Бээжингийн өвлийн олимп ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ

Admin | 2022-01-05


Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр орон нутгийн цагаар 20:00 цагт Бээжин хотод нээлтээ хийнэ.

Ирэх хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болох өвлийн олимп халдвар, хамгааллын нарийн дэглэмийн дор болно. Бээжингийн олимпын зохион байгуулах хорооноос наадмын үеэр дагаж мөрдөх журмыг Үндэсний олимпын хороодод хүргүүлээд байна. Эдгээр журмаас танилцуулья.

ВАКЦИНЖУУЛАЛТ

  • Бүх тамирчид болон олимпын наадамд оролцогчид вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан бол БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа хаалттай менежментийн системд орно. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй бол Бээжин хотод ирсний дараа 21 хоногийн хатуу тусгаарлалтад орно.
  • Хэрэв тухайн тамирчин эмчилгээний зорилгоор вакцинаас чөлөөлөгдөх, түүнийг нотлох бичиг баримт байгаа бол асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын байгууллага, тухайн улс болон бүсийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бүх төрлийн вакциныг хүлээн зөвшөөрнө.

ХААЛТТАЙ МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

Олимпын наадмыг эрүүл, аюулгүй орчинд явуулахын тулд 2022 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн паралимпийн наадмыг дуусах хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 16-ныг дуустал хаалттай менежментийн систем хэрэгжүүлнэ. Энэхүү систем нь олимпын наадмын бүх холбогдох газрууд буюу нисэх онгоцны буудал, тээвэр, олимпын тосгон, хоолны газар, тэмцээн уралдааны талбай, нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа зэрэг бүхий л газарт үйлчилнэ.

Хаалттай системийн дагуу оролцогчид нь зөвхөн олимпын наадмын зөвшөөрөгдсөн газрууд буюу бэлтгэл, тэмцээний талбай болон ажлын хэсгүүдэд зөвшөөрөгдсөн албан ёсны унаагаар зорчих боломжтой. Энэхүү хаалттай системийн гадна байгаа хүн болон олон нийттэй ямар нэгэн харилцаанд орохгүй байна.

ҮЗЭГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД, ТАСАЛБАР

  • Ковид 19 цар тахлын эсрэг тавигдаж буй бүх шаардлагуудыг хангасан, зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж буй үзэгчдэд тасалбар борлуулна.
  • Үзэгчдэд тавигдах цар тахлын эсрэг шаардлагууд болон тасалбар борлуулах үйл ажиллагааны талаарх асуудлууд эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд жич мэдэгдэх болно.

ОРОЛЦОХ ЭРХИЙН МАНДАТ

  • ОУОХ болон “Бээжин-2022” Зохион байгуулах хорооноос олимпын наадмыг амжилттай явуулахын тулд бүхий л үйл ажиллагааг үнэлж, оновчтой болгохыг тодотгож байна. Оролцогч талууд энэхүү зарчмыг төлөвлөгөө болон төлөөлөгчдлийн бүрэлдэхүүндээ хэрэгжүүлэх болно.
  • Энэхүү зарчмын хүрээнд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс олимпын наадамд оролцогч эрх бүхий хүмүүсийг дагалдах зочингүй оролцох шийдвэр гаргав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)