ФРЭНСИС ФУКУЯМА: Крымыг алдах нь В.Путины хувьд хүнд цохилт болно

Admin | 2023-05-10


Стэнфордын их сургуулийн профессор, улс төр судлаач Фрэнсис Фукуяма 1992 онд “Түүхийн төгсгөл” хэмээх өгүүллэгээрээ олны танил болсон. Тэрбээр уг бүтээлдээ үзэл суртал хоорондын тэмцэл дуусгавар болсон гэж бичиж байв. Ф.Фукуяма “Эрх чөлөө” агентлагийн Гүржийн албанд өгсөн ярилцлагандаа Украины хувьд яг одоо энхийн хэлэлцээр хийж эхлэх нь яагаад ашиггүй гэдгийг, Крымыг алдах нь В.Путинд ямар том цохилт болохыг ярьжээ.

Эрдэмтэн саяхан Тбилиси хотод Эдийн засаг, улс төрийн судалгааны төвд лекц уншсан байна. Дараа нь “Эрх чөлөө” агентлагийн сэтгүүлчидтэй ярилцжээ.

-Оросын Украины явуулж буй дайнаас яриагаа эхлэх үү.  Ресейдің Украинадағы соғысынан бастайық. Украинд юу болж байна вэ?

-Украинчуудын эх орон, төрсөн нутгаа Бг хамгаалж байгааг харахад Орос улс томоохон ялагдал хүлээх магадлал өндөр бололтой. Одоо дайны зогсонги байдал эхэлсэн. ОХУ-ын зэвсэгт хүчин Донбассын Бахмут хотыг эзлэх гэж маш их цэргээ алдлаа. Бүгд Украины сөрөг довтолгоог хүлээж буй. Энэ довтолгоо дайны явцыг өөрчлөх шийдвэрлэх тулаан болно гэдэгт би итгэж байна. Украин өмнөд хэсгийн Херсон болон Запорожье мужийг чөлөөлж чадвал бодитой хэлэлцээрийг эхэлж болно. Хэсэг хугацаанд гал зогсож, энхтайван тогтож магадгүй. Украины хувьд яг одоо энхийн хэлэлцээрийг эхлүүлэх нь ашиггүй. Яагаад гэвэл Украины газар нутгийн нэлээд хэсэг нь Оросын мэдэлд үлдсэн. Энэ бол сайн зүйл биш.     

-Энхийн хэлэлцээр эхэлбэл, Оросын булаан эзэлсэн Крымын хойгийн нөхцөлбайдал яах бол?

-Крым Оросын толгойны өвчин болж хувирч магадгүй. Учир нь Украин Херсон мужийг буцааж авбал, Крым ОХУ-ын бүс нутгуудаас тусгаарлагдана. ОХУ болон Крымын хойгийг холбодог ганц төмөр болон гүүр байгаа. Украин энэхүү замыг тасалж чадна. Үүний тулд Крымыг булаан эзлэх шаардлагагүй. Зүгээр Крымын хойг дахь Оросын цэргүүдийг барьцаанд байлгахад хангалттай. Энэ бол Оросын хамгийн том сул тал юм.

-Геополитикийн үүднээс авч үзвэл хэлэлцээрийн явцад Орос улс Крымийг буцааж өгөхөөс өөр аргагүйд хүрвэл, дэлхийн улс орнууд болон өөрсдийн иргэдийнхээ өмнө ялагдсанд тооцогдох уу?

-ОХУ Крымын хойгийг алдвал, В.Путин үүнийг тэвчиж чадах уу гэдгийг би мэдэхгүй. Яагаад гэвэл тэр Крымд маш их хүчээ шавхсан. Тиймээс Крымыг алдах нь Оросын хувьд хүнд цохилт болох нь мэдээж. Гэхдээ украинчууд Крымыг буцаан авах шаардлагагүй. Хотыг зүгээр л гадаад ертөнцөөс таслахад хангалттай. Дараа нь Орост шахалт үзүүлэхэд амар болно. Тиймээс энэ бол Украины хувьд стратегийн том амжилт болно.    

