Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя

Admin | 2023-01-23


   Монголчууд зун цагийг хамгийн ихээр хүсч, хүлээсэн өдрүүд үргэлжилж байна. Ойрд хүйтний эрч илүүтэй чангарч, хот хөдөөгүй зутарч, туйлдлаа. Ирэх хоногуудад дахиад ч ширүүснэ гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна. Өдөртөө -30, шөнөдөө -40 хүрэх юм гэсэн. Нийслэл Улаанбаатарт ингэж хүйтэрч байхад баруун аймгуудад цаг агаар бүр ч догшин байх нь ойлгомжтой. Увс, Завхан чигтээ байнгын л -50 градус руу ойртдог. Өнөө жилийн цас, зудтай хэцүүг ч хэлэх үү. Хүн, малгүй л тамираа барж дууслаа, хөөрхий. Гуравдугаар сар хүртэл уярахгүй. Манай орны онцлог ийм байсаар ч ирсэн. Тэсгим хүйтэн өвөлтэй бид дараа жил, тэрний дараа дараагийн жилүүдэд, өнө мөнхөд учирсаар л байх болно.

 

Манай улс дэлхийн хамгийн хүйтэн цэгт ордог. Байгалийн ийм эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай оронд монголчууд бид тачигнасан хүйтнийг сөрөн амьдарсаар байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Гэхдээ хэдүүлээ мөнхөд ингэж амьдрах албагүй. Гарц, боломжууд зөндөө бий. Хамгийн боломжит хувилбар нь дулаан аралтай болох шийдэл юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн тав, зургаан өвөл дараалан бичиж, сануулж ирсэн. Монгол Улс өөрийн гэсэн дулаан аралтай болох нь бидэнд ямар их хэрэгтэйг та нар мэдэх үү. Наанадаж өвлийн өвөлд бээрч, зүдрэхгүй. Нүүрсний өмхий утаа уушгилахгүй. Массаараа ханиаданд дарлуулж, эмнэлгүүдээ дүүргэхгүй. Ард түмний уур хилэнг өдөөх шалтгаанууд арилаад ирэхээр стресс аяндаа эмнэгдэнэ. Хамгийн гол нь дулаан байхад хүний сэтгэл санаа хичнээн сайхан тэнүүн байдаг билээ дээ. Амьдралын тав тух, эрүүл мэнд, итгэл найдвар гээд бүгдэд эерэгээр нөлөөлнө.

Монголчууд бид бүтэн жилийн зургаахан сард нь л дулаан уур амьсгалыг мэдэрдэг. Дэлгэр цагтай золгонгуут өвлийн их ядаргаагаа тайлахын түүс болж хэдэн тийшээ аялж зугаалцгаадаг шүү дээ. Бусад үед нь тас нясхийх хүйтний өөдөөс унаж, босон амьдарч ханалаа. Өвлийн өдөр богино болохоор ажлын бүтээмж муу. Цөөхөн цагт ихийг амжуулах гэж хүнээс асар их хүч, энерги урсдаг. Тэр хэрээр монголчууд сүүлийн жилүүдэд улам өвчлөмтгий болж байгааг эрүүл мэндийн байгууллагуудын судалгаа хэлээд байна.

Дэлхий ертөнц даяаршиж хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн соёл иргэншил, амьдралын хэв маягаараа хил хязгаараас үл хамааран нэгдэж байгаа. Шинэ ертөнцөд хуучинсаг үзэл санаа, арга барилаасаа салах ёстойг энэ даяаршил өдөр бүр тод сануулаад байна. Тийм болохоор хэдүүлээ өөрийн гэсэн дулаан аралтай болцгооё. Энэтхэг-Номхон далайн бүс дэх томгүйхэн арал дээр улсынхаа далбааг мандуулъя л даа. Сүүлийн үед аралын бизнес нэлээд өргөжиж байгаа. Гадаадын том баячуудын арал сонирхдог

гол зорилго нь хэн нэгнээс хараат бус бизнесийн яриа хэлэлцээ хийх юм уу энтертаймент чиглэлээр цагийг зугаатай өнгөрүүлэхдээ ашиглахаар худалдаж авдаг юм билээ. Манайхан ч бас нэг үеэ бодвол хөрөнгөжсөн болохоор арал худалдаж авсан хүн цөөнгүй гэх дам ярианууд байдаг шүү дээ. Тэгэхээр дулаан бүсэд арал худалдаж аваад улсаараа очиж “өвөлждөг” болмоор байна.

