ИЛЕЙН КОНКИЕВИЧ: Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч шийдвэр гаргах түвшинд дэлхийн дунджаас туйлын доогуур байна

Admin | 2022-11-15


   Жендэрийн үндэсний хорооноос Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, үр дүнг танилцуулсан юм. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич  "Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч улс  болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл дэлхийн дундажтай харьцуулахад туйлын доогуур байна. Тиймээс бид яаралтай, маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль зэрэг эрх зүйн орчин, давхар стандарт болон жендэрт суурилсан хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэйчүүд улс төрд орох тэгш боломжийг бүрдүүлэхгүй байна. Улмаар шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улстөрч нь нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсдаг хэвээр байна. Энэ нь илүү олон эмэгтэйг ийм замналаар явахад нь тээг болж буй нэг бэрхшээл" гэсэн юм.

Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн газраас дараах байдлаар дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Нэгдүгээрт: Хууль эрхзүйн орчин, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулж, хуулиар тогтоосон эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 34-40 хувьд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

Хоёрдугаарт: Улс төрийн нам зэрэг холбогдох байгууллагууд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдол өгнө

Гуравдугаарт: Жендерт суурилсан алагчлал, жендерийн талаарх хор уршигтай хэвшмэл ойлголтыг бүх салбарт бүх түвшинд шигтгэсэн бодлого, нийгэм соёлын арга хэмжээ, практик дадлыг ор мөргүй болгоно

Дөрөвдүгээрт: Бүх хөтөлбөр, холбогдох мэдээлэл харилцаандаа жендерийн мэдрэмжтэй хандана

Тавдугаарт: Ирээдүйн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг бүх шатанд дэмжинэ

Зургаадугаарт: Манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийн талаарх мэдлэг ойлголтыг үндэсний хэмжээнд нэмэгдүүлнэ

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)