-Таны хэлсэн хувилбарыг авч үзье. Украин Крым руу довтлохгүй, бүсэлж, хэлэлцээр эхэлж, ОХУ-д “Крымыг буцаа” гэсэн шаардлага тавилаа гэж бодъё. Кремль үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Улс төрийн өнцгөөс харахад үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү. “Украины зүүн нутагт орших Донбассын зарим хэсгийг ОХУ-д өгөхөд бэлэн үү?” гэсэн хоёр дахь асуудал бас бий. Учир нь одоогийн нөхцөл байдлаас харахад Украины хувьд Донбассыг захирахад хүнд. (2014 оноос эхэлж Оросын хүчин болон салан тусгаарлагчид Донецк, Луганск мужийн ихэнх хэсгийг хянадаг) Хоёр талд алдах зүйл байгаа нөхцөлд хэлэлцээ илүү бодитой явагдана. Гэхдээ албан ёсоор ОХУ Крымыг, Украин Донбассыг өгөхөд бэлэн гэж бодохгүй байна. Тиймээс албан бус хэлэлцээр хийх шаардлагатай байж магадгүй.   

-Та өнгөрсөн жил ОХУ Украинд ялагдал хүлээнэ гэж бичиж байсан. Одоо таны бодол өөрчлөгдсөн үү?

-Тэр үед Оросын арми Киевийг эзэлж, В.Зеленскийн Засгийн газрыг түлхэн унагаах гэж оролдож байсан. Үүнээс хойш олон зүйл өөрчлөгдлөө. Оросын цэрэг Украины хойд хэсэг, Харьков муж, Херсон хотыг орхихоос аргагүйд хүрсэн. Кремль сул дорой байдлаа харуулсан. Өнөөдөр дайн мухардалд орсон юм шиг. Гэхдээ Украин ямар нэг арга зам олж мухардлаас гарна гэж найдаж байна. Киев өөрийгөө хамгаалах чадвартай гэсэн итгэл маань өөрчлөгдөөгүй хэвээрээ. Үүнд ийм удаан хугацаа шаардагдана гэж бодоогүй.  

-Гүрж рүү буцъя. Украины дайн Гүржид яаж нөлөөлөх вэ?

-Гүржид маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Тбилиси одоо салаа замын уулзварт зогсож байна. Нэг бол Европ руу зүглэж, Европын холбоо болон НАТО-д нэгдэнэ. Эсвэл Оросыг дагах болно. Гүржид Европыг ч, Оросыг ч дэмждэг хүчнүүд бий. Тбилиси аль чиглэлийг сонгох нь Украины дайн хэрхэн дуусахаас шалтгаална. Учир нь Орос хүчирхэгжихийн хэрээр Гүржийн сонголт улам тодорхой болно. Харин Москва Украинд ялагдал хүлээж, В.Путин сулрах тусам ОХУ-ын хөрш зэргэлдээ улс орнууд илүү их эрх чөлөө эдэлнэ. Тиймээс Гүржийн хувь заяа Украины дайнтай холбоотой гэж би бодож байна.      

-Олон шинжээчдийн нэгэн адил та бас Гүрж Украинд хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна гэж шүүмжилдэг. Тбилисиг өмөөрөх бодолгүй байна, гэхдээ Гүрж юу ч хийж чадахгүй шүү дээ?

-Гүржийн Засгийн газар хамгийн эхлээд Украины дайны талаарх байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой. Тбилисийн баримталж буй төвийг сахисан байр суурь Орост ашигтай. Үүнээс гадна, Орост тавигдсан эдийн засгийн хориг арга хэмжээг тойрч гарахад Тбилиси Москвад тусалж байна гэсэн мэдээлэл бий.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)