Кубыг 60 жил удирдсан Фидель ба Рауль Кастро

Admin | 1 Жилийн өмнө


Арлын Куба оронд Кастрогийн эрин үе дуусгавар болоод хэдхэн жил болж байна. Хоёр жилийн Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро албан тушаалаа орхиж буйгаа зарласан. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрийн эрх мэдлээс хөндийрч эхэлсэн. Тэр үед төрийн тэргүүний суудалд 1959 оноос хойш анх удаа өөр овогтой, Кубын хувьсгалаас хойш төрсөн Мигель Диас-Канель суусан аж. 60 жилийн турш социализмаар замнасан эрх чөлөөний аралд эдийн засгийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Рауль Кастрогийн үеэс Кубын амьдрал өөрчлөгдөж эхлэв. Интернет бий болж, Кубачууд гар утас худалдаж авахыг, жижиг бизнес эрхлэхийг, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдаж авахыг зөвшөөрчээ.

Коммунистуудын удирдагч Рауль намын даргын албан тушаалаас татгалзсанаар Кубад Кастрогийн эрин үе дууссан аж. Рауль болон түүний ах Фидель Кастро нар Кубын төрийн эрх мэдлийг 60-аас илүү жил атгасан. Тэд хувьсгал хийж, Маркс, Лениний замналаар Эрх чөлөөний арал дээр дарангуйллын социализмыг байгуулав. ЗХУ-тай нөхөрлөж, АНУ-тай дайтсан.

Хувьсгал хийсэн ах дүү

“Намайг ялла, түүх намайг зөвтгөх болно” хэмээн хуулийн чиглэлээр төгссөн 28 настай Фидель Кастро өөрийнхөө үгээ дуусгав. Түүнийг дүү Рауль болон бусад олон арван хүний хамт улс төрийн хүчирхийлэл хийхийг завдсан хэмээн буруутгаж, шүүж байсан аж. Тэднийг цэргийн хуаран руу дайрсан, төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн үзжээ. Тэгэхэд 1953 онд Фидель Кастро зүгээр нэг Латин Америкийн олон хувьсгалчдын нэг байв. Харин түүнээс хойш хэдэн жил өнгөрсний дараа тэрээр дэлхийн зүүнтний хөдөлгөөний жинхэнэ шүтээн болсон. Түүний тэсрэх бөмбөгөөр дүүрэн мэт хэлсэн үг нь марксист хэвлэл мэдээллийн жинхэнэ сонгодог загвар болж эхэлсэн аж. Ах дүү Кастро хувьсгал хийхийг оролдсоныхоо төлөө олон жилийн ял авсан. Гэвч хоёр жилийн дараа өршөөлөөр суллагдаж, эх орноосоо дүрвэсэн. Хоёр жилийн дараа эх орондоо эргэж ирэн Аргентины коммунист Эрнесто Че Геваратай нийлж Кубын төрийн тэргүүн Фульхенсио Батистагийн дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлж­лүүлэв.

