Олон улсын стандартаар сургах “Гагнуурын сургалтын төв”-ийн нээлт боллоо

Admin | 2022-05-10


 ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр байгуулсан Олон улсын стандартын “Гагнуурын сургалтын төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. 

     Нээлтийн үйл ажиллагаанд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч Регина Рутенберг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази хариуцсан менежер Мартина Агрел, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төслийн менежер Беате Диппмар, ХНХ-ын яамны боловсрол, судалгаа, мэдээлэл, арга зүйн төвийн дарга Ц.Батдорж, Шахтбау Нордхаузен ХХК-ийн Олон улсын уул уурхайн хэлтсийн дарга Олаф Шмидт, Хасу Мегаватт ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Оргил, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн дарга Д.Бүүвэйбаатар, Ора металл ХХК-ийн захирал С.Бат-Эрдэнэ, “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Энхбаяр болон баялаг бүтээгч уурхайчдын төлөөлөл оролцлоо. 

     “Гагнуурын сургалтын төв”-ийг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж өгсөн. Энэ үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал заалт бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хөгжлийн асуудал юм. Иймээс уул уурхайн салбарын мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх бодлого, хамтын ажиллагааны хүрээнд энэ төсөл хэрэгжиж, “Гагнуурын төв”-ийг нээж байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Орхон аймгийн аж үйлдвэрийн салбарт, цаашлаад манай улсын уул уурхайн салбарт мэргэжлийн чадавхтай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байгаад төслийн оролцогч талууд Германы элчин сайдын яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэв. 

     Уг төсөл Герман Монголын хамтарсан МСҮТ болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр хэрэгжиж байгаа аж. Одоогийн байдлаар тус төв 10 шинэ тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулжээ. Мөн зориулалтын агааржуулалтын систем тавьсан 16 өрөө тасалгаатай болж, үйл ажиллагаа явуулах хүчин чадал нэмэгджээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)