ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг НҮҮРСНИЙ ХУЛГАЙД холбогдоогүй гэдэгт итгэх хэрэг үү

Admin | 2022-12-15


   Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайд холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд одоогийн УИХ-д суугаа Б.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Л.Наранбаатар, Баттөмөр, Ш.Раднаасэд зэрэг гишүүдийн нэр ил болов.

Харин дээрх таван гишүүн АТГ-аас мэдээлэл хийснээс хойш нэг л их шударга ёс ярьж, нэр төрөө цэвэрлэнэ гэсэн тэмцэгчид болж хувирав. Төрийн ордны гадаа жагсагчид дахиад ч олон хүн холбогдсон нэрээ зарла гэж шаардаж байхад дотор нь өнөөх таван гишүүн үй зайгүй “биднийг гүтгэлээ” хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй жүжиг тоглох болов. Бүр “гэмгүй биднийг нохой шиг хаяж өглөө” хэмээн өөрсдийгөө нохойтой хүртэл зүйрлээд авсан. Үүнээс харахад тэд бол МАН-ын “ноход” юм байна гэж ч харж болохоор байна. Хавар намрын чуулганаар ховорхон үзэгддэг гишүүд маань ойрын хоёр хоног иймэрхүү зүйл ярьж дэлгэц улайстал зурагтаар өөрсдийгөө өмгөөлөх боллоо.

Тэд, үнэхээр нэр цэвэр юм гэж үү. Үүнийг хуулийн байгууллага л эцэслэн тогтооно. Харин нүүрсний хулгайтай холбогдсон байж болзошгүй гэж хардах хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Ш.Раднаасэд УИХ-д хоёр удаагаа сонгогдон сууж байна. Тэрбээр нүүрстэй холбоотой хэрэгт хоёр дахь удаагаа холбогдож байна. Нэг хэргээр хоёр удаа хуулийн байгууллагад дуудагдана гэдэг тохиолдол биш байж мэднэ. Түүнийг Ц.Анандбазартай хамт нүүрсний хулгайгаар олсон мөнгөөрөө Арцатын аманд тансаг хороолол барьж болзошгүй гэх баримтыг зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

Өмнө нь Ш.Раднаасэд төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээрээ далайлган Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан буюу ЖДҮ-ийн сангаас 5 тэрбум төгрөг орчим зээл авсан гэгддэг. ЖДҮ-ийн сангаас зээл авсан 49 хүний нэр дунд түүний нэр орсон. Өдөр тутмын сонины Эрэн сурвалжлагч нэгдлийн 2020 онд гарсан нийтлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлтэй хэрхэн холбогддогийг та бүхэнд хүргэе. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг аж” хэмээн нэлээд дэлгэрэнгүй нийтлэл гарсан байдаг. Харин ЖДҮ-д холбогдсон гишүүдийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй замхарсан. Нэр холбогдсон хүмүүс өнөөдөр ч өөрийгөө “энхийн цагаан” тагтаа мэт ярьсаар л явна. Ямартай ч энэ удаа Ш.Раднаасэд гишүүний нүүрсний хэрэгт холбогдсон асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна.  

Ш.Раднаасэдийн хувьд хамгийн их өөрийгөө өмөөрч “Шаардлагатай бол би намаасаа гарч. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн” хэмээн том дуугарсан. Мөн “Нүүрсний жинхэнэ хулгайчдыг зарла. Чадахгүй бол бид тав маргааш нүүрсний жинхэнэ хулгайчдыг зарлана” хэмээн хэлсэн нь зүгээр ч нэг бухимдаад амнаасаа унагасан үг биш болов уу. Хоёр ч удаа парламентад сонгогдсон туршлагатай улстөрч сул үг унагахгүй нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр үүгээрээ намынхандаа “би тийм ч амархан бууж өгөхгүй шүү” гэсэн үг дайсан болов уу. Түүний хэлснээр УИХ-ын гишүүнээс татгалзах процесс тийм ч хурдан өрнөдөг зүйл биш. Энэ үг гишүүдийн зүгээр л “поп”-рох хэлбэр болж хувираад удаж байна.

Харин нэг зүйлийг анзаарвал ямартай ч тэд нүүрсний хулгайчдыг үнэхээр мэдэж байгаа бол үүнийгээ хэлэхгүй нууна гэдэг хуулийн хариуцлага хүлээлгэх хангалттай шалтгаан.

                                                                                                                                                                                         Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)