Тэр жилүүдэд олон хүн хувьсгалын үзэл санаанд эргэлздэг байлаа. Учир нь Батистагийн удирдлага дор Куба улс Америкийн хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулна. АНУ-ын бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол Кубын эдийн засгийн бараг бүх чухал салбарт тэргүүлэх чиглэл хэвээр байв. Тэд чихрийн нишингийн тариалангийн талбай болон барилгын компанийг эзэмшиж, төмөрлөгийн үйлдвэр, төмөр зам, уул уурхай, банк, эрчим хүч гээд бараг бүх салбарт хяналтаа тогтоосон. Америкийн хөрөнгийг шахах нь Кубын иргэдийн хувьд амьжиргаагаа дээшлүүлэх боломж мэт харагдана. Тухайн үед Латин Америкийн орнуудад түгээмэл үзэгдэл байсан. Эрх баригчдад дургүйцэх явдал улам бүр нэмэгдсэн. Иргэд төр засагт дургүйцэж, тэгш бус байдлыг үзэн ядаж, гадаадынхны нөлөөнөөс гарахыг хүсдэг болжээ. Үүнтэй зэрэгцэн далд эдийн засаг цэцэглэн хөгжиж байв. Кубын эрх баригчид Америкийн мафийнхантай холбогдох болов. Гэмт бүлэглэлийн удирдагчид төрийн тэргүүнд бараалхаж, орон нутгийн түншүүдтэйгээ холбоо тогтоолоо. Эрх чөлөөний аралд уулзалт зохион байгуулж, боомтуудыг хар тамхины наймааны төв болгон ашиглаж байжээ. Мафийнхан Гавана хотод тансаг зэрэглэлийн казино болон зочид буудал байгуулж, үүний хажуугаар биеэ үнэлэх явдал цэцэглэн хөгжсөн. Төрийн тэргүүн Фульхенсио Баттиста 1952 онд ард түмний дунд нэр хүндээ бүрмөсөн алдав. Сонгуульд ялагдал хүлээж, төрийн эрхийг хүчээр барьж байв. Тэрээр сонгууль болон Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад ардчилсан институцийг хүчингүй болгожээ. Баттистатай зөвхөн социалистууд төдийгүй Кастрогоос өөр партизаны дайнд дахин хоёр том хувьсгалчдын бүлэг тэмцэж байв. Гэхдээ 1959 онд Гаванаг эзэлж хувьсгалын ялалтыг тунхагласан нь Кастрогийн цэргүүд байв.

Коммунизмын арал

Марксистууд багаасаа Кубын хувьсгалын удирдагчийг сонир­хож байсан. Харин түүний эргэн тойронд зүүнтнүүд олноор эргэл­дэнэ. Ганц Че Гевараг хэлэхэд хангалттай. Эхэндээ Кубын шинэ дэглэм коммунист харагдсангүй, тийм биш байсан. “Шинэ дэглэмийг нийгэм өргөнөөр дэмжиж байгаа нь тодорхой байв. Үндсэн хуулийн тогтолцоонд шилжиж, чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гэж Кастро өөрөө тунхагласан” хэмээн 1959 онд Кубад байсан Америкийн дипломат Филипп Бонсал дурсжээ. Хамгийн ойр хөрш тухайн үед бараг Кубыг эзэмшиж байсан АНУ-тай эхэндээ их сайн харилцаатай байв. Кастро олон нийтийн өмнө үг хэлэхдээ Америкийн империалистуудыг хурцаар шүүмжилдэг байсан ч тэдэнтэй харьцахдаа илүү дипломат аргаар харилцдаг байсан. Фидель Вашингтонд айлчилж, америкчуудын сэтгэл санааг тайвшрууллаа. Тэдэнтэй шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхийг зорьсон. Гэхдээ хэдэн сарын дараа АНУ хуурмаг зүйлээс салахаар болжээ.

