Ц.ЭЛБЭГДОРЖ: Л.Оюун-Эрдэнийг олон улсын хэллэгээр нарциссист гэнэ

Admin | 2024-04-09


  Саяхан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс оронд тулгамдаж буй асуудлын талаар хэд хэдэн зүйл онцолсон. Энэ нь олон нийтийн анхаарлыг нэлээд татсан. Учир нь үүнийг онцлохдоо гол шалтгаан нь Монгол Улсын  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэмээн ярьсан байдаг. 

Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан сэтгэгдлээ илэрхийллээ. Ц.Элбэгдорж "Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний эвлүүлсэн рекламыг үзлээ. Чи их сандарч байна. Нүүр тулахаараа дүү чинь болъё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд бөглөрч, чих таглагдсан байна. Чимээгүй байгаа ч чамд хүмүүс дургүй болсон.  Чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг эмтрээд байна. Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо.  С.Зориг агсныг алсан хүмүүсийг мөрдөгчид илрүүлсэн. Хууль, шүүх тогтоосон. Тэр хүмүүс одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний уулзсан хүнээсээ эмээж байна. Нэг л өдөр чи шалгагдана. С.Зоригийг алсан этгээдүүд, алуурчинтай хамсаатан болсон хүмүүс үргэлж сандарч яваа.

26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ.  Аллагын хэрэг илрэхгүй хугацаа алдахад би АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэх хүсэлт тавьж байлаа. Ажлын хэсгийг хаана байгуулж, хэн өөрчилдгийг хуульчид хэлнэ. Үүнд Ерөнхий сайд оролцох боломжгүй. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар туслахыг хичээж ирсэн. Би энэ талаар хэзээ ч хэнтэй ч ярилцахаас цааргалж байсангүй. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст болсон дэлгэрэнгүй яриа одоо ч миний цахим хуудсанд бий..." хэмээн нэлээд олон зүйлийг дурдсан юм. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)