Ц.ОЮУНГЭРЭЛ: Хамгийн том хулгайг хуулиар зөвшөөрч хамгаалсан байна

Admin | 2022-12-18


  Иргэний оролцооны нэгдэл намын тэргүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийж,   УИХ, Засгийн газарт хандаж, “Хуультай хулгайг таслан зогсоох”  шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Иргэний оролцооны нэгдэл нам нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг  дэмжиж,  намдаа энэ асуудлаар ажиллах ажлын хэсэг байгуулжээ.

Тэд “Сөрөг хүчний хувьд мэдэж болох нээлттэй мэдээллийн хүрээнд нүүрсний хулгай,  тэр дундаа  хуулиар хамгаалагдсан том  хулгай  яаж явагдаж байгааг  судалсан” гэнэ.

Ц.Оюунгэрэл ярихдаа  “44 их наядын гэж яригдаад байгаа хулгайг  Засгийн газар удаа дараа няцааж,  бүх хулгай 12 их наядад багтах гээд байна шүү, үүнээс цаашаа ухвал бараг юм гарч ирэхгүй шүү” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.  Олдохгүй үлдэх гээд байгаа, худлаа мэдэгдэл хийсэн гэж шүгэл үлээгчийг буруутгах шахаад байгаа  30 гаруй их наяд  төгрөгийн хулгай нь ямар замаар явсан байж болох вэ?

Энэ хулгай яаж явсныг бид бараг анзаарахгүй өнгөрөх гээд байна. 

Хулгай ямар замаар явсныг хуулин дээрээс хайхад  ашигт малтмалтай холбоотой хамгийн том хулгайг хуулиар зөвшөөрч хамгаалсан байна. 

Энэ хулгай яаж явсныг  тайлбарлая.

 Ашигт малтмал гэдэг төрийн өмч, ард түмний баялаг.  Энэ баялгийг ард түмний нэрийн өмнөөс  төр бусдад ашиглуулдаг. Төрийн өмч, ард түмний баялгийг ашигласныхаа төлөө  төлбөр төлдөг. Үүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа болгон баялагаас иргэдэд хувь хүртээж байгаа гэсэн үг. Монголын ард түмэнд төлбөр төлөхгүйгээр ашигт малтмалаас ашиг олж байгаа этгээдүүд хулгайн схемын нэг хэсэг юм. Бид үүнийг олж тогтоож байгаа.

Яагаад гэвэл ашигт малтмалаас орлого олоод байгаа мөртлөө  татвар, төлбөр төлөхгүй байгаа этгээдүүд хэн байна гэхээр  эрх мэдэлтнүүдийн мэдэлд байгаа компаниуд, сүлжээнүүд байна.

Ашигт малтмалыг ашиглах гэж юу вэ?

Ихэнхи орнууд ашигт малтмалыг ашиглах гэж ийм ийм зүйлсийг хэлнэ гээд томьёолсон байдаг. Монгол Улсын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д энэ тухай заасан. Ашигт малтмал ашиглах гэдэг бол ашигт малтмал ялган авахыг хэлнэ. Ашигт малтмал олборлохыг хэлнэ. Ашигт малмталын ашигт агуулгыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Ашигт малтмал баяжуулах үйл ажиллагааг хэлнэ. Ашигт малтмалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг хэлнэ. Ашигт малтмал ашиглах энэ долоон процесоос алин дээр нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч чаддаг юм бэ гэж бид судалсан.

Гэтэл зөвхөн уурхайн аман дээр энэ бүх үйл явцыг бүгдийг нь хийдэг гээд Эрдэнэс таван толгой төлдөг юм байна. Хамгийн сүүлд экспортод гаргаж байгаа нь нэг төлдөг юм байна. Энэ дунд ашигт малтмал борлуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг  бүх ложистикийн компаниуд төлдөггүй юм байна. Ашигт малтмалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд огт төлдөггүй юм байна.

Хамгийн ноцтой нь ашигт малтмалыг хэд ч дамжуулж дамлан борлуулсан экспортод л гаргаагүй бол дундын борлуулагч нар төлдөггүй юм байна.

 100 доллараар амнаас гарч байгаа нүүрс экспортод 400 доллараар гарч байна. Дунд нь орж ирж байгаа 300 долларын нэмэгдэл, ямар ямар компанийн ашиг болж орж байгааг  бүртгэдэг  мэргэжилтэн, байцаагч, цагдаа байхгүй.

Нүүрс, алт зэс, нефть дээр байхгүй  энэ хариуцлага  жирийн иргэдийн жижиг бизнес дээр гарч байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль байдаг.  Энэ бол элс хайрга шаврын тухай хууль. Элс хайрга шаврыг ашиглах бүх үйл явц тусгай бөгөөд энгийн зөвшөөрөлтэй байх ёстой. Элс хайрга шаврыг хүн дураараа борлуулсан бол Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгуульдаг. Аж ахуйн нэгж бол 300 сая төгрөгөөр торгуульдаг. Томчуудын хийдэг бизнес дээр үүнийг хэн ч шалгадаггүй.

Жирийн иргэдийн хийдэг Өнгөт чулуу олборлох гэж бизнес бий. Өнгөт чулууг борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдан авсан  бол Зөрчлийн хуулиар торгуулах заалт бий. Өнгөт чулуу ашиглах үе шат болгон дээр тусгай зөвшөөрөл, хариуцлага байх ёстой гэдэг зарчим хуульд тусгагдсан байна.

