Ази гаралтай улстөрчид Британид алдаршиж байна

Admin | 1 Жилийн өмнө


Шотландын Засгийн газрын тэргүүнээр өнгөрсөн мягмар гарагт 37 настай Хумза Юсаф сонгогдсоноор  тэрбээр Их Британийн өндөр албан тушаал хаших ази гаралтай ээлжит улстөрч боллоо. Их Британид өндөр алба хашдаг Ази гаралтай улстөрчдийг танилцуулж байна.  

Шотландын хамгийн залуу сайд

Глазгод төрж өссөн Хумза Юсаф 1999 онд Шотландын парламент байгуулагдсанаас хойших хамгийн залуу сайд төдийгүй уг албыг хашсан анхны исламын шашинтан болсон.

Хумза Юсафын эцэг Пакистанаас Шотландад 1962 онд нүүж иржээ. Улстөрч өөрөө долоон жилийн дотор намын энгийн гишүүнээс Шотландын Засгийн газрын Олон улсын хөгжлийн сайд хүртлээ дэвшсэн.

“Бид өнөөдөр арьсны өнгө эсвэл шашны үзэл бодол бидний “гэр” хэмээн нэрлэдэг улсыг удирдахад ямар ч саад болохгүй гэдгийг тодорхой харуулж чадсанаараа бахархах ёстой” гэж Шотландын Ерөнхий сайдаар сонгогдсон Хумза Юсаф хэлж байна.  

Хумза Юсаф Глазгод хувийн дунд сургууль төгссөний дараа орон нутгийн их сургуульд элсэн оржээ. Нэмж хэлэхэд, уг сургуульд Шотландын лейбористуудын удирдагч, 40 настай Анас Сарвар мөн суралцсан аж. Анас Сарварын эцэг мөн Пакистанаас гаралтай, исламын шашинтан. Тэрбээр 1976 онд Шотланд руу нүүж, Их Британийн парламентад сонгогдсон анхны исламын шашинтан аж. Анас Сарвар 2010 онд шүдний эмчийн ажлаасаа татгалзаж, улстөрч болохоор шийдвэрлэсэн. Тухайн жилд Британийн парламентийн гишүүнээр сонгогдсон ба 11 жилийн дараа Шотландын лейбористуудын удирдагч болж чадсан.  

Их Бритианийн Ерөнхий сайд Риши Сунак  

Ерөнхий сайд, Лондон хотын дарга, Дотоод хэргийн сайд болон Шотландын лейбористуудын удирдагчид Будант Альбионд илүү сайхан амьдралыг хайж ирсэн Ази цагаачдын хүүхдүүд. Хумза Юсаф болон Анас Сарварын эцэг эх боловсролын үнэ цэнийг ойлгож, хүүхдүүдээ хувийн сургуульд явуулахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ч элитийн боловсролын тухай ярихаас айдаггүй хүмүүсийн нэг. “Миний эцэг эх намайг сайн сургуульд явуулахын төлөө олон зүйлийг золиослосон” гэж Р.Сунак ярьжээ.  

Риши Сунакын эцэг эх Энэтхэг гаралтай бөгөөд Их Британид Зүүн Африкаас нүүж ирсэн. Улстөрч өөрөө 1980 онд Саутгемптон хотод төрсөн, аав нь эмч, харин ээж нь эмийн сайн ажиллуулдаг байв. Риши Сунак элитийн Винчестер коллежийн хувийн сургуульд суралцжээ. Дараа нь Оксфордын их сургуульд элсэж, тэнд философи, улс төр болон эдийн засгийн ухааныг эзэмшсэн аж. Тэрбээр Энэтхэгийн тэрбумтны охин, томоохон “Infosys” компанийг үүсгэн байгуулагч Акшата Муртитэй гэрлэсэн. Р.Сунак 2001-2004 онд “Goldman Sachs”-т шинжээчээр ажиллажээ. Дараа нь хоёр ч сангийн түнш болсон. 2015 онд Их Британийн парламентын гишүүнээр сонгогдож, харин 2020 оны хоёрдугаар сард Сангийн сайдаар томилогдож байв. Ковид-19-ийн цар тахлын үеэр Их Британи улсын эдийн засгийг удирдсан.  

