Европын холбооноос орогнол хүссэн хүмүүсийн тоо жилийн дотор 64 хувиар өсчээ

Admin | 2023-03-24


Европын холбооноос орогнол хүссэн хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. 2022 онд Европын холбооны гишүүн 27 оронд 881 мянга 200 хүн орогнол хүссэн өргөдөл ирүүлсэн байна. Энэ тухай өчигдөр Люксембургт төвтэй Европын статистикийн товчоо (Евростат) мэдээлэв. Дээрх тоо бол нэг жилийн өмнөх үзүүлэлтээс 64 хувиар их тоо аж. 2021 онд 537.400 хүн өргөдөл өгч байжээ. Түүнчлэн Евростат 2015-2016 оны дүрвэгчдийн томоохон давлагааг сануулав. Тухайн үед жилийн дотор нэг саяас илүү хүн орогнол хүссэн.  

Ихэнх өргөдөл сири болон афганчуудаас ирсэн

2013 оноос хойш хугацаанд хамгийн их өргөдөл иргэний дайнд нэрвэгдсэн Сирийн иргэдээс иржээ. Сиричүүдээс ирсэн өргөдлийн тоо 132 мянгад хүрсэн нь Европын холбооноос орогнол хүсэгчдийн 15 хувийг бүрдүүлэв. Хоёрдугаар байрт Афганистан (13 хувь) орсон бол, араас нь Венесуэл болон Турк (тус бүр 6 хувь) жагсаж байна.

Орогнол хүсэгчдийн дөрөвний нэг нь (217.735) Германыг сонгов. Харин 16 хувь нь Франц, 13 хувь нь Испани, 12 хувь нь Австри, 9 хувь нь Италийг илүүд үзжээ. Өргөдлийн тоог тухайн улсын хүн амтай харьцуулж үзэхэд Кипр тэргүүлж, Австри болон Люксембург удаалав.

Үүнээс гадна Европын холбооны орнууд Украины 4.3 сая гаруй хүнийг хамгаалалтад авсан гэж Евростат тэмдэглэв. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу түрэмгийлэл эхэлснээс хойш олон сая украинчууд Европ руу дүрвэсэн аж. Украины иргэд Европын холбооноос орогнол хүсэх шаардлагагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)