Дотоодын компаниуд жилд 3 сая хос гутал үйлдвэрлэдэг болохыг зорьж байна

Admin | 2023-05-12


Дотоодын гутал үйлдвэрлэгчид ойрын 3-5 жилд үйлдвэрлэх гутлынхаа тоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлж, гурван сая хүргэхийг зорьж байна. Техник тоног төхөөрөмж, үйлдвэрийн хүчин чадал,  түүхий эдийн хувьд нөөц хангалттай байгаа хэмээн "Чиг" брэндийн захирал Б.Гэрэлт-Од онцлов. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны мэдээллээр дотоодод арьс шир боловсруулах 35, гутлын 50 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор жилд нэг сая хос гутал үйлдвэрлэж байна. Жилийн хэрэглээ 6-8 сая байдаг гэж тооцвол гутлын зах зээлд импортын бүтээгдэхүүн давамгайлсан хэвээр байгаа юм.

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Импортоор орж ирж байгаа 100-200 мянган төгрөгийн гутал нь арьс гэж нэрлэгддэг боловч хиймэл байдаг. Импортын гуталтай харьцуулахад дотоодод хийж байгаа гутал нь жинхэнэ арьс. Үүнийг хэрэглэгчид анзаарч, ялгаж харахгүй байна. Тиймээс гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн зардаг тогтолцоог бий болгох шаардлагатай” гэж онцоллоо.

Нэг гутлыг 30 ам.доллар гэж тооцвол гурван сая хос гутал  үйлдвэрлэснээр 90 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг бууруулах боломжтой юм байна. Гутал үйлдвэрлэгчид нэгдэж, дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах, цаашлаад ӨМӨЗО, ОХУ-д экспортлох боломжийг эрэлхийлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)