Кубын шинэ төрийн тэргүүн гол сонгогчид болох ажилгүйчүүд, тариаланчид, зүүний сэхээтнүүдийг сонсдог болж таарав. Мөн оюутнуудад коммунизмын үзэл санааг суулгахыг хичээнэ. Тэрээр Баттистагийн устгасан ардчиллыг сэргээсэнгүй. Америкийн пүүс компаниудыг улсын болгож эхэллээ. Эдийн засгийн арга хэмжээ, улс төрийн хэлмэгдүүлэлт зэрэг нь Зөвлөлтийнхтэй маш төстэй болжээ. Үүнээс болж Кастротой хамт тэмцэж явсан олон хувьсгалчид шинэ эрх баригчдын эсрэг тэмцлээ эхлүүлэв. Баривчилж, устгаж амжаагүй хүмүүс уул руу зугтлаа. Тэдний партизаны дайн шинэ Засгийн газрын социалист эргэлттэй бараг нэгэн зэрэг эхэлж хэдэн жил үргэлжилсэн аж. 1960 онд Кастрогийн дэглэм Америкийн нэг тэрбум ам.долларын хөрөнгийг хураажээ. Тэр үед олон мянган кубачууд эх орноосоо дүрвэхэд хүрсэн байна. Газрын эзэд, бизнес эрхлэгчид, эмч, хуульч, оюутан болон бусад боломжийн хүмүүс Кастрогийн дарангуйллаас зугтжээ. Кубээс зугтсан хүмүүсийн ихэнх нь АНУ-ын Флорида муж улсад суурьшсан. Флорида Эрх чөлөөний арлаас ердөө 150 км-ын зайтай аж. Америкийн зүүн эргийн ойролцоо Зөвлөлт холбоот улсын шинэ холбоотон бий болов. Куба улс ЗХУ-тай харилцаагаа бэхжүүлж, цэргийн техник, зэр зэвсэг худалдан авч, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс туршлага эзэмшиж эхэллээ. Үүний хариу болгож Вашингтон Гаванатай дипломат харилцаагаа тасалж, чухал салбаруудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа. 1960 онд Америкийн Тагнуулын төв газар Фидель Кастрогийн амийг хороох анхны оролдлогыг хийсэн. Зарим мэдээллээр, орон нутгийн гэмт хэргийн төлөөлөгчдийг үйл ажиллагаанд оролцуулахыг ТТГ зорьж байсан гэдэг. Кубын шинэ дэглэм унахыг зөвхөн Вашингтон төдийгүй ууланд бүгсэн Кастрогийн хуучин холбоотнууд хүлээж байв. АНУ-ын тусламжийг ашиглахад бэлэн байгаа цагаачдын олонх нь Фиделийг унагах ажилд оролцохыг мөрөөддөг байсан. Гэвч тэд Кубад засгийн эрхийг гартаа авсан мэргэжлийн хувьсгалчдаас ялгаатай нь ихэнх нь дайн, байлдааны ур чадваргүй аж. Тиймээс Тагнуулын төв газар АНУ-ын хяналтад байгаа Гватемалд сургалтын бааз байгуулсан байна. Тэнд эсэргүүцэгчдийг зэвсэгт тэмцэлд сургаж байв. Гэхдээ Америкийн бэлтгэсэн 1500 хүн долоон сая хүн амтай эрх чөлөөний аралд төрийн эргэлт хийхэд хүрэлцсэнгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахаас татгалзав. Гэхдээ Америкийн агаарын цэргийн хүчин босогчдод дэмжлэг үзүүлж, Кубын армийг бөмбөгдсөн. Үүнийг нуух боломж байгаагүй. Куба довтолгоог няцааж чадав. Америкуудын 53 сая ам.доллар зарлагадсан ажиллагаа бүтэлгүйтжээ. Кастрогийн ЗХУ-ын талыг баримталсан бодлогыг НҮБ-ын гишүүн 40 улс буруушаалаа. Үүний дараа Фидель Кастро өөрийгөө “Марксист-ленинист” гэдгээ нээлттэй зарлан тунхаглав. Арал дээр цөмийн хошуутай Зөвлөлтийн пуужингуудыг байрлуулахаар тохиролцсон аж.

ЗХУ-тай байгуулсан цөмийн хамтын ажиллагаа нь Кастрогийн урмыг бас хугалж байв. Хоёр их гүрэн жинхэнэ цөмийн дайнд урьд өмнөхөөс илүү ойр байсан нөхцөлд тэрээр үнэнч гэдгээ харуулсан. Гэхдээ Жон Кеннеди болон ЗХУ-ын төрийн тэргүүн Никита Хрущев нар түүний оролцоогүйгээр Карибын хямралаас хэрхэн гарахаа шийдвэрлэв. Гэсэн хэдий ч энэ нь ах дүүгийн харилцааг сүйтгэж чадаагүй. Куба улс 40 гаруй жилийн хугацаанд Зөвлөлтийн материаллаг тусламжийг байнгын хүлээн авагч болж, харин Фидель Зөвлөлтийн гадаад дахь коммунизмын гол баатраар өргөмжлөгдсөн. Тэрээр энэхүү статустаа бүрэн эзэн болж, гадаад бодлогодоо Москвагийн үнэнч холбоотон хэвээр үлдсэн аж. Түүнчлэн 1968 онд Чехийн нийслэл Прага хотод болсон бослогыг хүчээр дарахыг Гавана дэмжиж, түүний дараа барууны орнуудын зүүнтнүүд Фидель Кастрод итгэл алдарсан. 1975 онд Куба социалист эсвэл дэх холбоотнуудаа дэмжиж, Ангол дахь иргэний дайнд оролцов. Тийшээ улаан африкчуудыг дэмжихээр 30 мянган цэргээ илгээсэн. Фидель Кастро Кубын дотоод улс төрд мөн “том ах”-ынхаа бодлогыг явуулж байв. Түүний хэлмэгдүүлэлтийг ЗХУ-ын И.Сталины явуулсан бодлоготой харьцуулж болно. 1965 онд хорих ангиудад 20 мянга гаруй хүн нас барсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн. 1980-аад онд Кубад байдаг гадаадын Элчин сайдын яамдууд тус улсаас явах хүсэлтэй иргэдийн хөлд дарагджээ. Кастро ЗХУ-ын жишээгээр зургаан сарын хугацаанд цагаачлах боломжийг нээсэн. Тэгэхэд Эрх чөлөөний арлаас хэдхэн сарын дотор 120 мянга гаруй хүн дүрвэсэн байна. 1980-аад оны эцсээр дэлхий дахинд байдал өөрчлөгдөж эхэлсэн. 1991 онд Зөвлөлт холбоот улс задран унахад Фидель нэлээд хөгширсөн 65 настай байсан бөгөөд залгамж халаагаа бодох цаг нэгэнт болжээ. Хамгийн сайн үнэнч нөхөр хажууд байв.

