Даян аварга цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр тэргүүлнэ

Admin | 2023-07-04


Монгол улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбэний талаарх тайлбарыг дахин гарган толилуулж байна. МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ. Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ: 2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг

Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.

1. Дархан аварга Г.Өсөхбаяр:

- 2002 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,

- 2003 онд 9 даван түрүүлж “Улсын аварга”,

- 2005 онд 9 даван түрүүлж “Далай аварга”,

- 2009 онд 9 даван түрүүлж “Даян аварга”,

- 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.

2. Дархан аварга А.Сүхбат:

- 2000 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,

- 2000 онд 10 даван түрүүлж “Улсын аварга”

/Жич: Энэ үед “Үндэсний их баяр наадмын тухай хууль” батлагдаагүй байсан тул арав давсан бөхөд арслан цолны дараагийн цол болох аварга цолыг олгосон байна. 2003 онд хууль батлагдсан боловч 10 даваатай наадмын 9, 10-ын даваа тус бүрийг цолтой болгон хуульчлаагүй. 2006 оны Улсын баяр наадамд Улсын гарди Д.Сумъяабазар 10 даван түрүүлэхэд түүнд хуулийн дагуу Улсын арслан цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олгосон. Гэвч наадамчин олны хүсэлтээр хуулийн зүйл, заалтгүйгээр Улсын аварга цолыг түүнд олгосон байдаг/

- 2004 онд 9 даван түрүүлж “Далай аварга” цолыг хүртсэн.

- 2007 онд ҮИБНТ хуульд өөрчлөлт орон “Далай аварга” цолыг хассан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Даян аварга”,

- 2014 онд ҮИБНТ хуульд дахин өөрчлөлт орон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр:

- 4 удаа 9 давж түрүүлсэн,

- 3 удаа 8 давсан /2001, 2006, 2010/

- 4 удаа 7 давсан байна.

Дархан аварга А.Сүхбат:

- 1 удаа 10, 2 удаа 9 даван нийт 3 удаа түрүүлсэн

- 3 удаа 7 давсан байна.

2009-2010 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:

- Дархан аварга Ж.Мөнхбат

- Дархан аварга Х.Баянмөнх

- Дархан аварга Д.Цэрэнтогтох

- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

- Даян аварга Г.Өсөхбаяр

- Даян аварга А.Сүхбат

- Улсын аварга О.Балжинням

- Улсын аварга Д.Сумъяабазар

2011-2013 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:

- Дархан аварга Ж.Мөнхбат

- Дархан аварга Х.Баянмөнх

- Дархан аварга Д.Цэрэнтогтох

- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

- Даян аварга Г.Өсөхбаяр

- Даян аварга А.Сүхбат

- Улсын аварга Д.Сумъяабазар

- Улсын аварга О.Балжинням

- Улсын аварга С.Мөнхбат

/2011 оны Улсын баяр наадмын дараа нэг удаа 10 давж түрүүлсэн амжилтыг 2 удаа 9 давсан амжилттай дүйцүүлснээр Улсын аварга Д.Сумъяабазар 1998, 1999, 2003, 2004 онуудад 4 удаа 8 даван үзүүлсэн амжилтаар Улсын аварга О.Балжиннямын (1989 онд 8 даван нэг удаа үзүүрлэсэн) өмнө эрэмбэлэгджээ. Мөн даян аварга Г.Өсөхбаяр 4 удаа 9 давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд 3 удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад 4 удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна./

Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм. Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоосон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 07-р сарын 07-ны өдөр Даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт олгосон Дархан аварга цолны үнэмлэхний дугаарлалт нь эрэмбэний маргаан гаргах бодит бус нөхцөлийг бий болгосон байна.

МҮБХ-ны тогтоосон эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоож зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах боломжгүй.

                                                                                                                                                                 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)