Хуульч Б.Мягмардорж: Сонсголын үеэр жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаг бус зөвхөн мэдэгдэл хүргүүлдэг байя гэсэн заалтыг хуулинд оруулах саналд нэгдсэн

Admin | 2022-01-07


Шинэ он гарахын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийн нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Цаг хугацааны хувьд иргэдийн амралт, Шинэ жилийн баяртай давхцуулан яаран сонсгол зохион байгууллаа хэмээн олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулсан билээ. Ингээд тус нийтийн сонсголд оролцсон хуульч Б.Мягмардоржтой ярилцлаа.

-Арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийн нийтийн сонсголыг зохион байгуулсан. Энэ үеэр таны асуултад холбогдох байгууллага хариулт өгөөгүй санагдаж байна?

-Би нэг санал хэлж, хоёр асуулт асуусан. Асуултууд нь цагдаагийн байгууллагын төлөөлөл, нийслэлийн захиргааны байгууллагын төлөөллөөс өгсөн тоон мэдээлэл болон бусад мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгаатай холбоотой байсан. Ийм учраас, 2020-2021 онд болсон нийт жагсаал, цуглаануудаас цагдаагийн байгууллага ямар шалгуураар зарим (ойролцоогоор 10 орчим хувь) жагсаал, цуглааныг нь зөрчил гэж үзсэн бэ гэдэг асуулт асуусан. Түүнчлэн, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны дарга “Цагдаагийн байгууллагаас нэг ч жагсаал, цуглааныг албадан тараагаагүй” гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотой “албадан тараах” гэдгийг цагдаагийн байгууллага, түүний ажилтнууд юу гэж ойлгодог болох талаар асуусан. Харамсалтай нь энэ хоёр асуулт дээр холбогдох төлөөллүүд тодорхой, яв цав хариулт өгөөгүй.

-Нэг санал нь юу байв?

-Сонсголын үеэр хэлсэн санал гэвэл нэгдүгээрт “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4-р заалтууд нь хууль тогтоогчид Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрсөн үндсэн эрхийг хязгаарлах нөхцөлийг хэтрүүлэх байдлаар иргэний үндсэн эрхийг зөрчсөн Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй зохицуулалт байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт гэж байдаг. Манай улс энэ пактад нэгдэн орсон, пактыг дагаж мөрдөх үүрэгтэй улс мөн. Харин НҮБ-ын Хүний эрхийн хорооноос тус пактын 21 дүгээр зүйл буюу тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхийн талаарх заалтыг тайлбарлахдаа энэ эрхийг цар тахлын үед ч эдлэх боломжтой байх ёстой гэдэг тайлбар гаргасан. Иймд энэ хоёр үндэслэлээр хууль тогтоогч холбогдох өөрчлөлтийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд оруулах ёстой гэж үзэж байгаа.

-Таны хэлснээр нийтийн сонсголын үеэр холбогдох төрийн байгууллагуудаас ирсэн тоон мэдээлэл зөрүүтэй байна гэж байсан. Тухайлбал, ямар мэдээлэл зөрүүтэй байсан бэ?

-ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн даргын өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүртгэлд 2020 онд нийт 255 жагсаал, цуглаан болсноос 23-ыг нь зөрчил гэж үзсэн. 2021 онд нийт 214 жагсаал, цуглаан болсноос 21-ийг нь зөрчил гэж үзсэн гэж мэдээлсэн. Гэтэл НЗДТГ-аас ирсэн төлөөлөл нь тэдний бүртгэлийн дагуу 2020 онд нийт 6, 2021 онд нийт 16 жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлт ирүүлснээс ихэнхэд нь татгалзсан хариу өгсөн гэж дурдсан. Өөрөөр хэлбэл 2020, 2021 онуудад болсон жагсаал, цуглаанууд бараг бүгд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлээгүй байхад цагдаагийн байгууллага өөрийн үзэмжээр, хуульд үндэслэсэн бус байдлаар ялгавартай хандаж зарим жагсаал, цуглааныг зөрчил гэж үзсэн нөхцөл байдал эндээс харагдаж байгаа юм. Ийм учраас би “Цагдаагийн байгууллага ямар шалгуураар зарим жагсаал, цуглааныг нь зөрчил гэж үзэж, бусдыг нь зөрчил гэж үзээгүй вэ?” гэж асуусан.

