Гадуурхлыг зогсоох гарц бол дохионы хэл юм

Admin | 2021-12-02


ГАДУУРХЛЫГ ЗОГСООХ ГАРЦ БОЛ ДОХИОНЫ ХЭЛ ЮМ

Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” билээМонгол улсад нийт 108399 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгаа гарчээТэд ямар нэг байдлаар эрүүл мэндболовсролхөдөлмөр эрхлэлт, өдөр тутмын нийгмийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүртээмжтэй авч чадахгүй байсаар ирсэн нь үнэн. Гэтэл Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.1-дХөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих” хэмээн заасан байдаг нь тунхаг төдий байсаар л байна

Үүний тод жишээ болгож сонсголгүй иргэдийн асуудлыг энэ удаа хөндлөө. 

“Бид сонсохоос бусдыг хийж чадна” энэ бол дэлхийн сонсголгүй иргэдийн уриа юм. Жирийн хүнтэй адил сэтгэж бодох оюун тархи, хүсч тэмүүлэх зүрх сэтгэл, ажиллаж хөдөлмөрлөх гар хөл, алсыг харах хурц хараатай тэднийг бие даасан эх хэл, соёл, харилцааны өвөрмөц хэв маягтай, нийгэмд эрх тэгш оролцох бүрэн чадвартай, нийгмийн цөөнх гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд удаж байна.

Гэтэл бид сонсголгүй иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр хязгаарлан, тэдний олон эрхийг зөрчиж байгаагын хамгийн ноцтой нь тэдний эх хэл болох дохионы хэлээр ярих, нийгмийн харилцаанд орох үндсэн эрхийг нь  боогдуулж байгаа явдал юм. Уул нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний ЭХ ХЭЛ мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ НИЙГМИЙН БҮХИЙ Л ХАРИЛЦААНД оролцох эрхтэй” гэж заасан байдаг.

Харамсалтай нь өнөөдөр энэ заалттай холбоотой стандарт, дүрэм  журам байхгүй тул дохионы хэлний хэрэглээ тунхаг төдий байсаар сонсголгүй иргэдийн эрх өдөр тутамдаа зөрчигдсөөр байна.

Сонсголгүй иргэд ихэнхдээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа, эсвэл цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хэл нэвтрэлцэхгүйн улмаас эрх нь зөрчигддөг байна. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцоод явж буй иргэдийг хараад энэ сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй юм байна гэж шууд таних боломжгүй.  Ихэвчлэн замын хөдөлгөөнд оролцоод явж байхад нь замын цагдаа зогсоогоод үнэмлэх, бичиг баримтыг нь шалгаад баахан дүрэм хэлээд шууд торгуулийн хуудас биччихдэг гэнэ. Харамсалтай нь өнөөх цагдаагийн хэлж буй зүйлийг жолооч сонсохгүйгээс гадна хэлж тайлбарлах ямар ч боломжгүй. Эв хавгүй дуугарвал бараг согтуу, эсвэл өмнөөс эсэргүүцэж уурлалаа гээд бүр асуудал хүндэрнэ.

Сонсголгүй иргэнийг согтуу хэмээн Эрүүлжүүлэхэд хорьсон тохиолдол гарчээ 

Бас нэг жишээ болох тохиолдол Баянзүрх дүүрэгт гарсан байна. Шөнө ажлаа тараад явж байсан иргэн Б-г цагдаа согтуу байна гээд хорьсон тохиолдол гарчээ. Согтуу биш гэдгээ эв хавгүйхэн орилох мэт авиа гарган ойлгуулахыг  оролдсон ч мөнөөх цагдаа “Чи дуугүй байхгүй бол дэмий юм болно шүү...ээрч муураад шал согтуу” гээд хүчтэй нудран эрүүлжүүлэхэд хорьсон гэдэг. Мэдээж маргааш нь согтуу биш нь тодорхой учраас гэр орныхонтой нь холбогдоод эрүүлжүүлэхээс гаргаж байж. “Энэ мэт зүйлүүд бидэнд өдөр тутам тохиодог. Цагдаа нар дохионы хэл мэддэггүй тул бидний дунд ямар ч харилцаа явагддаггүй. Харилцаа байхгүй учраас  бид өдөр бүр л  хэлмэгддэг,  бас бидэнтэй яг л тэнэг хүн мэт харьцдаг” гэв.