Шинэ хуучин Кастро

Рауль Кастро олон жилийн турш Кубын “хоёрдугаар хүн” байв. Тэрээр олон жилийн турш ахынхаа сүүдэрт дарагдаж, бараг 50 гаруй жил Хувьсгалт зэвсэгт хүчний сайдаар ажилласан. Мөн 30 орчим жил Фиделийн нэгдүгээр орлогчийн албыг хашжээ. Чухамхүү тэрээр 2006 оноос улсыг удирдаж эхэлсэн. Эрүүл мэнд нь муудаж эхэлсний улмаас ах Кастро эрх мэдлээ Раульд түр шилжүүлэв. Харин 2008 онд Фидель ажлаа бүрмөсөн орхиж, дүү нь Кубын жинхэнэ удирдагч болсон аж. Раул Кастро Эрх чөлөөний аралд удаан хүлээгдэж байсан эдийн засгийн өөрчлөлтийг авчирсан. Куба улс дэлхийн зах зээлийн орон зайд нэвтрэх болсон нь түүнтэй холбоотой. Бага Кастрогийн эдийн засгийн хамгийн эхний шинэчлэл нь аялал жуулчлалын салбар байв.

Кубачуудын аялал жуулчлалын газруудад нэвтрэх эрхийг хязгаарладаг байсныг цуцалсан. Тэднийг ямар зочид буудалд өрөө түрээслэхийг зөвшөөрөв. Амралтын газар очих, аялж зугалаах, гадаадынхантай хамт аялах гээд бүгдийг нээлттэй болголоо. Арлын оршин суугчид гар утас барих болж, интернэтэд холбогдов. Өмнө нь утас тавиулахын тулд заавал тусгай зөвшөөрөл авах ёстой байсан. Түүнээс гадна хувийн өмчтэй болох эрх нь нээгдэж, иргэд үл хөдлөх хөрөнгөө тодорхой хязгаартайгаар худалдах, худалдаж авах боломжтой боллоо. Мөн автомашин худалдаж авах, худалдах хязгаарлалтыг аажмаар арилгасан. Нэмж дурдахад бага Кастро улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх ажлыг тогтмол явуулж байсан.

