Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

Admin | 2022-11-21


Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ.

УИХ, Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна. Энэ нь аймаг орон нутагт эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах, менежмент муу байгааг илтгэн харуулж байна” хэмээгээд хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлага болон Эрүүл мэнд, Эрчим хүч, ХХААХҮ-ийн сайдад дараах үүрэг чиглэл өглөө.

 

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбаруудын талаарх судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэн даруй бүрдүүлэх, халдвараар өвчилж, эдгэрсэн иргэдэд сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

 

Малчид, мал бүхий айл өрхүүд өвөлжөөндөө буусан, малын шилжилт хөдөлгөөн бүрэн зогссон 2023 оны 1-3 дугаар сард малын гоц халдварт өвчний тандалт, эмнэлзүйн үзлэг хийх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлэх тул орон нутгийн түвшинд бэлтгэл ажлыг хангах, ажиллах хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх;

Эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайд өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг тус тус даалгалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)