Утаа бууруулах бус ард түмнээ ДОРОМЖЛОГСОД

Admin | 2022-01-12


Улаанбаатарын утааны асуудлыг шийдчихлээ, энэ сайжруулсан шахмал түлшсээр гэж ирээд л олон сайхан тоон үзүүлэлт үзүүлж иргэдийн чихэнд “цэцэг” ургуулсан нь саяхан. Тэгвэл өнөөх утаагүй Улаанбаатар утгаараа “Угаарынбаатар” болчихлоо. Цар тахлаас дутахааргүй иргэдийн эрүүл мэнд аюулд орчихоод байхад албан тушаалтнууд нь ажлаа хийх бус ард түмнээ “зуухаа ч галлаж чадахгүй байна” гэх зэргээр доромжлох болж.

Гэтэл Улаанбаатарын утаанд өнгөрсөн 2017-2020 онд 456 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Энэ мөнгөний гуравны нэгийг бараг гадны томоохон банкнуудаас зээлсэн. Одоо ч төлөөгүй. Энэ их мөнгийг “утаа” нэрээр салхинд хийсгэчихээд эцэстээ “иргэдийн буруу” гээд суух нь үнэхээр доромжлол юм.

Тухайлбал, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж,  уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихсэж, утаа нэмэгдсэн. Тиймээс иргэд хариуцлагатай байж, түлшээ зөв түлэх хэрэгтэй” хэмээн ярьсан.

Мөн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Айл өрхүүд мод худалдаж авахаа эрс багасгасан гэсэн дүгнэлтийг иргэдээс ч, модны худалдаачдаас гаргаж байна. Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 1875 төгрөг байхад шуудай мод 6000-7000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс шалтгаалан галаа унтраахгүйгээр дээрээс нь шахмал түлшээ шууд хийн галлагаа таслахгүйгээр явуулснаас шалтгаалан ноцолт биш уугилт их явагдаж байгааг иргэд хэлж байна. Гарцаагүй нэг үнэн байгаа нь жил ирэх тусам сайжруулсан шахмал түлшний хэрэглээний хэмжээ нэмэгдэж байна. Гал түлж байгаа айлын тоо цөөрөхгүй л байгаа учраас түлшээ зуухтайгаа эвцэлдүүлэх шаардлага үүсэж байгааг улам их нотолж байна" гэсэн мэдээлэл хийсэн.

Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Судалгаанаас харахад, 2019-2020 онд 320 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр түүхий нүүрс 8000 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр 8000 төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байгаа учир агаарын бохирдол их байна" гэж ярьсан.

Удирдлагууд муу ажиллаж улс орноо, ард түмнээ хохироож дордуулсан бол уучлал гуйгаад албан тушаалаа огцордог жишиг дэлхий нийтэд бий. Зөвхөн манайхаас бусад газарт үйлчилдэг бичигдээгүй хууль. Гэтэл манайд нийслэлийн орлогч даргаасаа эхлээд Сайд нь хүртэл утаа ихэсч байгаа нь зөвхөн иргэдийн хариуцлагагүй, хэмжээ хязгааргүй галлаж байгаатай холбоотой гэж тайлбар хийж байна. Идэр есийн хүйтэнд ингэж хэлж буй нь иргэд ээ доромжилж байгаагаас өөрцгүй билээ. Өөрсдөө паартай байшин, паалантай жорлонд суучихаад “Шахмал түлш хэтэрхий хямд учраас иргэд авч замбараагүй түлээд байна. Зуух аа галлаж чадахгүй байна” гэх.

Өөр нэг баатар бол “Утаа” нэрээр гарч ирж олноо танигдан “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-тай болж түүнийхээ буянаар Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд очсон Ц.Пүрэвхүү гэгч юу хийж байна вэ?. Бүр “Тавантолгой түлш” компанид ТУЗ-ийн гишүүн. Гэтэл энэ сэдвээр ганц ч ган хийхгүй сууна. Утаатай амьдарч байгаа нь, угаартаж үхвэл ч иргэдийн буруу. Тэгээд хэн утааг буруулах болж байна. Наад зах нь салбар нь ядаж энэ асуудлыг ярьж, ажил хийж, чадахгүй бол хариулцлагаа хүлээгээд төрийн албанаас “зайлж" сурах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)