2011 онд Рауль Кастро Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдов. Тэр үед улс орны цаашдын хөгжлийн шинэ хөтөлбөрийг баталж, улс орны эдийн засгийн загварыг шинэчлэхийг тусгасан байв. Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг картаар тараадаг явдлыг зогсоож, хувийн хэвшил үйлдвэрлэлийг өргөжүүлжээ. Рауль Кастро эрх барьсан 10 жилд хувийн үйлдвэр эрхлэгчдийн тоо бараг дөрөв дахин нэмэгдэв. 2007 онд 150 мянган хувиараа аж ахуй эрхлэгч байсан бол энэ тоо 2017 онд 570 мянгад хүрсэн байна. Кубын эдийн засгийн нэг том шинэчлэл гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн. Үүний тулд 2014 онд гадаадын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, хөрөнгийг нь орон нутгийн эрх баригчид хураахгүй байх баталгаа өгсөн. Гадаадынханд эрүүл мэнд, боловсролоос бусад эдийн засгийн бүх салбарт хөрөнгө оруулахыг зөвшөөрчээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, зэвсэгт хүчин, цагдаагийн байгуул­лагатай хамтарч ажиллахыг нь эрс хориглосон. Түүнээс гадна Гавана хотоос 45 км-ын зайд далайн эрэгт Мариэль эдийн засгийн чөлөөт бүсийг байгууллаа. Энэ бүгд аажмаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг баталгаажуулсан аж. Бас нэг чухал өөрчлөлт бол иргэдийн шилжих, цагаачлалын асуудлын шинэчлэл хийв. Кубачуудыг заавал тусгай зөвшөөрөлгүйгээр арлаас гарахыг зөвшөөрсөн. Гадаад паспорттай болгож, иргэд 11-ээс 24 сарын хугацаатай гадаад улс орон руу явах боломжтой болов. Гэсэн хэдий ч нийгмийн ач холбогдолтой мэргэжлийн төлөөлөгчдийн аялал хязгаарлагдмал хэвээр. Үүнд, эмч, багш, инженер, тамирчин эрэг багтана. Рауль Кастрогийн үед бас нэгэн чухал үйл явдал болсон. Олон жил дайсагнасан АНУ-тай дипломат харилцаагаа сэргээсэн. Америкийн 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама “Кубын фронтод” амжилт олоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Б.Обама болон Рауль Кастро утсаар ярилцаж, дараа нь уулзсан. АНУ-ын төрийн тэргүүн Куба улсад айлчилсан аж. Кубын эсрэг авсан эдийн засгийн арга хэмжээг зөөллөж эхлэв. Америкчуудыг Эрх чөлөөний аралд аялахыг зөвшөөрснөөр валютын урсгал нэмэгджээ. Вашингтон мөн тус улсыг терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас хасав.

Ах дүү Кастрогийн залгамжлагчаар Мигель Диас-Канель тодров

Фидель Кастро 2016 оны арван­нэгдүгээр сарын 25-нд нас барлаа. Рауль ах шигээ улс орныг хагас зуун удирдахыг хүссэнгүй. Тэгээд ч тэрбээр ахаасаа таван насаар дүү. Тэрбээр бүрэн эрхийн хугацааг арван жилээр хязгаарлах санал гаргаж, дараа нь хэд хэдэн өөрчлөлт орууллаа. Кубын удирдагчаар 60-аас дээш насны, Коммунист намын даргаар 70-аас дээш насны хүнийг сонгохгүй байхаар хуульчлав. Рауль Кастро одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс улс орны удирдлагыг шилжүүлж эхэлсэн. Кубын төрийн тэргүүнээр түүний орлогч Мигель Диас-Канель томилогджээ. Харин Рауль өөрөө Коммунист намын даргаар үлдсэн аж.

Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон Кубын Коммунист намын VIII их хурлын нээлтэд үг хэлэхдээ 89 настай Рауль Кастро нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлаа өгч буйгаа зарласан. Их хурлын дөрөв дэх өдөр намын шинэ даргад санал хурааж, Ерөнхийлөгчийг Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгожээ. Диас-Канель 1959 оноос хойш анх удаа Кубыг удирдаж байгаа Кастрогоос өөр овогтой хүн. Тэгээд ч тэрбээр Кубын хувьсгалын дараа төрсөн хүн. Рауль Кастро төрийн эрхийг барьж байсан сүүлийн жилүүдэд төрийн бодлогодоо нэлээд тууштай, болгоомжтой хандсан. Мөн эрх мэдлийг шилжүүлэх тухай байнга онцолдог байв.

Диас-Канелиэс улс төрийн системийг шинэчилнэ гэж найдах хэрэггүй хэмээн шинжээчид үзэж байна. Нэг намын засаглал улс оронд удаан хугацаанд хадгалагдах болно. Гэхдээ тэрбээр эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээр шийджээ.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)