МАН-ын 9 гишүүн буруутай нь тогтоогдвол багадаа 10 жилийн ял авч магадгүй

Admin | 2022-03-30


  Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгсөн талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, Дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар намын гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлэх юм байна. Товчхондоо намаасаа хөөгдөж үлдсэн насандаа сумаас ч нэр дэвших боломжгүй болно гэсэн үг. Энэ бол намын дотоод асуудал.

Харин хуулийн хүрээнд ямар харицлага хүлээх вэ гэдэгт л бид анхаарал хандуулах чухал. Учир нь улс төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгийг хэдэн зуун тэрбум, их наядаар нь гувшуулчихаад үүрэг хариуцлагаас хуурай мултардаг явдал өнөөдрийн нийгмийн эрүүл бус үзэгдэл болоод байгаа. Мэдээж УИХ-ын гишүүн Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн нь тогтоогдвол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь ойлгомжтой. Улмаар тухайн гишүүн зээлийг ямар байдлаар өөртөө нааснаас хамаараад шүүхээс сонсох ял шийтгэл харилцан адилгүй байх. Гэвч нэг хүн нэг зүйл заалтаар буруутгагдаад хөнгөн хариуцлагаас мултрахгүй л болов уу. Гишүүд дор хаяж 10 жилийн ял шүүхээс сонсож магадгүй байна.

Жишээ нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллах хугацаандаа хоёр найздаа буюу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргасан байдаг. Хэдийгээр гүйлгээг ажлаа өгснөөс хэдхэн хоногийн дараа хийгдсэн, надад хамаагүй гэх боловч тэднийг холбоо хамааралгүй гэхийн аргагүй өнөөдөр үй зайгүй хамт явдаг билээ. Зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Дамдинням бүртгэлтэй бол, Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг нь гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

Энэ байдлаас харахад зөвхөн Г.Амартүвшинг албан тушаалаа урвуулан ашиглаж зээл олгосон буюу дунджаар 2-8 жилийн ял, байршил өөрчилж буюу өөр компанийн данс руу хийж чиглэл өөрчилсөн байдлаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн 1-5 жилийн ял оноох магадгүй. Энэ мэтчилэн зүйл заалт нь дотроо нарийн задраад явахаар Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод буй гишүүд болон гишүүн байсан хүмүүс дорж хаяж 10 жилийн ял шийтгэл авч магадгүй байна.

Мэдээж хэрэг шалгагдах явцад өөр зүйл заалтууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Хуулийн ял шийтгэлийг дор оруулав.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг Авлигын гэмт хэрэг

22.1. дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үүний 3-т Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

22.9 дүгээр зүйл Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэж заасан байдаг. Энэ зүйл анги 2-8 жилийн ял шийтгэлтэй.

22.10 дугаар зүйл Үндэслэлгүйгээр хөрөнгөжих энэ гэмт хэргийг ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.

18.6 дугаар зүйл Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн бол 1-5 жил хугацаагаар хорих ялтай. Хэрэв гэмт хэргийг ялангуяа зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Түүнчлэн энэхүү гэмт хэргийг улс төрийн нөлөө бүхий этгээд үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлнэ гэж заасан байна.

Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)