СУРВАЛЖИЛГА: Дотоодын дүрэмт хувцасны үнэ Хятад үйлдвэрийнхээс 100 мянган төгрөгөөр үнэтэй байна

Admin | 2022-08-17


Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх сарын 1-нд ЕБС-иудын хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр болсон билээ.

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулж наймдугаар сар эцэг эхчүүдийн хувьд санхүүгийн чанга сар болдог. Ялангуяа энэ жил сурагчдын дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 20-50 мянган төгрөгөөр нэмэгджээ. ЕБС-ийн сурагчдын хувьд ижил загварын дүрэмт хувцас өмсдөг хэдий ч материал, үйлдвэрийн чанараас хамааран үнийн хувьд ялгаатай байна. 

Тодруулбал өнгөрсөн онд “Бат Зүү” компанийн эмэгтэй ахлах ангийн багц үнэ 134 мянган төгрөг байсан бол өнөөдөр 183 мянга төгрөг болж өсчээ. Харин эрэгтэй ахлах ангийн багц үнэ 128 мянган төгрөг байсан бол 168 мянган төгрөг болж 40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

 Бид дотооддоо үйлдвэрлэдэг болон урд хөршөөс орж ирдэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш, иргэдийн худалдан авалтыг  судлахаар "Sunday-2" худалдааны төв болон дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй дүрэмт хувцасны захуудыг зорив.

"Sunday-2" худалдааны төвд өглөө 09:00 цагийн үед очиход хараахан нээгдээгүй байсан ч гадна талбайн хэд хэдэн лангуун дээр сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байлаа. Худалдааны төв хаалттай байсан болоод ч тэр үү гадна талбайд хүн ихтэй байв. Эхний лангууны дунд ангийн сурагчийн өмд 35 мянган төгрөг, цамц 25 мянган төгрөг байсан нь Хятадаас орж ирсэн дүрэмт хувцас гэв. Мөн дунд ангийн хөвгүүд, охидын юбка, хүрэм 70-75 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүд, охидын хоёр хос 90 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

"Барааны үнэ хэд дахин өссөн, цалин нэг ч төгрөг нэмэгдээгүй энэ үед аль хямдыг нь л  иргэд авч байна"

Лангууны худалдагчаас худалдан авалт хэр байгааг тодрууллаа. 

Худалдагч Н: Одоо л хүмүүсийн худалдан авалт жигдэрч байна. Хятадаас орж ирдэг сурагчийн дүрэмт хувцсанд хүмүүс ам муутай байдаг. Гэсэн хэдий ч үнэ хямд байдаг учир худалдаж авсаар л байна. Зарим хүн үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцаснаас чанарын хувьд илүү байна ч гэж хэлдэг.  Барааны  үнэ хэд дахин өссөн, цалин нэг ч нэмэгдээгүй энэ үед иргэд аль хямдыг л авч байна” гэв.

"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байвч чадал хүрэхгүй байна"

Худалдан авагч О. Тайшир: Манайх сургуулийн насны 3 эрэгтэй хүүхэдтэй. Эрэгтэй хүүхдүүд болоод ч тэр үү хувцас нь амархан элэгдэж, өнгөө алдчих юм. Жил бүр хоёр ээлжийн цэнхэр цамц авах шаардлагатай болдог. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн ч цалин, орлого хаанаа ч хүрэхгүй байгаа тул аль хямдыг нь авахаас өөр сонголтгүй байна.

Худалдан авагч Б. Энхмаа:  Дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн байна. Сайн материалтай гэж бодоод ганц юбка, ганц цагаан цамц авахад л 100 мянган төгрөг давчхаж байна. Хүүхдийн дүрэмт хувцсыг хоёр жил болоод л солихгүй бол өнгөө алдаж бөөсрөөд байх юм. Уг нь аль болох өмсөх тусам агшиж, өнгөө алддаг бус материал сайтай байхаар үйлдвэрлэвэл зүгээр байна.

Дотоодын үйлдвэрийн ахлах ангийн багц үнэ 231 мянган төгрөг бол Хятад багц 120 мянган төгрөг байна

Цаашлаад дотоодын үйлдвэрлэгч болох "Торгон хийц" ХХК-ийн лангуун дээр очвол дунд ангийн өмд 60 мянган төгрөг, цамц 35 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин Хятад сурагчийн дүрэмт хувцас үүнээс 10-25 мянган төгрөгөөр хямд байв.

Мөн "Өүлэн Менч" компанийн хүрэм 120 мянган төгрөгийн үнэтэй бол Хятад хүрэм 55 мянган төгрөгийн үнэтэй байна.

Дотоодын үйлдвэрлэгчдээс “Shilmel zagvar”,  “Өүлэн Менч”, “Бүтээлч Үйлс” зэрэг компаниудын сурагчийн дүрэмт хувцасны үнийг танилцуулъя. 

“Shilmel zagvar” :

“Өүлэн Менч” :

“Бүтээлч Үйлс” :

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)