Говийн бүсийн чуулганыг Даланзадгадад зохион байгуулна

Admin | 2022-06-22


Говийн бүсийн ил тод байдлын чуулганыг "Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт" нэртэйгээр энэ сарын 23-24-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад зохион байгуулна.

Нэгдсэн чуулганы гол зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн ЗДТГ ажиллаж буй бөгөөд тус аймгийн бүх сумын удирдлага, ЗДТГ-ын харьяа байгууллагууд болон говийн бүсэд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниудын оролцоо өндөр байх аж.

Мөн УУХҮЯ, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, АМГТГ, АТГ болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын захиргаа, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн, уул уурхай бүхий сумдын төлөөлөл, Монголын ОТБС-ын Ажлын хэсгийн гишүүд оролцоно.

Тус чуулга уулзалтын зорилго нь

  • Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох,
  • Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхүүлэн дэмжих,
  • Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх,
  • Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм байна.

Мөн чуулганы үеэр Өмнөговь болон говийн бусад аймгийн уул уурхайн компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой нээлттэй өдөрлөгийг Даланзадгад сумын Спорт цогцолборт зохион байгуулах юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэд ажлын байранд анкет бөглөх, ярилцлагад орохоос гадна уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллаж ханган нийлүүлэлт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)