Эх орондоо амьдарч байгаа ч энэ мэт гадуурхагддаг иргэд Цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисст урьтаж хандахаас илүүтэйгээр Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, бас Монголын дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоонд ханддаг байна.

Учир нь анхан шатны цагдаагийн хэлтэст хандлаа гэхэд сонсголгүй иргэдийн яриаг шууд ойлгоод харилцах дохионы хэлний хэлмэрч хороо, дүүрэг зэрэг цагдаагийн нэгжүүдэд байдаггүй гэнэ. 2021 оны статистик мэдээллээр манай улсад 12.600 сонсголгүй иргэд байдаг ба тэдэнд 40 хүрэхгүй дохионы хэлний орчуулагч ногддог байна. Харин Европын улс орнуудад сонсголгүй 100 хүн тутамд нэг дохионы орчуулагч үйлчилдэг гэсэн тооцоо байдаг.

Ингээд сонсголгүй иргэдийн асуудлаар сонсголгүй хүүхэд залуусыг дэмжих “ДИФ”клубийн үүсгэн байгуулагч Б.Юмжирдуламтай ярилцсанаа хүргэж байна.

Б.Юмжирдулам: Төрийн үйлчилгээний байгууллагууд нэг ч дохионы хэлний хэлмэрчгүй

 

-Саяхан танай клубээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн талаар нэгдсэн судалгаа хийсэн гэсэн. Энэхүү судалгааны дүнгээс хуваалцаж болох уу?

-Бид сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд судалгаа хийсэн. Хараахан нэгдсэн дүн гараагүй байна. Судалгааны ажлыг хийх явцад сонсголын бэрхшээлтэй иргэдийн статистик тоон судалгаа тодорхой бус байв. Бид судалгаа хийх гээд шүүгээд үзэхээр 18-аас дээш насны иргэдийн тоог ХНХЯ, 6-18 насны хүүхдүүдийн тоог БШУ Яам, 6-аас доош насны хүүхдүүдийн тоог ЭМЯ гаргадаг байх жишээтэй. Энэ тоог нэг газраас нэгдсэн журмаар үзэж харахад хэн хэндээ амар шүү дээ. Бид нэг настнууд хаана явж байгаа, 6 нас хүрээд сургуульд орж уу гээд шүүгээд үзчих боломжтой. Иймд нэгдсэн цогц мэдээлэлтэй болох нь маш чухал болоод байна.

Ер нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд хийсэн судалгааны үр дүнг харж байхад сэтгэл шимширмээр зүйл маш их байна. Төрийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд дохионы хэлтэй хүн байхгүй. Бичгээр бичиж өгсөн ч түүнийг уншаад харилцаад үйлчилгээ үзүүлэх хүн алга.

Ялангуяа эмнэлгийн бүх шатны нэгжүүдэд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрх маш их зөрчигдөж байна. Эмнэлэг дээр очоод үйлчилгээ авах гэхээр эмч нь харилцахаас төвөгшөөнө. Мөн дохионы хэлмэрч байхгүй тул байнга ар гэрийнхнээсээ хэн нэгнийг дагуулж явах шаардлагатай болно. Эмчийн хэлсэн эмийг зөв сонсож ойлгоогүйгээс болоод буруу эмчилгээ хийж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч ховор биш. Мөн цагдаагийн байгууллагатай ямар нэг зөрчлөөр холбогдлоо гэхэд ихэнхдээ эдгээр иргэд буруугүй байсан ч хохироод үлддэг.

-Тухайлбал, тодорхой жишээ дурдаж болох уу?

