Газар хөдлөлтөөс аврагдсан нярай хоёр сарын дараа ээжтэйгээ уулзжээ

Admin | 2023-04-03


Туркийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгын нуранги дороос аврагдсан нярай 54 хоногийн дараа ээжтэй учирсан тухай “Анадолу” агентлаг мэдээлэв. Эмч нар “Гизем” (Оньсого) хэмээн нэрлэж байсан гурван сар хагастай нярай хүү Ветин Бегдаш хоёрдугаар сарын 6-нд Хатай мужид болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр 128 цагийн дараа нуранги дороос эсэн мэнд олдсон билээ. Түүнийг шууд эмнэлэгт хүргэж,  эмч нар үзлэг хийхэд биед нь ямар ч гэмтэл, шарх байгаагүй бөгөөд эрүү гэдэг нь батлагдсаны дараа Анкара хотын эмнэлэг рүү шилжүүлжээ.   

Туркийн Гэр бүл болон нийгмийн үйлчилгээний сайд Дерья Янык нярайг түүний ээж болох Ясемин Бегдашийн эмчлүүлж байгаа Адана мужид аваачиж, эх хүүхдийг уулзуулжээ. Эх, хүүхдийн учрал маш сэтгэл хөдлөм болсон байна. Хүүхэд, эх хоёр мөн гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр нотолжээ. Хүүхдийн эцэг болон хоёр ах нь 50 мянган хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн гамшгийн үеэр нас баржээ. “Энэ нярай үнэхээр гайхамшиг. Түүний эсэн мэнд үлдсэн болон эрүүл саруул байгаад нь бүгдээрээ гайхаж баярласан. Энэ бол үнэхээр оньсого юм. Гизем одоо бидний ч хүүхэд. Ээжийг үр хүүхэдтэй нь уулзуулна гэдэг энэ хорвоогийн хамгийн эрхэм үйлсийн нэг. Бурхан тэдэнд урт удаан аз жаргалтай амьдрал бэлэглээсэй. Бие биенээсээ хэзээ ч бүү салаасай” хэмээн сайд онцлоод тэднийг тусалж дэмжих болно гэжээ.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)