Дэд сайд Б.Болор-Эрдэнэ огцрох уу, Ерөнхий сайд огцрох уу

Admin | 2022-11-06


   Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн жилийн өмнөх бичлэг цацагдаж олон нийтийн эгдүүцлийг төрүүлж шүүмжлэл дагуулав. Тэрээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа хөрөнгө оруулалтын "Future Investment Initiative 2021" чуулганд эх орноо төлөөлөн оролцсон байдаг. Энэ үеэр Б.Болор-Эрдэнэ “Төрийн дунд болон анхан шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн ахмад хүмүүс байгаа нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэсэн утгатай зүйл ярьжээ. Түүний энэхүү үг цахим орчинд "өмнөх үеэ үгүйсгэсэн", "өөрийнх нь аав ч гэсэн ахмад үе" гэх зэргээр шүүмжлэл хүртээд байгаа юм. Бүр МАН дотор Б.Болор-Эрдэнийг огцруулах талаар яриа гараад эхэлсэн сурагтай. 

Олгой хагаравч тогоон дотроо гэдэг монголын зүйр цэцэн үг бий. Төрийн өндөр албан тушаалтан дэлхийн тавцанд дотоод асуудлаа ярьж, бүр ард түмнээ нас хүйс, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлаад сууж болно гэж үү. Угтаа "улны" гээд сайдын суудлаасаа хөөгддөг Д.Сарангэрэл гишүүнтэй агаар нэг үйлдэл юм. Тиймээс түүнийг огцруулах яриа гарах нь зүйн хэрэг. Эсвэл Засгийн газрын тэргүүн ийм хандлагатай байдаг болоод доод албан тушаалтнууд нь ингэж ярьж байна уу.

Ер нь Б.Болор-Эрдэнэ Харилцаа, холбооны зохицуулах газрын дарга байхдаа өөрийг нь муу хэлсэн хэвлэлийн судалгааг хийлгэдэг, И-Монголиа системээр дамжуулж их мөнгө угаасан, сургалтын төлбөрийн зээлээ төлөөгүй гээд олны шүүмжлэлийг олон ч удаа хүртэж байсан. Тиймээс энэ удаа ч гэсэн олон нийт түүнийг Дэд сайдаас огцрох уу, эсвэл ийм хандлагатай ажиллаж буй Засгийн газрын тэргүүн огцрох уу гэсэн хүлээлттэй байгаа бололтой.

Дэд сайд Б.Болор-Эрдэнийн хувьд 2016 онд Боловсролын зээлийн сангаас 32.000 ам.долларын зээл авч “Oxford”-д сурсан байдаг. Тухайн зээлээ одоо ч төлөөгүй. Ямартай ч барууны боловсрол эзэмшсэн гэсэн үг.  Барууны боловсрол эзэмшсэн хүн Орост боловсрол эзэмшсэн хүнтэй зөрчилдөх нь мэдээжийн хэрэг. Гэлээ гээд үе, насаар нь үгүйсгэх шалтгаан биш л байлтай. Аливаа улс орон өмнөх үеийнхээ бүтээсэн нийгэмд төрж, цааш түүчээлж байгаа гэдгээ мартах учиргүй. Ялангуяа Азийн орнууд ахмадаа хүндлэх, аав ээжээ асарч дээдлэх ёс заншлаараа барууны соёлоос ялгаатай. Дэлхийд хурдацтай хөгжлөөрөө тэргүүлж буй Япон, Солонгос улсад бидэнд нийгмийг энэ хүртэл бүтээж өгсөнд баярлалаа гэж бүр хүндэлж, мөргөдөг. Алдаа оноотой нь хүлээн зөвшөөрч, цааш алдаа багатай хөгжүүлэх нь залуусын үүрэг гэж боддог нь үүнээс харагддаг.  Ер нь бид хэдхэн жилийн өмнө идэх талхгүй, асаах гэрэлгүй сууж байсан үеийг мартах учиргүй. Өмнөх үеийнхэн хийж бүтээсэн зүйлгүй байсан бол монголчууд бид дижитал улс болно гээд ярих ч хол хэвтэнэ. Мэдээж барууны соёлыг энд үгүйсгэхгүй. Монголчуудаас огт өөр соёл иргэншилтэй улс. Гэхдээ авах зүйл бидэнд бас л асар их бий. Харин эдгээр соёлыг хоршуулж явах нь Төр барьж, барилцаж яваа хүмүүсийн ухаан мэдэх хэрэг. Тэрнээс биш ахмадууд болохгүй байна, тэнд боловсрол эзэмшсэн хүмүүс болохгүй байна гээд гоншигнож суух нь утгагүй юм. Нарийн ярьвал Б.Болор-Эрдэнэ төрийн албанд ном журмын дагуу ажиллаж өнөөдрийн Дэд сайдын суудалд суугаагүй, гэрлийн хурдаар удирдах албанд томилогдсон хүн гэгддэг.

Ямартай ч Дэд сайдын суудал ганхаж, түмэн олноо доромжилсон Д.Сарангэрэл сайдын араас орох эсэх нь анхаарлын төвд үлдээд байна.

 

                                                                                                                                                                              Д.ДАВААСҮРЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)