Нүүрсний үнэ жилийн өмнөхөөс 61.6 хувь унажээ

Admin | 2023-05-24


Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд жилийн өмнөхөөсөө 61.6 хувь, 2023 он гарсаар 59.2 хувь унаад байна. Улмаар дэлхийн зах зээлд нэг тн нүүрсний үнэ 160.4 ам.доллар болоод буй. Энэ оны нэгдүгээр сард Европын өвлийн жавар татарч эрчим хүчний хямрал багассанаар нүүрсний зах зээл уруудаж, үнэ нь буурсан юм. Өөрөөр хэлбэл, Орос Украины дайн Европын эрчим хүчний хангамжид заналхийлснээс үүссэн нүүрсний үнийн хөөсрөлт эцэс болсо хэрэг. Улмаар өнгөрсөн оны эцэст 404.2 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ энэ оны нэгдүгээр сарын эцэст 1.6 дахин буурсан аж.

2023 оны нэгдүгээр сараас хойш нүүрсний үнэ эрчимтэйгээр унасан юм. Тодруулбал, Австралийн “Ньюкасл” боомтоос тээвэрлэдэг эрчим хүчний нүүрсний 7 хоногийн спот үнэ хоёрдугаар сарын сүүлээр нэг тн нь 179.6 ам.доллар болсон. Энэ нь нүүрсний үнэ тэнгэрт хадсан 2022 оны есдүгээр сарын үнээс 60 хувь хямдарсан дүн юм. Ингэж л нүүрсний үнэ доошилсоор 160 ам.доллар руу уруудлаа.

Манай улсын хувьд энэ оноос нүүрсээ биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн. Улмаар Монголын хөрөнгийн биржийн нүүрсний арилжаа 1.2 сая тн-ыг давсан. Нүүрсний үнийн хувьд гуравдугаар сарын 27-нд арилжигдсан “Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний дуудах үнэ 175.2 ам.доллароос эхэлж 189.7 “ногоонд” хүрсэн. Харин энэ сарын 18-нд “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн сул коксжих нүүрсийг ойролцоогоор 116 ам.доллароор арилжаалжээ. Үүнээс харахад, үнэ нэлээдгүй буурсан.

Нүүрсний үнэ буурах нь манайх шиг түүхий эдийн үнээс шууд хамааралтай эдийн засагт маш их нөлөөлнө. Нөгөөтээйгүүр, манайх энэ оны төсөвт нэг тонны дундаж үнийг 144 ам.доллароор бодож 36.5 сая тн нүүрс экспортлохоор тусгасан. Гэтэл нүүрсний эрэлт болон үнэ дэлхийн зах зээлд доошоо уруудаж байна. Нүүрсний үнэ он дуустал энэ байдлаараа унавал ч Монгол Улсын төсөвт хэцүүхэн нөхцөл байдал үүсч магадгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)