"Но"-той ногоон автобуснаас болж Хот хариуцсан сайд огцорч, Хотын дарга мултрах уу?

Admin | 2023-10-02


Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар “Тэнүүн-Огоо” ХХК-тай 800 автобусны 318 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу эхний ээлжинд 100 автобус оруулж ирсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Улмаар шинэ гээд байгаа автобус нь сэлбэж будсан хуучин автобус болох нь ил болов. Үүнтэй холбоотой дөрвөн албан тушаалтныг урьд шөнө баривчилж, цагдан хорьжээ. Тэгвэл "но"-той ногоон аютобусны асуудал нэгэнт хүчийг авсан учир МАН-ын бүлэг хуралдаж Хот хариуцсан сайд буюу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарын асуудлыг ярилцахаар төлөвлөжээ. 

Тодруулбал, "Но"-той ногоон автобусны хэрэгт олноо Түгжрэлийн сайд нэрээр танигдсан Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар холбоотой талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. "Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцааг захирал А.Ганхуягаас гадна Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор гэсэн нийт 4 хүн эзэмшдэг байна. Харин нийтэд нэг их ил гараад байдаггүй Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор нар нь УИХ-ын дарга асан З.Энхболд болон Зам, тээврийн сайд асан, “буурал” хочит А.Гансүхийн хүмүүс гэнэ. Бүр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нууц эзэн нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх гэх. Харин Ж.Сүхбаатар сайд "буурал" А.Гансүхтэй оюутны нэг ангийн найзууд юм байна.  Үүнээс харахад уг тендерт "Тэнүүн-Огоо" шалгарахад Түгжрэлийн сайдын нөлөө байсан гэж сэжиглэх үндэс болж байна. Угаас нэр муутай явсан сайд "но"-той ногоон автобуснаас болж сайдын суудлаасаа огцрох нь ойрхоны асуудал болжээ. 

Нөгөөтэйгүүр хуучин хямд автобусыг шинэ хэмээн төрийн их мөнгийг үрэн таран хийж буй асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар буруудах нь ойлгомжтой. Хотын дарга нүдэн доорх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын "нууц" ажиллагааг мэдээгүй байна гэвэл үнэнээс хол зөрөх биз. Тэгэхээр Хотын даргын асуудал ч хөндөгдөх бололтой. Тэгэхээр өнөөдөр МАН-ын бүлгийн удирдлагууд Хотын сайдаа огцруулж олны анхаарлыг дарах уу, Хотын даргаа явуулах уу гэдгээ шийдэх сурагтай. 

Ямартай ч энэ хэргийг шалгахаар ажлын хэсэг гарсан бөгөөд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байна. 

Бүр БНСУ-аас хуучин автобусыг 1500 ам.доллараар аваад Тайваньд сэлбэг засварт оруулаад улсад 336 сая төгрөгөөр шахсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж эхэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)