МУИС-ийн багш Б.ГАНБАТ: ЭЕШ-ыг хувьчилж тавьдаг онооны систем л буруу

Admin | 2023-06-13


ЭЕШ-ын оноог 200-800 оноогоор дүгнэдэг бөгөөд их, дээд сургуулиуд өөрсдийн босго оноог тогтоодог. ЭЕШ-ын дүнг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тусгай аргачлалаар тухайн шалгуулагчийн гүйцэтгэлд тохирсон анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо гэх гурван оноогоор дүгнэдэг. Бидний мэдэхээр ЭЕШ-ын хамгийн өндөр оноо болох 800 оноо нь хэмжээст оноо юм. Энэхүү 800 оноог тогтоохдоо тухайн жилд шалгалт өгсөн нийт төгсөгчдийн гүйцэтгэлийг харгалзан үздэг байна. ЭЕШ болон шалгалтын оноо дүгнэх аргачлал зэргээр олон сонирхолтой судалгаа гаргадаг МУИС-ийн Дэд профессор, Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч  Б.Ганбаттай ярилцлаа. (2022.01.09)

-Таны ЭЕШ-тай холбоотой судалгаанууд ихэд анхаарал татдаг. Ялангуяа онолын дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байгааг харуулахыг зорьдог шиг санагддаг?

-Анх МУИС-д багшаар ажилд ороод оюутнуудад хичээл заахад ЕБС-д байхдаа эзэмшсэн байх ёстой наад захын  онолын мэдлэгээ мэдэхгүй орж ирдэг оюутнууд их байсан. Их сургуулийн хувьд ЕБС-д эзэмшсэн байх ёстой мэдлэг дээр нь буюу шаталсан боловсрол дээр нь мэдлэг олгох ёстой байтал дунд сургуульдаа мэдсэн байх ёстой онолын мэдлэгээ аваагүйн учраас хичээл заахад хүндрэлтэй байдаг. Уг нь ЭЕШ-ынх нь оноог харахад ихэнх нь сайн, гэвч мэдлэг хангалтгүй. Сайн оноотой ч их сургуульд орж ирээд бэлтгэл муу учир сурахад  хүндрэл үүснэ. Үүнээс үүдэлтэй ЭЕШ гэж юу болох, ямархуу аргаар дүгнэдэг талаар судалж эхэлсэн.

-Тэгэхээр ЭЕШ-ын оноо гэдэг тухайн хүүхдийн мэдлэгийг бүрэн илэрхийлэхгүй гэж ойлгох нь зөв үү?

-ЭЕШ-ын оноо хүүхдийг бүрэн илэрхийлэхгүй гэдэг нь бас өрөөсгөл. Сайн оноотой элсэж орж ирсэн хүүхэд тааруу оноотой орж ирсэн хүүхдийн хувьд хичээл зүтгэл, хандлагын хувьд илүү сайн байгаа нь ажиглагддаг. Жишээ нь МУИС 2014 онд бүтцийн өөрчлөлт хийснээр оюутнууд өөрсдийнхөө мэргэжлийн хүрээнд бус өөр салбарын хичээлийг ч харгалзахгүй үздэг болсон. Ингэснээр миний заадаг "Электроникийн үндэс" хичээлийг олон салбар сургуулийн оюутнууд үзэж эхэлсэн. Салбар сургууль болгоны босго оноо өөр өөр учир хичээл үзэж буй оюутнуудын хувьд ЭЕШ-ын онооны хувьд өөр өөр оюутнууд байсан гэсэн үг. Хичээлийн явцад хүүхдүүд утсаараа оролдох, хоорондоо ярих зэрэг асуудлууд гардаг. Уг үйлдлийг гаргаж байгаа оюутнуудыг анзаарахад бага оноотой хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр ЭЕШ гэдэг нь нэг талаар хүүхдүүдийн мэдлэгийн түвшинөөс гадна тухайн хүүхдийн төлөвшлийг ч харуулж чадаж байгаа юм. Онооны зөрүүнээс хандлагын зөрүү их бага хэмжээгээр харагддаг. Ер нь ЭЕШ-ыг дүгнэж хувьчилж тавьдаг онооны систем л буруу байна гэж хэлэх гээд байгаа юм. 

-Өнгөрсөн намрын ЭЕШ-ын дүн боловсролын бодлого хэр байгааг тодорхойлсон гэхэд болно. Энэ жилийн хувьд арай өөр үр дүн гарах болов уу?

-Корона гараад хол хорио тогтоосон учир өнгөрсөн хаврын хичээлүүд цахимаар орсон. Харин энэ намрын хичээл нь танхимаар орсон. Өнгөрсөн жилийн ЭЕШ-ыг танхимаар үзсэн хичээлийн дагуу авна гэсэн. Тэгэхээр илүү хялбар, боломжтой байсан гэсэн үг. Энэ жилийн хувьд танхимын хичээлээр дагнасан учир өнгөрсөн жилийнхээс илүү байх болов уу гэсэн таамаг байна.

-ЭЕШ-д хүүхдүүд хэрхэн бэлтгэвэл өндөр оноо авах боломж нэмэгдэх вэ?

-Манайхан ЭЕШ-ыг дүнгээр нь жагсаах үүрэгтэй уралдаант шалгалт л гээд байгаа. Хамгийн өндөр оноо авсан хүүхдийг 800 оноо гэж дүгнэх хамгийн буруу. Яагаад гэвэл улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан хүүхэд шалгалтынхаа даалгаварыг 100 хувь гүйцэтгэхээс 40 хувь гүйцэтгэлтэй хийхэд тэр 40 хувийг хамгийн өндөр оноо буюу 800 оноогоор дүгнэж байна. Тэгэхээр бүх хүүхэд ЭЕШ-д сайн бэлд эсвэл бүр битгий бэлд тэгвэл нийтээрээ сайн оноо авна. Манай боловсролын систем ийм л хандлагыг төрүүлж байна.

