Д.МӨНХБОЛД: Амны хаалт зүүх нь ковидоос хамгаалах гол арга гэдгийг зөвлөж байгаа

Admin | 2022-08-15


Сүүлийн сард коронавируст цар тахлын шинэ төрлийн давалгаа эхэлж,  иргэдийн дунд тархалт нэмэгдэж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж, урьдчилан сэргийлэхийг сануулж буй. Үүний дагуу 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа, ээлжийн горимтой Эрдэнэт үйлдвэрийн хувьд ямар чиглэл барьж ажиллаж байгааг үйлдвэрийн Шуурхай штаб, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболдоос тодрууллаа.  
-Ковидын өөр төрлийн хувилбарын тархалт нэмэгдсэн. Гадуур ихсэж байгаа халдвараас Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штабаас ковид цар тахлын өөр төрлийн хувилбарын давалгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Олон нийтийг хамарсан уулзалт хурал, сургалт семинари, спортын уралдаан тэмцээн, баяр амралтын үйл ажиллагааг зөвхөн задгай талбай, агаарт зохион байгуулж, ажилтнуудаа унтаж амрах, ажил амралтаа  тэнцвэртэй зохицуулах талаар тогтмол зөвлөмж хүргэж байна. Ковидын шинжилгээг зөвхөн ажлын өдрүүдэд авч байсныг хүлээлт чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс амралтын өдрүүдэд ч авдаг болголоо. Ээлжийн амралтаа дуусгаад ирж байгаа ажилтнуудаа шинжилгээнд хамруулсны дараа ажилд нь оруулахаар шийдвэрлэсэн. Нөгөө талаар, ойрын хавьтал гэж тусгаарлахгүй болсон. Өмнө нь гэр бүлийн хүн өвдсөн тохиолдолд тухай ажилтныг ойрын хавьтал гэж үзэж, ажлаас чөлөөлдөг байсан шийдвэрийг цуцалсан. Тиймээс халдварын шинж илэрсэн бол тухайн ажилтан өөрөө өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй шинжилгээгээ өгөөд, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб ажилтан бүрийг амны хаалт, бээлий зэрэг хамгаалах хэрэгслээр тогтмол хангаж байгаа. Иймд ажилтнууд маань амны хаалтаа зүүх, урьдчилан сэргийлэх хувийн дадал хэвшлээ баримталж, мөрдөх шаардлагатай. Ер нь амьсгалын замаар халдварладаг ковид цар тахлаас хамгаалах хамгийн гол үр дүнтэй арга бол амны хаалт зүүх гэдгийг эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд тодорхойлсон. Энэ дагуу зөвлөмж, санамжийг байнга өгч ажиллаж байна. 
-Аймаг, орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?   
-Аймгийн Онцгой комисс болон орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс өмнөх жилүүдтэй адил нэмэлт ор, эмнэлэг гаргах, шинжилгээ ирж авах, хүргэх зэрэг үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь улсын онцгой комиссын хорио цээрийг цуцалж, улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжүүлсэн шийдвэртэй холбоотой. Харин халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг бүх ажлыг өрхийн эмнэлгүүдэд хариуцуулж, зардлыг нь хоёр дахин нэмсэн.  Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд тухайн харьяаны өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх юм. Энэ чиглэл ч манай үйлдвэрийн ажилтнуудад адилхан хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, өрхийн эмчдээ хамгийн түрүүнд хандах хэрэгтэй.
-Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штабын онцлох зөвлөгөө, санамжийг уурхайчид, ажилтнууддаа хандаж хэлэхгүй юу?
-Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штаб ажиллаж байгаа. Бид 24 цагийн байнгын үйл ажиллагааг зогсоосон ч манай 71400 тоот утсанд тогтмол мэдээлэл хүлээн авч байна.   Омикроны мутацид орсон шинэ хувилбарын шинж тэмдэг нь нууц, ерөнхийдөө халуурах, бие зарайх, хоолой өвдөх гэх мэтээр ханиад томууны шинж илэрдэг. Халдвар тусаад эхний 5 хоног дотор хүндрэл бага боловч хожим хоруу чанар ихтэй гэдгийг эмч нар хэлж байгаа. Тухайлбал, цус өтгөрч, зүрх судасны өвчлөлд хүргэх, урт удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болох гэх мэтчилэн. Мэдээж, амьсгалын замаар халдварладаг тул халдвар авсан хүнтэй их ойрхон, удаан хугацаанд хамт байхаас аль болох татгалзах, олон нийтийн газар амны хаалт байнга зүүх гэх зэргээр урьдчилан сэргийлэх хувийн дэг горимоо баримтлахыг дахин зөвлөе. Мөн өдөр бүр ахуй амьдралдаа мөрдлөг болгох өөрийгөө болон гэр бүлээ бусдаас тусгаарлах, харилцаагаа 80 хувиар бууруулах, олон нийтийн газраар болж өгвөл явахгүй байх, агааржуулалт муутай битүү орчинд 15 минутаас дээш хугацаагаар байхгүй байх зэрэг зарчмуудыг мөрдлөг болгоорой гэж уриалж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)