Монгол Улс олон улсын НҮҮРСТӨРӨГЧИЙН зах зээлд гарахад Дэлхийн банк тусална

Admin | 2024-04-10


  Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан цөлжилт, газрын доройтол, ойн хомсдолыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хүлэмжийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Түүнчлэн Монгол Улсын Олон улсад хүлээсэн амлалтууд бий. Тэгвэл үүнтэй холбоотой хурал, семинарт дэлхийн банкны олон улсын туршлагатай мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулахаас гадна, дотоодын үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүд хэлэлцүүлэгт оролцлоо.

Дэлхийн Банкнаас ажиллаж буй бүсийн төлөөлөгч, ахлах мэргэжилтнүүд зөвхөн хурал семинарт оролцоод зогсохгүй 2024 оны 4 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд “Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт”-ийн зөвлөх үйлчилгээ, аналитик хөтөлбөрийн хүрээнд мэдлэг түгээх, солилцох айлчлал хийж байна. 

Айлчлалын Зорилго нь: “Монголын байгальд суурилсан шийдэл, боломж” сэдвээр Дэлхийн банкнаас хийсэн шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах зорилгоор олон салбарын гол түншүүдтэй семинар зохион байгуулах; Байгальд суурилсан шийдлийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх зорилгоор БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сан болон Зах зээлийн хэрэгжилтийн түншлэлээс олгож буй хоёр буцалтгүй тусламжаар санхүүжүүлж болох шинэ техникийн тусламжийн хүрээг хэлэлцэх; мөн байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, ойн аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт ба санхүү болон бусад хөгжлийн салбарын холбогдох түншүүдтэй уулзалт хийж санал солилцох юм.

Дэлхийн банкнаас Монгол дахь байгальд суурилсан шийдлийг нүүрстөрөгчийн зах зээлд нэвтрэхэд (PMI) зориулсан буцалтгүй тусламж үзүүлэх санал дэвшүүлж байна. Санал болгож буй PMI арга хэмжээ нь үндсэн хоёр шаттайгаар явагдах бөгөөд үүнд:

  • Нүүрстөрөгчийн үнэ тогтоох хэрэгслийн суурийг тавих,
  • Техникийн мэдлэг олгох, нэгдүгээр үе шатад тодорхойлогдсон тэргүүлэх асуудлуудад шийдэл гаргаж өгөхөд.

Дэлхийн банкнаас дээрх үйл ажиллагаанд дэмжлэгийн санал болгож буй 150.000 ам.долларыг төсөвлөн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргаад байна. Үйл ажиллагаанд Монгол улсын нүүрс төрөгчийн зах зээлд нэвтрэх Байгальд суурилсан шийдлүүд дээрх өнөөдрийн нөхцөл байдлын судалгаа хийж, тэргүүлэх салбаруудтай уялдаатай ажиллан Замын-зураг боловсруулах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)