-Энэ талаар сонсголын үеэр тодорхой тайлбар өгсөн үү?

-Үгүй. Хамгийн гол нь ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга нь “Цагдаагийн байгууллага нэг ч жагсаал, цуглааныг албадан тараагаагүй” гэж маш хариуцлагагүйгээр худал мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа. Учир нь ЦЕГ-ын хуулийн хэлтсийн даргын мэдээлснээр 2020, 2021 онд тус бүр 23, 21 жагсаал, цуглаануудыг хууль бус буюу зөрчил гэж үзсэн гэж байгаа. Энэ жагсаалуудыг цагдаагийн байгууллага тараах арга хэмжээ аваагүй биш авсан. Мөн цагдаагийн байгууллагаас үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан хийж байсан иргэдийг хүч хэрэглэн тараасан, зогсоосон үйлдлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн илэрхий баримтууд байгаа гэж үзэж байна. Ийм учраас “Цагдаагийн байгууллага албадан тараах гэдгийг ямар агуулгаар ойлгож байгаа вэ?” гэдэг асуулт асуусан юм.

-Олон жагсаал, цуглааныг бүр хүч хэрэглэж тараасан шүү дээ. Одоо ч зарим нь шүүхээр явж л байна?

-Жагсаал, цуглаан хийх зөвшөөрлийг хаанаас, хэнээс авах талаарх зохицуулалт нь харьцангуй тодорхой байдаг. Гэтэл цар тахлын үед буюу гамшиг, аюулт үзэгдлийн хувьд жагсаал, цуглаан хийхийг хориглож болох байдлаар зохицуулчихсан байдаг. Энэ хязгаарлалт нь тус хуулийн 8.3, 8.4 заалтууд юм. Гэтэл Үндсэн хууль дээр энэ үндэслэлээр иргэдийн эвлэлдэн нэгдэх, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх буюу жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлаж болохыг зөвшөөрөөгүй. Нөгөөтэйгүүр дээр дурдсанчилан эрх бүхий байгууллагаас тайван замаар эвлэлдэн нэгдэх эрх буюу жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг цар тахлын үед ч эдлэх боломжтой байх ёстой гэдгийг тодорхой тайлбарласан. Мэдээж, цар тахалтай холбоотой тодорхой шаардлагууд тавигдаж болно. Гэтэл огт зохион байгуулж болохгүй байдлаар хязгаарлах нь буруу бөгөөд энэ нь олон улсын гэрээ, Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй юм.

-Энэхүү хуулиар хуулийн хүрээнд ямар зохицуулалтыг тодорхой тусгаад өгчихвөл нийтийн эрх ашгийн хувьд илүү наалдацтай болох бол?

-Миний бодлоор юун түрүүнд Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй дээр дурдсан хоёр заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн иргэд жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд заавал бүртгүүлэх байдлаар зөвшөөрөл авдаг. Ингэж зөвшөөрөл авахын тулд хамгийн багадаа 3 хоног, цаашлаад 30 хүртэл хоногийн шат, дамжлагатай байдаг нь иргэд эрхээ эдлэх боломжийг мөн л зүй бусаар хязгаарлаж буй явдал мөн. Харин энэ сонсголд орсон дийлэнх хүмүүс иргэд жагсаал, цуглаан хийх, зохион байгуулахын тулд бүртгүүлж зөвшөөрөл авдаг бус зөвхөн мэдэгдэл хүргүүлдэг байхад хангалттай гэсэн  өөрчлөлтийг хууль тогтоомжид оруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байсанд баяртай байна. Мэдээж үүнийгээ бодит ажил хэрэг болгож яг энэ өөрчлөлтөө холбогдох хуулинд нь оруулж өгөх нь л хамгийн чухал байна.

                                                                                                               Д.Даваасүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)