“Airbnb”-ын ашиг 117 сая ам.долларт хүрчээ

Admin | 2023-05-11


Нэг жилийн өмнө 19 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан “Airbnb”-ын ашиг энэ оны эхний улиралд 117 сая ам.долларт хүрч дээд амжилт тогтоолоо. Ингэснээр тус компани цар тахлын өмнөх үеэс хоёр дахин томорсон аж. “Airbnb”-ын орлого өнгөрсөн жилд 20 хувь өсөж 1.8 тэрбум ам.долларт хүрснээр шинжээчдийн таамгийг даваад буй. Компанийн нийт захиалга 19 хувь нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

2023 оны эхний улиралд “Airbnb”-ээр дамжуулан байраа түрээсэлсэн хүмүүсийн тоо 18 хувь өссөн юм. Компани зуучлалын үйлчилгээгээ ирээдүйд улам хялбаршуулах юм. Тэгэхээр энэ тоо улам өснө гэсэн үг.

Компанийн хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалд тэд үндсэн үйлчилгээгээ хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан илүү сайжруулна гэдгээ мэдэгдэв. Тэд энэ тал дээр нухацтай хандаж байгааг өнгөрсөн 7 хоногт хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан 50 гаруй шинэ функцийг танилцуулснаас харж болно. Жишээлбэл, “Airbnb” төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг эрчимтэй нэвтрүүлж байгаа. Тухайлбал, тэд “Klarna”-тай хамтран Америк болон Канад дахь хэрэглэгчдээ төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжтой болгоод буй.

Ашиг дээд амжилт тогтоож тайлан нь эерэг гарсан ч хувьцааны үнэ нь 12 хувь унасан. Учир нь компани ирэх улирлын орлогын таамаг, ер нь 2023 оны төсөөллөө бууруулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулсан бололтой. Мөн “Airbnb”-ийн үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид эрэлт тийм ч ихээр нэмэгдэхгүй гэсэн хүлээлт үүсээд байна. Гурван жилийн өмнө олон нийтэд нээлттэй болсноосоо хойш тийм ч ашигтай ажиллаж чадаагүй “Airbnb” бизнестээ хэрэглэгчийн санал хүсэлтийг онцгойлон тусгаж эхэлснээр үр дүнд хүрсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)