ЙЕНС СТОЛТЕНБЕРГ: Украинд шаардлагатай дэмжлэгийг үзүүлсээр байх болно

Admin | 2023-04-06


Умард Атлантын цэргийн эвслийн (НАТО) ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Настоящее время" телевизд өгсөн ярилцлагандаа “Украиныг дэмжихийн тулд зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” хэмээв. “Учир нь үүнийг хийх маш чухал. В.Путин ялбал, Украины хувьд эмгэнэл болно. В.Путины ялалт НАТО-гийн хувьд ч аюултай. Тиймээс холбоотнуудад хэлэх үг маань, аюулгүй байдлын төлөө бид Украиныг дэмжих ёстой. Бид Ерөнхийлөгч В.Путинд Украин ялагдахгүй гэдгийг нотлох хэрэгтэй” гэж тэрбээр онцолжээ. “Настоящее время” телевизийн Йенс Столтенбергтэй хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.   

-Одоо дайны фронтын гол талбар болж байгаа Бахмут болон Авдеевка дахь нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх үү. Тулалдаан Орос болон Украины цэрэгт хэрхэн нөлөөлж байна?

-Юуны өмнө Украины цэргийн мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, шийдвэр гаргах түвшин зэрэг нь намайг гайхашруулсан. Тэд бүх дэлхийг гайхашрууллаа. Харин Оросын армийн сэтгэл санаа тааруу, бэлтгэл сул, техник хэрэгсэл нь хуучирч байгааг бид харсан. Оросын цэргийн удирдагчид олон ажиллагаанд өөрсдийгөө харуулж чадаагүй.     

Нөгөө талаас, Оросын цэрэг чанарын хувьд хангалтгүй байгаа тул, хүний тоогоор илүүрхэхийг хичээж байна. Тиймээс тэд бэлтгэл муутай олон мянган хүнийг дайны фронт руу илгээлээ. Энэ нь Украйны армид ч бас хохирол учруулж болзошгүй. Украинтай харьцуулахад Орос чанартай зэвсэг болон оновчтой удирдлага байхгүйн улмаас олон цэргээ алдаж байгаа. Гэхдээ бид Оросыг үл тоомсорлож болохгүй. Учир нь тэд олон мянган хүнийг фронтод явуулахад бэлэн гэдгээ харуулсан. Тиймээс бид Украиныг дэмжиж, Украинд газар нутгаа чөлөөлөхөд нь тусалж, Оросын түрэмгийллийг няцаах ёстой.

-Украин энэ хавар сөрөг довтолгоо хийхээр төлөвлөж байна. Үүнээс ямар үр дүн хүлээж болох вэ. Украины арми сөрөг довтолгоо хийх чадвартай юу, хангалттай зэвсэг бий юү?

-Дайныг урьдчилан тааварлах боломжгүй. Дайн хэзээ дуусахыг, энэ жил яаж өрнөхийг хэн ч хэлж чадахгүй. Сөрөг довтолгоог эхлүүлэх тухай шийдвэрийг нөхцөл байдлыг сайн мэдэж буй украинчууд гаргах ёстой. НАТО-гийн хариуцах зүйл бол сөрөг довтолгоонд шаардлагатай зэр зэвсгийг Украинд өгөх, тэдэнд дэмжлэг үзүүлэх болон цэргийнхийг шинэ зэвсэгт сургах.

Мөн Украин хэлэлцээрийн явцад ямар болзол хүлээж авахаа өөрсдөө шийднэ. Дайны фронтын үр дүн ч хэлэлцээрийн ширээний ард харагдана. Тиймээс Украин улс маргааш тусгаар тогтносон улсын хувьд хэлэлцээрт ч хүссэндээ хүрэхийн тулд бид өнөөдөр цэргийн тусламж үзүүлэх ёстой.  

-Украин цэргийн хүчээр Крымийг чөлөөлж чадах уу. Украин Крымийг буцааж авах тухай шийдвэр гаргавал НАТО дэмжих үү?

-Бид Украинд хэчнээн тусламж хэрэгтэй болно, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Украины газар нутгийг хамгаалах эрхийг нь дэмжиж байна. Уг эрх НҮБ-ын тогтоолд тусгасан. Одоо бидний харж байгаа зүйл бол Украины эсрэг түрэмгийллийн дайн. Тиймээс Украин өөрсдийн газар нутгаа хамгаална гэвэл бид дэмжих болно. Шаардлагатай дэмжлэгийг үзүүлсээр байх болно.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)