар эрчим хүчний салбар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нүүрсний цахилгаан станцууд 59 хувиар доогуур үнээр эрчим хүчээ борлуулснаар эрчим хүчний салбар алдагдал хүлээгээд байна. Харин сэргээгдэх эрчим хүчний салбар 65 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Иймээс нар, салхины эх үүсвэрийг тодорхой хугацаанд бодлогоор хязгаарлах шаардлагатай” гэжээ. Тэгвэл хоёр Засгийн газар дараалан сайдаар ажиллахдаа нэг ч шинэ эх үүсвэр ашиглалтанд оруулаагүй, энэ алдагдлыг бууруулах ажлыг хийлгүй дараагийн Сайд руугаа чулуудаж байгаадаа ажлын хариуцлага хүлээгээгүй, хуулийн дагуу борлуулсан цахилгаан эрчим хүчний төлбөрөө авсныг “ашиг” гэж андууран, сонин хэвлэл болгоноор өдөр алгасахгүй шахам ярилцлага өгч байгаа нь алдагдалд орсон нүүрсний цахилгаан станцууд дээрээ нэмээд сэргээгдэхийн хэдэн эх үүсвэрийг сэхээнд оруулж, Монгол улсын эрчим хүчний салбарыг “цай ч үгүй, царай ч үгүй” болгох ажлыг хийсээр сууна.

Эдийн засгаар сурч байгаа 1-р курсийн оюутан ч “ашиг” гэдэг нэр томъёог мэднэ. Үүн дээр энэ хүн улс төрийн хариуцлага үүрч, энэ салбараас зайлах ёстой.  Ерөнхий Сайд нь Германд айлчлаад сэргээгдэх эрчим хүчийг дэмжихээ илэрхийлээд ирэхэд нь өөрийнхөө байр сууриар шинэ Сайдынхаа тархийг угаагаад сууж байгаа нь Л. Оюун-Эрдэний ар нуруу руу хутга шааж байна.

Энэ салбарын зарим хэсэгт аалзны тор шиг авлигын сүлжээ үүссэн нь үнэн. Энэ сүлжээнд багтсан зарим хүмүүс нүүрсний цахилгаан станцуудын тоног төхөөрөмж,  сэлбэг хэрэгслүүдийг оросуудаас авч, өөрсдөө өндөр үнээр шахдаг гэсэн мэдээлэл олон жил яригдаж байгаа нь нууц биш. Энэ салбарт хорт хавдар болтлоо томорсон энэ бусармаг явдлыг эрх биш шинэ сайд нь туршлагатай улс төрчийн хувьд салбартаа бүрэн цэвэрлэгээ, бүтэн шинэчлэл хийнэ гэж танхимын тэргүүн нь түүнд итгэн, бодлогоор томилсон байлгүй дээ.

 

Ямар шийдэл байна вэ?

Тэгвэл бид чөтгөрийн тойргоос яаж гарах вэ. Юун түрүүнд эрчим хүчний салбарт эх оронч сэтгэлээр хандах хэрэгтэй байна. Үүний тулд нэн тэргүүнд эрчим хүчний суурь үнэ тарифийг үе шаттайгаар нэмэгдүүлж, өөрийн үндсэн өртөгтэй нь тэнцүү болгох нь чухал байна. Ингэснээр эрчим хүчний салбар, ДЦС-ууд алдагдлаас гарч ашигтай ажиллаж эхэлнэ. Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг оролдох шаардлагагүйгээр ижил түвшинд ирнэ. Төсвөөс татаас ч өгөх хэрэггүй болж, жинхэнэ утгаараа өрсөлдөөнт зах зээл гэгч нь бий болно.

Үүнээс гадна энэ салбарыг системийн хувьд бүрэн шинэчлэл хийх шаардлагатай болоод байна. Ингэхийн тулд барууны системийн туршлагыг судалж, хуучирсан орос технологийг халж, импортын хамаарлаас гарч, өөрсдийн бие даасан системтэй болсноор үндэсний аюулгүй байдал улам баталгаажих юм.

Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан хэрэгжих боломжгүй нүүрсний 10 гаруй төслүүдээ эргэн харж, эрчим хүчний сэргэлтийн бодлогыг илүү бодитойгоор шинэчлэн тодорхойлох нь шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнгийн нэн тэргүүнд хийх ёстой ажил болж байна.

Эрчим хүчний салбарын бодлогыг тодорхойлж, зангиддаг төрийн захиргааны төв байгууллага болох Эрчим хүчний яам нь мэдлэг чадвартай боловсон хүчний дутагдалд орсон. Энэ  салбарын бодлого бүхэлдээ алдагдаж, хэтийн зорилго, төлөвлөгөөгүй явж ирснээр гал алдах дээрээ тулаад байгаа нь үүний нотолгоо. Нүүрсний цахилгаан станцууд 59 хувиар доогуур үнээр эрчим хүчээ борлуулснаар эрчим хүчний салбар алдагдал хүлээгээд байна.

Эрчим хүчний яаманд нэн яаралтай боловсон хүчний шинэчлэлийн салхи оруулж, яамны “амьгүй албат”-уудыг өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг боловсрол эзэмшээд ирсэн, чадварлаг залуусаар солих цаг ирээд байна. Эс бөгөөс энэ салбараас эрчим хүчний сэргэлтийн бодлогыг хүсээд ч хэрэггүй. Энэ салбарын ирээдүй, сэргэлтийн тухай ярихын тулд яалт ч үгүй хүний нөөц, боловсон хүчний тухай асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард ХБНГУ-д айлчлах үеэрээ тус улсад 1000 инженер бэлтгэх талаар хэлэлцсэн. Эдгээр мэргэжилтэн дунд эрчим хүчний инженерүүдийг голчлон сургах асуудлыг яаралтай ажил болгох нь зүйтэй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)