Аж үйлдвэрийн парк үлгэр биш АЖИЛ болох нь

Admin | 2023-10-06


   Улсын их баяр наадамтай уралдан Засгийн газар өнгөрсөн долдугаар сард нэгэн чухал шийдвэр гаргасан. Энэ бол Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн 257 дугаар тогтоолоор үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын "Эрдэнэс ҮТП" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан явдал юм.
 
"Эрдэнэc Монгол" бол стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын эрхийг төлөөлж, бүгдийг зангидаж буй томоохон компани. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудын жишгээр дарга нарын өөрийн хүнээ томилдог, эдийн засгийн үр ашиг гаргадаггүй бүтэц байж ирэв. Тэгвэл тус компани засаглалын хувьд утгаараа шинэчлэгдэж, харьяа 42 охин компани 30 болгон эмхэлж, хүний нөөцөө чадавхжуулж байгааг "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт онцлов.
 
Дээр дурдсан шийдвэрийн хүрээнд Аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэрлэл технологийн паркийн ажил эрчимжих болсон таатай мэдээ байна.
 
Монгол Улсын уул уурхайн экспортын дөрвөн том бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмөр, жоншноос зэс, нүүрснийхээ маш бага хэсгийг л боловсруулж буй. Гэхдээ бүрэн боловсруулж бүтээгдэхүүн гаргаж байгаа нь үгүй. Тэгвэл төмөр, жоншоо түүхий эд чигээр нь гаргаж буй.
 
Тэгвэл үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд аж үйлдвэрийн гинжин хэлхээг эх орондоо бий болгож, энэ салбараа хөгжүүлэх бодлого баримталж байгааг С.Наранцогт хэллээ. Тухайлбал, жоншоо баяжуулж, дараагийн шатанд хайлуурын хүчил болон цахиур төслийн үйлдвэрлэл явуулах юм байна. Нэг онцлог нь "Эрдэнэс Монгол" зөвхөн анхны боловсруулалтыг өөрсдөө хариуцаад дараагийн шатны үйлдвэрлэл дээр дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг оруулж ажиллахаар бодлогоо тодорхойлжээ. 

Энд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт яригдах учраас хувийн хэвшлийг дэмжих үүднээс 4 жил гаалийн болон НӨАТ-ыг хойшлуулж, эхний таван жил үл хөдлөх хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлж, дараагийн 5 жил 50% чөлөөлөх бол 10 жилийн турш газрын төлбөрөөс чөлөөлөх юм байна.
 
Энэ зарчмаар Монгол Улсын зургаан байршилд үйлдвэрлэл технологийн парк байгуулах эхний зургийг гаргажээ. Энэ нь "Эрдэнэт" ҮТП-т Зэс боловсруулах цогцолбор, "Хөтөл" ҮТП-т Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор, "Дархан" ҮТП-т Ган үйлдвэрлэлийн цогцолбор гэхчлэн байгуулахаар зурагласан байна.
 
Тухайлбал, Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр", "Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах үйлдвэрлэх үйлдвэр“-ийг тус тус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл уг цогцолборын цар хүрээг улам томруулж, ТЭЗҮ-ийг тодотгож байгаа аж. 760 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардах уг төсөл хэрэгжсэнээр борлуулалтын жилийн орлого нь 1.1 тэрбум ам.доллар, татварын дараах цэвэр ашиг нь 55 сая ам.доллар байна гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал, хүхэрлэг хий боловсруулах гэсэн хоёр том үйлдвэр босгоод 7.7 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна.

Энэ мэт эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх нь улс орнуудын эдийн засгаа хөгжүүлэх гол стратегийн нэг байдаг. Зүүн-Өмнөд Ази (ASEAN)-д л гэхэд 1000 гаруй эдийн засгийн бүс байдаг байна. Үүний 895 нь аж үйлдвэрийн цогцолбор, 84 нь эдийн засгийн тусгай бүс, 25 технологийн парк, нэг инновацийн бүс байдаг ажээ.

Эцсийн гол зорилго нь хил даваад хэдэн зуу, мянга дахин үнэ нь нэмэгддэг түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх, цаашлаад ажлын байр бий болгох, инновац, технологийг нутагшуулж, эдийн засгийг бэхжүүлэх юм. “Эрдэнэс Монгол” ийнхүү шинэчлэл хийснээр аж үйлдвэрийн парк үлгэр биш ажил болох эхлэл тавигдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)