-Хүний эрх талаасаа тодорхой мэдээлэх боломжгүй. Ерөнхий байдлаар хэлэхэд, саяхан Налайх дүүргээс гэр бүлийн иргэд холбогдсон. Хоёулаа сонсголгүй. Эхнэр нь ажил хийдэг. Нөхөр нь таксины халтууранд явдаг. Хүүхэд нь цэцэрлэгт явдаг. Нэг өдөр хүүхдээ цэцэрлэгээс авахаар гэрээсээ гарахдаа замаараа дэлгүүр орж. Эхнэр нь нэгж явуулаарай гэж захисан юм байна л даа. Тэгээд цэцэрлэг тарах цаг болох гээд нөхөр нь дэлгүүр гүйж ороод утсан дээрээ “Нэгж авъя” гээд худалдагчид үзүүлэхэд “байхгүй” гэсэн байгаа юм. Ингээд хүүхэд рүүгээ яараад гүйж явсан байна. Ингээд хэд хоногийн дараа цагдаагаас дуудаж утас хулгайлсан хэрэгт сэжигтнээр татсан байна. Өнөөх дэлгүүрийн худалдагч утсаа алдсан, тэр авсан гээд гомдол гаргасан байж. Залуу тухайн үед ямар процесс болсон талаараа хэлж ойлгуулж чадахгүй учраас дохионы хэлний хэлмэрч авах шаардлагатай байгаагаа хэлсэн. Ингээд хилс хэрэгт гүтгэсэн асуудлыг одоог хүртэл шийдвэрлээгүй орхисон гэж бидэндтэй холбогдсон. Зарим цагдаа нарын хувьд сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүстэй ярихаас төвөгшөөгөөд явуулчихдаг. Ингээд сонсдог, ярьдаг хүмүүстээ давуу тал бий болгодог. Иймэрхүү тохиолдлууд маш их гардаг.

Ер нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний ЭХ ХЭЛ мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ НИЙГМИЙН БҮХИЙ Л ХАРИЛЦААНД оролцох эрхтэй” гэж заасан байгаа шүү дээ. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх дүрэм, журам байхгүй байсаар ирлээ. Уг нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг бэлтгэх хэрэгцээ шаардлага маш их байна. Ялангуяа дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, ажил мэргэжлийн индексийг гаргах ёстой юм. Энэ журам нь батлагдсанаар сонсголын бэрхшээлтэй иргэд бүхий л салбарт дохионы хэлээр нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломж бүрдэнэ гэв.

Дохионы хэлний боловсролд онцгой анхаарах цаг болжээ!

Сонсголгүй хүмүүсийг хэлгүй, дүлий хэмээн хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь харах бус харин тэднийг өөрийн гэсэн эх хэл, соёлтой, үндэсний цөөнх гэдгээр нь харж тэдний дохионы хэлний боловсролыг хөгжүүлэх нь нэн чухал болоод байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Канад, Чех, Франц, Япон, Герман, Австралиас бид суралцах хэрэгтэй. Жишээ нь Америкт төр, хувийн хэвшил ихэвчлэн харилцаа холбооны компаниудтай хамтран дохионы хэлний орчуулагчдыг өндөр үнэ ханшаар хөлслөн сонсголгүй иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, жилд 900 саяас 1.2 тэрбум доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Мөн түүнчлэн VRS, VRI гэх мэт ухаалаг утсан дээр суурилсан видео хэлмэрчлэх үйлчилгээнүүд ч түгээмэл болж байна. Сонсголгүй иргэддээ онцгой анхаардаг улсын нэг жишээ нь Япон юм. Тэртээ 1878 онд Киото хотод сонсголгүй хүмүүст зориулсан анхны сургууль байгуулагдаж байсан ба дохионы хэлний хэрэглээ өндөр түвшинд хөгжсөн. Тухайлбал, Японд 3000 гаруй дохионы хэлний мэргэжилтэн ажиллаж, сонсголтой, сонсголгүй, сул сонсголтой хүмүүсийг ажиллуулдаг нэгдсэн байгууллага үйлчилдэг байх юм. Тухайн орчуулагчид нь нийгэм, шинжлэх ухааны салбар бүрийг хариуцаж ажилладаг. Жишээ нь, шүүх, цагдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ авахаар сонсголгүй иргэн ирлээ гэхэд хариуцсан хүмүүсээс сонгогдон ажилладаг гэсэн үг. Орчуулагчийн цалинг төрөөс нь олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалдаг байна.