“Өдрийн сонин” монгочуудаа аралтай болгох санаачилгыг дэвшүүлээд бичихээр шүүмжлэх нь бишгүй л байх. Гэхдээ энэ бол холын мөрөөдөл биш. Өнөөдөр жолоочгүй машин такси үйлчилгээнд нэвтэрнэ чинээ хэний ч ой

тойнд төсөөлөгдөхгүй байсан даа. Тэгвэл энэ технологийн дэвшил дэлхийн хэд хэдэн оронд хэрэгжлээ. Удахгүй манайд ч нэвтэрнэ. Ингээд бодохоор аралтай болох нь хий хоосон зүйл гэж ойшоох хэрэггүй. Бид бүгдээрээ төр засгаас шаардаж, хүсч байж энэ боломжийг мэдэрч чадна. Яахав, хуучин цагт монголчууд нутаг сэлгэн нүүдэллэж амьдардаг байсан учраас жилийн дөрвөн улиралдаа тохируулаад бууж, суугаад болдог байв.

Харин өнөөдөр хүн амын дийлэнх нь хотжиж, суурин хэв маягт шилжсэн. Ялангуяа нийслэлдээ бөөгнөрсөн болохоор элдэв өвчин эмгэг ч салахгүй юм. Өвлийн саруудад гудамж талбай нь мөстөж, халтиргаа гулгаа ихсэхийн хэрээр гэмтэж бэртэх хүн олон. Жилийн жилд галын аюулд өртөж, угаартах хүмүүсийн тоо буурдаггүй. Өвлөөс болж хайран сайхан эрдэнэт хүмүүсийн амь эрсдэж байгааг бодохоор гол зурна. Байцааны хальс шиг бандайтлаа давхарласан хувцсандаа түүртэж, бээрч бүдчин хүйтнийг арайхийн давах нь хэн бүхэнд түвэгтэй. Харин дулаан аралтай болбол биднийг ямар амар амгалан амьдрал хүлээж байгаа гээч. Амьдралын чанар эрс сайжраад ирнэ.

Өвлийн утааны үеэр манайхан халуун орныг ихээр зорьдог болсон нь дулаан арал бидэнд ус агаар мэт хэрэгтэйг харуулаад байгаа юм биш үү. Ид хүйтэн эхлэхтэй зэрэгцээд дулаан газарт очиж, тухтай өвөлжих нь үнэхээр жаргал. Манайхан Сингапур, Вьетнам, Тайланд руу онгоц онгоцоороо зорьдог юм билээ. Энэ өвлийн багцаагаар арав гаруй мянган хүн дулаан орон руу ниссэн судалгаа харлаа. Дийлэнх нь 14 хоног амраад ирдэг юм билээ. Бид өөрсдийн гэсэн ийм дулаан газартай болчихвол хэдэн хөгшид, хүүхдүүдээ өвөлд нь явуулчихаж баймаар байна. Ер нь өвлийн саруудаа амралтын улирал болгоод дулаан арал руугаа зорьдог байвал хичнээн сайхан бэ.

Аралын улсууд геополитикийн хувьд асар их давуу талтай. Олон гарцтай, дэлхий рүү нээлттэй. Бид ийм том зургаар нь заавал аралд шунах гээгүй. Хамгийн түрүүнд цөөхөн монголчуудынхаа эрүүл мэнд, ахуй амьжиргаанд өөрчлөлт, шинэчлэлтийг бодит болгоё гэвэл жижигхэн ч хамаагүй арал авах ажлыг төр засаг, эрдэмтэн мэргэд, бизнесийнхэн хамтран хэрэгжүүлмээр байна. Бид хичнээн сайхан өргөн уудам газар нутагтай билээ дээ. Ард түмнийх нь амьдрал ахуй дорой, амьдрах урам зориггүй байхад цэлийсэн газар нутгийн ашиг тус байна уу. Иргэдээ аз жаргалтай, эрүүл энх байлгая гэвэл энэ их өргөн уудам газраасаа жаахныг ч хамаагүй дулаан арлаар солиод авч болох юм биш үү. Монголчууд дулаан аралтай болохын ач холбогдол, үр шим нь асар их билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж ӨДРИЙН СОНИН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)