Ийм ялгавартай байна.

Элс, хайрга, шавар, өнгөт чулуу, алт нефть, зэс, нүүрс бүгд адилхан ард түмний  баялаг. Ард түмний баялагийг жирийн иргэд олборлож тээвэрлэж, худалдахад заавал татвар төлдөг, Зөрчлийн хуулиар  хариуцлага хүлээдэг байхад  хамгийн ихээр сая сая тонноор гарч байгаа баялаг үе шат болгондоо татвар төлбөргүйгээр  яагаад тээвэрлэгдэж байна вэ? 

Энэ ялгааг олж харсныхаа дараа манай Иргэдийн оролцооны нэгдэл нам  том хулгайч нар  том хулгайдаа зориулаад хууль хийдэг юм байна. Том хулгай гэдэг хуулийн дагуу хийгддэг хулгай байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ хэмээн Ц.Оюунгэрэл ярьсан юм. 

Сэтгүүлчид түүнд дараах асуулт тавихад ийнхүү хариулав.  

-УИХ-ын одоогийн  ажлын хэсэгт итгэл хүлээлгэхгүй байна. Дараагийн ажлын хэсэг байгууллаа ч итгэл хүлээхүйц байж чадах уу?

- Цаашид хулгай гарахгүй  байх, системтэй явагдаж байгаа хулгайг таслан зогсооход Иргэдийн оролцооны нэгдэл намын шаардлага чиглэгдэж байна. УИХ-ын одоогийн байгуулсан ажлын хэсэг чадамжгүй. Уг ажлын хэсэгт хоёр нөлөө бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрч явж байна.

Итгэл хүлээхүйц ажлын хэсэг байгуулъя гэвэл өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж болно. УИХ-ын гишүүдээс гадна, мэдлэг чадвартай экспертүүд оруулах, жирийн иргэдийн төлөөлөл, гадаа жагсч байгаа иргэдийн төлөөллийг ч  УИХ-ын ажлын хэсэгт оруулах боломжтой.

-Таныг жагсагч нарт мэдээлэл зөвлөгөө өгч байгаа гэсэн.  Үүнээс болоод жагсаалыг зохион байгуулж байна гэсэн хардлага бас явна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Жагсаал зохион байгуулах  гэмт хэрэг биш шүү. Харин татвараас бултах нь гэмт хэрэг. Сэтгүүлчид үнэ цэнийнхээ  эрэмбийг зөв тогтоох хэрэгтэй шүү.  Хулгайчдыг хамгаалах хана хэрмийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийлж босгомооргүй байна. Харин энэ хана хэрмийг хамтдаа  нураамаар байна. Би жагсаал зохион байгуулаагүй. Гэхдээ намайг жагсаал зохион байгуулсан гэж хэлэх нь нэр төрийн хэрэг.  Би энэ жагсаалыг анхнаас нь дэмжсэн гэдгээ ил тод хэлж байгаа.

-Та “Намуудын 95 алдаа” гэж ном бичсэн. Энэ номыг уншихад том намуудын санхүүжилтийн систем хулгайг маш ихээр өөгшүүлдэг гэж ойлгогдож байна.  Ерөнхий сайд  хулгайтай тэмцэхээ илэрхийлсэн ч эрх баригч намын тэргүүн гэдэг хулгайч төрүүлдэг схемын толгойд сууж байгаа хүн юм биш үү?

-Нүүрсний  хулгайтай тэмцэх ажлыг удирдаж байгаа хүн бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр хулгайтай тэмцэж байгаа бол МАН  хулгайн мөнгөөр санхүүжиж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх хэрэгтэй. Үнэхээр ингэж хэлж, намын санхүүжилтээ шилэн болгоод, хулгайч нарын мөнгөнөөс ангижирч чадвал гол шалтгаан арилна. Яагаад хулгайч нар хуулийн хамгаалалтад байна гэхээр хуулийн байгууллагуудаар дүүрэн  МАН-ын хүмүүс байгаа. Томилгоог нь энэ нам хийдэг.  МАН хулгайч нарыг хамгаалж, хулгайчид ээлтэй хууль баталж өгөөд байгаа учраас хулгайч нар системтэй ажиллаад байгаа юм. Системтэй хулгайг таслан зогсооё гэвэл  “Мөнгө авчир” гэж тоос сорогч шиг сорж байдаг  нам нь уучлал гуйх хэрэгтэй. МАН ард түмнээ хэлмэгдүүлснийхээ төлөө олигтой уучлал гуйгаагүй. Хулгайн мөнгөөр хэвлэл, урлагийнхан, нөлөөлөгчдийг хахтал нь санхүүжүүлж ирсэн. “Би буруу мөнгөөр санхүүжсэн байна” гээд  эхнээсээ нөлөөлөгчид нь уучлал гуйгаад эхэлсэн. Тэгвэл санхүүжүүлсэн МАН нь одоо уучлал гуйх цаг болсон. Яагаад МАН уучлал гуйх ёстойг  ойлгоё гэвэл  миний бичсэн “Намуудын 95 алдаа” гэдэг номыг уншчихаарай.  

Б.Эгшиглэн

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)