С.ОДОНТУЯА:  Ерөнхий сайд Архангай аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна

Admin | 2022-11-30


  УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.

   Тэрбээр "Ерөнхий сайд Архангай аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. 2020 оны Нутгийн өөрийн удирдлагын байгууллага – ИТХ-ын сонгуулиар Архангай аймагт ИТХ-ын 39 мандатаас Ардчилсан нам 20 суудал, МАН 19 суудал авчээ. Ард түмэн Ардчилсан намыг олонх болгосон энэхүү сонголтыг МАН удаа дараа үгүйсгэн, улс төрийн тоглоом болгож байна. Энэ бол ардчилал ихээхэн гажуудаж, нутгийн өөрийн удирдлагын эрх мэдэлд халдаж байгаа хэрэг мөн.

Сүүлийн 6 жилийн туршид МАН УИХ болон аймгуудын орон нутгийн ИТХ-д үнэмлэхүй олонхи болж, эрх мэдлээр хахсан уу гэхээс дутаагүй байлтай. Монгол улсын Нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-д заасны дагуу ИТХурлын төлөөлөгч болон ИТХ дахь нам эвслийн бүлэг дангаараа эсвэл хамтарч энэ хуулийн 56.3,56.4-т заасан шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгоно. 56.5.2-т Энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс хуулийг үл тоомсорлон, ИТХ-ын шийдвэрийг үгүйсгэсээр ирснээс улбаалан Архангай аймгийн засаглал тогтворгүй, үр бүтээл муутай байсаар байна.

Архангай аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргад хуулийн заалт, шаардлагыг чанд баримтлан нэр дэвшүүлсэн В.Мөнхбатыг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар ч хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр, зүгээр л томилохоос татгалзаж байгаа нь ардчилал ихээхэн гажуудаж, хуулийн засаглал алдуурсны нэгэн дохио юм. Гэтэл өвлийг угтсан нөхцөл байдлаас харахад Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат, Их-тамир зэрэг 10 сумдад зудын эрсдэл нүүрлэж байна. Өвөлжилт хүндрэх төлөв бодитоор үүсээд байхад Засаг даргагүй суугаа нь шийдвэргүй байдал үүсгэж, зуд дээр зовлон нэрмэх шинж орчихлоо.

Үүнд бэлтгэх, мөн цаг үеийн шинжтэй, аймаг орны хөгжлийн нэн тулгамдсан олон ажил, асуудал шийдлээ хүлээж байгаа. Гэтэл Ерөнхий Сайд нутгийн ард түмний сонголтыг үгүйсгэж, намчирхах үзлээр асуудалд хандан, богино зайн улс төрийн тоглолт явуулж байгаа нь ихээхэн уршиг дагуулах шинжтэй боллоо.

Эрхэм Ерөнхий сайд, МАН-ын дарга аа, Та нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг үгүйсгэж, орон нутгийн хэмжээний будлианд хутгалдаж үнэт цагаа барахаа боль. МАН-д эрх мэдэл дутлаа гэж үү" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)