"Шахмал түлшнээс иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон"

Admin | 2022-01-13


Агаарын чанарын өөрчлөлттэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод холбогдох яамд, Нийслэл, дүүргийн удирдлагууд өнөөдөр ажиллалаа.

Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагуудын хамт айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонсов.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд холбогдох удирдлагууд агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд ийнхүү биечлэн ажиллаж байгаа аж.

Энэ үеэр иргэд түлшний чанар, дулаан хадгалалт, шаталт, үнэр зэрэгт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байгааг хэлж байв.

Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд сайжруулсан түлштэй холбоотой иргэдийн гомдол, санал хүсэлтийн хариуд үйлдвэрлэл, технологи, хадгалалтын талаар холбогдох удирдлагуудад тайлбарлав.

Угаагаагүй түүхий нүүрсний илчлэг байдал 2,000-3,000 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5,700-6,000, чийг 1.7-2.5 хувь байдаг.

Мөн иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн мэргэжилтнүүд хэлсэн юм гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)