Б.СЭТГЭЛТҮВШИН: “Хувьсал” продакшны уран бүтээлд тоглох мөрөөдөл минь биелсэн

Admin | 2022-08-28


“Хувьсал” продакшны долоо дахь бүтээлНоён эмэгтэй” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Тус киноны гол дүр болох Алимаагийн дүрийг бүтээсэн Б.Сэтгэлтүвшинтэй ярилцлаа.

-Нээлтээ хийгээд буй "Ноён эмэгтэй" киноны талаар бидэнд товчхон танилцуулахгүй юу?

-Сорогдогийн Жаргалсайхан гуайн  “Би эр хүнд хайртай” жүжиг 2010 онд тавигдаж байсан. Уг жүжиг Өмнөд Солонгосын хорих ангид хоригдож буй дөрвөн эмэгтэйн талаар өгүүлдэг. Харин “Ноён эмэгтэй” киног 16 дүртэйгээр, монголын хорих ангид хоригдож буйгаар тавьж найруулсан. У.Урнаа эгч урьд өмнө нь кинонд тоглож байгаагүй, хараахан олонд танигдаагүй болон уран бүтээлийн завсарлага аваад байсан жүжигчдийг киноныхоо дүрээр сонгосон нь маш их онцлог байлаа. Тус киног "Хувьсал" продакшны уран бүтээлчид гурван жилийн хугацаанд хийсэн. “Ноён эмэгтэй” киноны зохиолыг “Хувьсал” продакшны уран сайхны бодлогыг хариуцдаг, кино зохиолч Г.Бямбасүрэн бичсэн.

-Та дүрийнхээ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх гэрийнхэнтэйгээ аялалд явж байх үеэр “Хувьсал” продакшнаас ярьж дүрийн санал тавьсан. Ямар ч дүрийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд Алимаагийн дүрийг өгсөн. “Хувьсал” продакшны уран бүтээлд оролцох мөрөөдөл маань биелж маш том хариуцлагыг өөртөө өгч кино зураг авалтадаа орсон. Дүрийнхээ саналыг маш их баярлаж хүлээж авсан.  

-Анх кино дүрийнхээ зохиолтой танилцахад ямар санагдаж байв?

-Кино зохиолын дүрийн хувьд Алимаа гээд 30 настай, эсрэг эмэгтэйн дүр байсан. Миний хувьд 30 нас хүрээгүй учраас зохиолоо уншаад маш их айдас төрж байсан. Дүрийн хувьд характер өндөр, эргэлттэй дүр байсан учир “итгээд өгч байгаа итгэлийг нь алдвал яана даа” гэсэн айдас их байсан. Гэхдээ СУИС-ийг төгссөн мэргэжлийн жүжигчин хүн учир айдсаа дараад энэ дүр дээрээ итгэлтэйгээр ажиллаж эхэлсэн.

-Алимаа киноны эхэнд жирийн л нэг дүр байх боловч киноны дундаас тэс өөр хүн болоод гараад ирсэн нь сонирхол татлаа?

-Аливаа уран бүтээл эсрэг дүргүйгээр сонирхолгүй шүү дээ. Мөн эсрэг дүр нь гол дүрээ илүү тодотгож өгдөг онцлогтой. Эхэндээ энгийн дүр байгаад киноны дундаас эсрэг дүр болж хувирдаг. Энэ дүрээрээ олон зүйлийг өгүүлэхийг хичээсэн. Үзэгчид киног маань үзээд өөрөө өөрсдийн дүгнэлтээ хийх байх аа.

-Бусад бүтээсэн дүрүүдээс нь Алимаагийн дүр юугаараа онцлог байсан бэ?

-Өмнө ажиллаж байсан дүрүүд дээр эхэнд гарсан хүн төгсгөлд нь яг л нэг хэвээрээ байгаад дуусдаг байсан. Харин “Ноён эмэгтэй” кинон дээрх Алимаагийн дүр эерэг, сөрөг хоёр дүрийг гаргаж, жүжигчний ур чадвар шаардсан дүр байснаараа онцлог байлаа.

-“Ноён эмэгтэй” киног үзэхээр төлөвлөж буй үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Киноны хувьд эрэгтэй, эмэгтэй бүх л хүнд зориулагдсан кино учраас “Ноён эмэгтэй” гэж нэрлэсэн. Манай киног үзээд эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг хариуцлага гэж юу байх, жендерийн асуудал буюу аль нэгэндээ хүнд ачаа үүрүүлэх нь ямар хор уршигтай зэрэг олон асуудлыг хөндсөн кино болсон. Олон хүн киног маань үзэж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж хүсэж байна.  

А.МӨНХНАРАН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)