Харин Монголд дохионы хэлний мэргэжлийн орчуулагчид бэлдэхээс гадна сонсголгүй иргэддээ эх дохионы хэлээр нь наанадаж бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нь нэн чухал байна. Манай улсын хэлгүй дүлий иргэдийн 40 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдаагүй, бага боловсролтой байгаа нь нийгэм дэх ялгаварлалыг улам дэвэргэдэг. Нэгэнт боловсролын суурь нь зөв тавигдахгүй болохоор сонсголгүй иргэдийн дийлэнх нь гал тогоо, үйлчилгээ, цэвэрлэгээ, барилгын гэх мэт ажил хийдэг ба цалингийн хамгийн доод хэмжээ буюу дунджаар сарын 400 мянган төгрөгөөр ажиллах нь элбэг. Тэдний ихэнх нь манай улсын цор ганц сонсголгүй иргэдэд зориулсан 29 дүгээр тусгай сургуулийг дамждаг ч тэнд дохионы хэл болон бичгийн хэлийг хангалттай эзэмшиж чаддаггүй байна.

Хэдэн жилийн өмнө “Чимээгүй хашгираан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийгдэж, нийгэмд том цочроо өгсөн. Харамсалтай нь түүнээс хойш байдал олигтой дээрдээгүй гэдгийг тус сургуульд суралцдаг сурагчдын эцэг, эхчүүд хэлж байна. Дээрх сургуулийн ихэнх багш нар дохионы хэл сайн мэддэггүй ба амны хайрцагнаас уншдаг эртний аргыг одоо ч хэрэглэсээр байгаа аж. Энэ арга нь бүрэн сонсголгүй иргэдэд үр дүнгүй гэдгийг олон судалгаа нотолсон байдаг.

Монголд дохионы эх хэлний талаарх судалгаа шинжилгээний ажил ховор байдаг ч Сонсголгүй  хүүхдийн хос хэл, соёлын боловсрол, эрт оролцооны боловсролын чиглэлээр мэргэшсэн цор ганц монгол хүн гэгддэг Б. Намираа “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, түүний боловсрол” номондоо дохионы хэлний ач холбогдол, стандарт, арга зүйг маш тодорхой гаргаж ирсэн байдаг. Тэрээр номондоо “Жирийн сонсголтой хүн сонсголоороо дамжуулан аман хэлийг эх хэлээ болгон сурдаг бол сонсголгүй хүн хараагаараа дамжуулан дохионы хэлийг эх хэлээ болгон эзэмшдэг байна. Манай улсын хувьд дохионы хэл нь сонсголгүй хүний эх хэл болох ба бичгийн хэл нь тэдний хоёрдогч хэл нь болсноор тийнхүү Монгол дохионы болон бичгийн хэлийг хос хэл болгон эзэмших юм. Сонсголгүй хүүхдийг/хүнийг тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн зөв сайн боловсрол эзэмшүүлснээр тэд бүрэн чадамжаараа хөгжиж, уншиж бичих битгий хэл хос хэл, соёлтой хүмүүс болдог” хэмээн дурджээ.

Тийм ээ, дохионы хэл бол хараан дээр суурилсан чимээгүй хэл юм. Сонсголгүй хүн нүдээрээ сонсож, гараараа ярьдаг буюу биднээс өөр хэл соёл, заншилтай өвөрмөц хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрч хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь ялгаварлахгүй хүн шиг хандаж нийгэмдээ үнэ цэнэтэй иргэн болоход нь анхаарах цаг болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)