Т.ЭНХБАЯР: 2024 оны сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 40 ба түүнээс дээш болгох зорилготой байна

Admin | 2022-11-16


  Жендерийн үндэсний хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, НҮБ, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Монфемнет” үндэсний сүлжээ хамтран хамтын ажиллагааны түншлэл байгуулжээ. Тодруулбал, Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагаа явуулж ирэх 2024 оны сонгуульд УИХ дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ талаар Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяраас тодрууллаа.

-Жендерийн үндэсний хороо, НҮБ зэрэг таван байгууллагын түншлэлийн гол зорилго юу вэ?

-Хэвлэлийн бага хуралд оролцсон төлөөлөгчид маань дор бүрнээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна. Тиймээс бид эдгээр байгууллагуудыг нэгтгэж байгаа юм. Бид эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд илүү олон гаргахын тулд нэг сувгаар, нэг зорилгоор, нэг алхмаар үйл ажиллагаагаа уялдаатай болгоё гэж байгаа юм. Дээр нь улс төр дахь жендерийн тэгш байдлыг хангахад олон нийтийн дэмжлэгийг авах хэрэгтэй байна. Ингэснээр Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн Санхүүжилтийн тухай хуулиа батлуулъя. Ингэж байж эмэгтэйчүүд улс төрд ороход стандарт нь арай нэг багасна. Олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гараад ир бүх талаар нь дэмжье, биеэр үлгэрлэе гэж байна. Бүгд хамтдаа асуудлаа нэг өнцгөөс тавьцгаая гэж ярьж байна. Тиймээс бидний зорилго 2024 оны сонгуулиар эмэгтэйчүүд арай олуулаа болох. Кноп дарж шийдвэр гаргах түвшинд арай олуулаа болох л чухал байна.

-Одоогийн байдлаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэлж байна вэ?

-1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй байна. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур байгаа. 

-Түншлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд олон болгохын тулд бэлдэж, чадавхжуулж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Бэлтгэсэн эмэгтэйчүүд нь хаана байна гэдэг асуулт тавьдаг. Тэгвэл энэхүү сүлжээ маань улс төрд орох эмэгтэйчүүдийг бэлдээд эхэлсэн. Бэлдсэн боловсон хүчнийг олон нийтэд таниулахад медиа маань үүргээ гүйцэтгэж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маш том хүч өгч дэмжих болно. Өнөөдөр топ 100 аж ахуй нэгжийн 24 нь эмэгтэй эзэдтэй юм байна. Гэтэл эдгээр эмэгтэйчүүд өөрсдөө шийдвэр гаргах түвшинд орж болно, нөгөө талаар бусад эмэгтэйчүүдээ дэмжих гол хүч болж болно. Бизнесийн салбарын эмэгтэйчүүд бизнесийн салбарт тодорхой амжилт гаргаад урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж байгаа хэдий ч одоо харахад бид ямар нийгэмд амьдарч байна вэ, бидний хүүхэд цаашдаа яаж амьдрах юм бэ гэсэн асуултад татагдан улс төрд орж ирж байна. 

-Сая хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан судалгаанаас харахад шийдвэр гаргах түвшинд  эмэгтэйчүүд 17 хувийг эзэлдэг гэж байна. Энэ хувийг хэдэд хүргэх зорилготой байна вэ?

-Сонгуулийн тухай хуулиар эмэгтэйчүүдийн доод квотыг 20 хувь гэж заасан. Монгол Улс түүхэндээ 30 хувь гэж тусгасан ч ашиглаж чадаагүй буцаачихсан. Гэтэл НҮБ бол 50/50 хувь гэсэн харьцаатай байдаг. Тэгэхээр бид 2024 оны сонгуульд орон нутаг болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 40 ба түүнээс дээш 50 хувь болгох зорилготой байна. Сонгуулийн квотоос гадна бидний ажиллаж буй хамгийн том салбар бол улс төрийн нам. Улс төрийн намын бодлого, дүрэмд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлээд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхээс эхлээд парламентад гартал нь дэмждэг байхын тулд ажиллаж байна. Намуудын бодлого дээр ажиллах зайлшгүй шаардлагатай.

-Яагаад?

-Яагаад гэхээр эмэгтэйчүүд тодорхой намаас нэр дэвшдэг. Тиймээс тухайн намын бодлого, дүрэмд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс л энэ таван байгууллага хамтран түншлэл хэлбэрээр ажиллаж, эмэгтэйчүүдийн төлөө эргэх холбоотой ажиллаж чадвал бид өмнөх 30 жилийн алдаагаа давтахгүйн болов уу гэж бодож байна.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо бага байгаа гол шалтгаан нь юу байна вэ?

-НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хоёр том судалгаа хийсэн. Эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн төсөөлөл ямар байгаа юм, гадаад орнуудын туршлага ямар байдаг юм гэсэн судалгааг хийсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байгаа шалтгаан нь хууль эрхзүйн орчин болон жендерийн хэвшмэл ойлголт. Манайд эмэгтэйчүүд улс төрд гараад яах юм, гэр бүл, байгууллагадаа хувь нэмрээ оруулаад явах нь илүү хэрэгтэй гэсэн ойлголттой. Дээр нь эмэгтэйчүүдэд улс төрд оролцох цаг зав байхгүй. Улс төр хөөхөөр гэр бүл, үр хүүхэд нь орхигдоно. Үр хүүхдийн хүмүүжил орхигдохоор тэр хүмүүжилгүй хүүхдүүд ирээдүйг яаж бүтээх юм гэх мэтчилэн хандлага хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр эмэгтэйчүүд карьер өндөртэй байж эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ. Зэрэгцээд хүүхдэдээ цаг гаргах, хамгаалах тэр нийгмийг бүрдүүлж өгөх чухал. Тухайлбал, бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэдэг зөвхөн хүүхдийн асуудал биш. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр боломжийг нэмэгдүүлнэ, гэр бүлийн орлогыг нэмэгдүүлнэ гээд эмэгтэйчүүдэд карьер хийж боломжийг зэрэгцүүлээд шийдчихэж байгаа байхгүй юу. Миний социализмаас шүтдэг ганц юм нь ясли. Эмэгтэй хүн амаржаад 45 хоноод хүүхдээ яслид өгөөд ажилдаа явдаг байдал. Тухайн ээжид карьер хийх боломжтой. Гэтэл өнөөгийн Монголд эмэгтэйчүүд 25-35 насны хооронд 3 хүүхэд гаргалаа гэж бодоход доод тал нь 10 жил гэртээ хүүхдээ харж байна.

-Хүүхдээ харж байгаад ажил хийх гэхээр нийгмээс бараг тусгаарлагдчихсан байдаг шүү дээ?

-Тийм. Эргээд карьераа хаанаас эхлүүлэх вэ гэдэг асуудал. Тиймээс л бид жендерийн тэгш байдлыг хангах талаар эрчимтэй яриад, зорилго тавиад байгаа юм. Мэдээж эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдийнхээ асуудлыг орхигдуулахгүй хийдгээрээ хийгээд л явна. Энэ бол тэр тэргүй эмэгтэйчүүдэд байгалиас өгсөн өгөгдөл. Хажуугаар нь эмэгтэйчүүд бид хөгжмөөр байна, мэдлэгээ дээшлүүлмээр байна, боловсрол нь байна, карьер хөөмөөр байна. Ингэснээр бид хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулахын тулд хувь нэмрээ бодитоор оруулж чадна.

 

                                                                                                                                                            Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)