-Таны хувьд энэ байдлаас гарахын тулд ямар аргаар ЭЕШ-ыг дүгнэх нь зөв гэж бодож байна?

- Хамгийн түрүүнд Боловсрол, шинжлэх ухааны яам үр дүнтэй арга боловсруулах нь зүйтэй. Хэмжээст оноо буюу 800 оноо гэдэг оноог бүр болих хэрэгтэй. Харин 100 онооныхоо дүнг зарлах хэрэгтэй. Ингэснээр бүх хүүхэд өөрсдийнхөө бодит дүнг мэдэж өөрсдөдөө дүгнэлт хийх боломжтой болно.

-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн сурагчид хотын сургуулийн сурагчдаас илүү оноо авч байна. Нийслэлийн боловсролын чанар муудаж, орон нутгийнх сайжирсан гэж шууд утгаар нь ойлгож болох уу?

-Хотын сургуулийн сурагчид гэхээсээ илүү хотын хөдөө гэсэн ойлголт гарч ирнэ. Манайхан хотын захын дүүргүүдийнхээ сургуулийг хаячихсан, хөдөөнөөс дор болчихсон байна. Хотын төвийн төлбөртэй сургуулиуд нь сайн хүүхдүүдийг нь ялгаж авснаар энэ сургуулийн хүүхдүүд амжилт үзүүлж байна. Энэ нь боловсролын тэгш бус байдал болон хүртээмжийн асуудлыг илтгэж байгаа юм. Хотын захын сургуулиудын сурагчид хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд массаараа илүү байгаа учир онооны илт зөрүү гарч байгаа. Нийслэлийн хувьд ЭЕШ-ын оноогоор эхний байруудад ордог байсан бол сүүлийн хэдэн жилүүдэд сүүлээсээ ордог боллоо. Энэ нь массаараа маш муу байна л гэсэн үг.

-Их, дээд сургуулиудад чанартай сайн боловсон хүчин элсүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

-Шинээр элсэгчдийн хувьд хамгийн том асуудал нь дээр хэлсэнчлэн дунд сургуульд эзэмшсэн байх ёстой наад захын мэдлэггүй байгаа явдал. Хамгийн энгийн жишээ гэхэд Физикийн ангид элсэн орж буй хүүхдүүдийн 30-аас дээш хувь нь "ОМ-ийн хууль" буюу хамгийн энгийн хуулийг мэдэхгүй орж ирж байна. Тэгэхээр зөвхөн боловсролын систем, боловсролын яамнаас авах арга хэмжээг харж хүлээхээсээ илүүтэйгээр их сургуулиуд өөрсдөө энэ тал дээр алхам хийх ёстой. Тэгэхээр их сургууль элсэн орж буй оюутнууддаа шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Аль салбар сургуулийн ямар мэргэжилд элсэн орохоос нь шалтгаалаад тодорхой онолын ойлголтыг эзэмшсэн байна гэсэн шаардлагыг тавьж энэ талаараа цахим хэлбэрээр хичээл байршуулах нь зөв алхам юм.

-Боловсролын хоцрогдол арилгана, үүнийг оношлоно гэж яриад байдаг.  Энэ тухайд?

-Боловсролын хоцрогдолд онош тавьбал үр дүн тодорхой. Хоцрогдолтой л гэж гарна. Энэ бол цаг хугацаа, хүний нөөц маш их шаардагдах асуудал.  Коронавирусыг анх яаж оношлож хавьтлыг тогтоодог байлаа даа, түүн шигээ л юм болох гээд байх шиг байгаа юм. Иргэд Д-ын хавьтлыг олж тогтоогоод дараагаар нь ингэнэ, тэгнэ гэх мэт. Сүүлдээ аргаа барахдаа зүгээр өвчтэй хүмүүсээ л эмчилье болсон шүү дээ. Яг үүн шигээ их сургуулиуд нь элсэгчдийн шаардлага  буюу манайх ийм, ийм ойлголтыг мэддэг төгсөгч авна гэдгээ зарлаад ойлголтуудынхаа тухай богино хэмжээний хичээлийг бичлэгийг тавьдаг болох хэрэгтэй байна. Суурь хичээлүүд болох математик, монгол хэл, англи хэл гэх мэт хичээл дээр 5-10 минутын хичээлүүд байхад л хангалттай шүү дээ.

-ЭЕШ-тай холбоотой судалгааг хийх ач холбогдол юундаа байна вэ?

-Аймгуудыг ЭЕШ-ынх нь оноогоор байр эзлүүлж судалгаа хийдэг. Ингэснээр хүмүүсийн анхаарлыг татаж муу оноотой аймгууд боловсролын тал дээрээ анхаарч ажиллаж чаддаг. Энэ төрлийн судалгааг 2014 оноос хийсэн. Үр дүнгээ ч өгсөөр байгаа. Жишээ нь Булган аймгийн хувьд нэг жилийн ЭЕШ-ын оноогоороо тааруу байсан боловч нэг жилийн судалгаан дээр илт сайжирч гарч ирсэн. Сайжирч гарч ирсний шалтгааныг судалтал сар бүр сурагчдаасаа шалгалт авдаг болсон тогтолцоог туршин үр дүнгээ өгсөн байгаа юм.

                                                                                                        А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)