С.ДОРЖПАЛАМ: Том цолтой бөхчүүдээ хүндэлж, үеийн залуусаа түшиж явах нь сайхан санагддаг

Admin | 2022-09-27


   Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан сар бүр зохион байгуулдаг сумын цолтой залуу бөхчүүдийн 100 дахь удаагийн барилдаанд 330 сумын манлай бөхчүүд зодоглосон юм. Тус барилдаанд 10 давж түрүүлэн 1000 бөхийн манлай болсон "Говийн хүчтэн" дэвжээний бөх Сугирын Доржпаламтай ярилцлаа.

-Юуны өмнө сумын цолтнуудын 100 дахь барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Баярлалаа. Олон аавын хүүхдүүдтэй хүч үзэн түрүүлсэндээ сэтгэгдэл маш өндөр байна. Маш том сургамж болсон сайхан барилдаан боллоо.

-Өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэв?

-Намайг Сугирын Доржпалам гэдэг би Өмнөговь аймгийн Манлай суманд төрж өссөн. Арван жилдээ чөлөөт бөхийн секцэд явдаг байсан. 2019 оноос Улаанбаатар хотод орж ирээд үндэсний бөхийн бэлтгэл хийж эхлээд 2020 оны тавдугаар сард цэргийн албанд татагдсан. Зэвсэгт Хүчний 032 ангид алба хаагаад 2021 оны долдугаар сараас бэлтгэлдээ  эрчимтэй ороод байна.

-Бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна?

-Миний хувьд хүчний бэлтгэлээ Өмнөговь аймгийн Манлайн сумын заан А.Баяртогтох ахаас заавар зөвлөгөө авч хийдэг. Харин үндэсний бөхийн бэлтгэлээ “Хурд” дэвжээн дээр Д.Энхболд болон аймгийн арслан Ж.Дашпүрэв багший удирдлага дор хийж байна.

-Бөхчүүдэд үндсэн мэх гэж байдаг. Таны хувьд ямар мэхэндээ илүү сайн байна вэ?

- Сугадаж суйлих мэхийг голдуу хийдэг. Бэлтгэлийнхээ үр дүнг гаргаж, харуулж барилдахыг үргэлж хичээдэг. Ер нь бөх хүн олон угсраа мэхтэй, түүндээ эзэн байх хэрэгтэй. Шинэ мэхийг сурч, өөртөө гаршуулах ёстой. Мэхээ илүү сайн болгохын тулд багш, ах нараасаа суралцаж байна.

-Залуу бөхчүүдэд барилдааныг нь үзэж, мэхийг нь сурч үлгэр жишээ авдаг бөх гэж байдаг шүү дээ. Ямар бөхчүүдээс үлгэр жишээ авдаг вэ?

- Монгол улсын гарьд Ө.Бат-Орших ахаасаа үлгэр жишээ авдаг. Мөн нутгийнхаа олон сайхан цолтой бөхчүүдийн уран барилдааныг үзэж тэднээсээ үлгэр жишээ авдаг даа.

-Өмнө нь ямар барилдаануудад барилдаж амжилт гаргаж байв?

-2021 онд Манлай сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Энэ жил буюу 2022 онд дахин түрүүлж цолоо баталсан.

-Монгол бөх удам залгадаг гэдэгТанай удамд бөхийн хүн бий юу?

- Манай удамд хоёр сумын заан бий.

-Бөхийн спортоор хичээллэх давуу тал нь юу вэ?

-Үндэсний бөх бол Монголын томоохон өв соёл шүү дээ. Багадаа хонины бэлчээрт, хээр үеийн найз нөхөдтэйгөө барилдаж өссөн болохоор цаанаа л гоё байдаг. Мөн бөхийн спортод хүндлэл гэж маш сайхан зүйл бий. Том цолтой бөхчүүдээ хүндэлж, үеийн залуучуудаа түшиж явах нь сайхан санагддаг.

А.МӨНХНАРАН

                                      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)