Риши Сунак Ерөнхий сайдын албыг 2022 оны аравдугаар сард эдийн засаг хамгийн хэцүү хүнд байх үед хүлээж авч байв. Тухайн үед Их Британид инфляци 1981 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн аж.

Дотоод хэргийн сайд Суэлла Браверман

Их Британийн Дотоод хэргийн сайд, 43 настай Суэлла Браверман ч хувийн сургуульд явсан ч, сургалтын төлбөрөө боловсролынхоо ачаар өөрийнхөө тэтгэлгээр нөхсөн байна. Түүний ээж тамиль гаралтай энэтхэг, харин эцэг нь Гоа нутгаас ирсэн христиан шашинтан аж. Тэдний гэр бүл 1960-аад онд Маврикий болон Кениэс Их Британид нүүж иржээ.

С.Браверманы улс төрийн замнал 2015 онд эхэлсэн бөгөөд Консерватив намаас парламентад сонгогдож, Их Британийг Европын холбооноос гаргахыг дэмжсэн байна. 2020 онд Борис Жонсон С.Браверманыг Ерөнхий прокуророор томилж, харин өнгөрсөн оны аравдугаар сард Дотоод хэргийн сайд болсон. Өөрийнхөө гарал үүслийг үл харгалзан, Свелла Браверман цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримталдгаараа алдартай.   

Лондоны мэр Садик Хан

Лондон хотын дарга, 52 настай Садик Хан энэ удаа дурдсан таван улстөрчийн дотроос хувийн сургуульд яваагүй ганц хүн. Тэрбээр Их Британийн нийслэлд төрсөн бөгөөд эцэг эх нь Аманулла ба Серхун нар 1968 онд Пакистанаас нүүж иржээ.

Садик Хан 2016 онд Лондон хотын даргаар сонгогдсон анхны ислам шашинтай улстөрч болсон. Сургуульд байхдаа улс төр сонирхож, 15 настайдаа Лейборист намд гишүүнээр элссэн байна. 2005 онд Садик Хан парламентын сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Тэр жил парламентад сонгогдсон цөөнхийн төлөөлөл таван төлөөлөгчийн нэг болж ялалт байгуулсан аж. 2009 онд Садик Хан Лейбористуудын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллажээ. Риши Сунак, Анас Сарвар, Суэлла Браверман болон Хумза Юсафын эцэг эх дундаж давхаргын төлөөлөл байсан бол Садик Ханы аав ээж ажилчин ангиас гаралтай. Түүний эцэг автобусын жолооч, харин ээж нь оёдолчин байв.    

Дээрх улстөрчид хүүхэд байхдаа арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан ч, өөрсдийн үндэснийхээ уламжлалаар хүмүүжсэн. 2019 онд ВВС-д ярилцлага өгөхдөө Риши Сунак “Соёлын боловсролын тухай ярихад, амралтын өдрөөр сүмд очдог, яагаад гэвэл би энэтхэг хүн. Гэхдээ бямба гарагт хөлбөмбөгийн тэмцээнд очдог байсан” гэжээ.

2011 онд Шотландын парламентад сонгогдсоны дараа, Пакистаны үндэсний хувцсыг өмссөн Хумза Юсуф англи хэлээр, дараа нь урду хэлээр тангараг өргөж, өөрийнхөө гарал үүслийг онцолж байв. Суэлла Браверман ч депутатаар сонгогдохдоо Буддын номыг гартаа барьж, тангараг өргөсөн. Анас Сарвар, Хумза Юсуф болон Садик Ханы эцэг эх ч гэсэн тэднийг исламын шашныг дээдлэхийг сургасан. Парламентын гишүүний хувиар хэлсэн анхны үгэндээ Садик Хан аав нь зөнч Мухаммедийн сургаалийг заасныг дурсаж байв.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)