С.САЙНБАЯР: Газрын харилцааг бусад орны жишгээр яам байгуулаад явах нь илүү үр дүнтэй

Admin | 2023-05-05


Монголын газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч С.Сайнбаяртай ярилцлаа.

-Улсын амин чухал зүйл бол газар. Энэ ч утгаараа танай холбооны хувьд нэлээд өргөн хүрээтэй ажилладаг болов уу?

-Товчхон түүх сөхөхөд Монголын газар зохион байгуулагчдын холбоо анх 2002 онд байгуулагдсан. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Монгол Улсын ерөнхий сайд асан Бадарч гуай ажиллаж байсан. Үүний дараа Монгол Улсын ерөнхий сайд асан Наранцацралт гуай ажиллаж байсан. Үүнээс харахад тухайн үеийн төр засгийн зүгээс газрын харилцааны салбарт ямар их ач холбогдол өгч байсан нь тодорхой болов уу. Өнөөдөр ч энэ байдал алдагдаагүй үргэлжилж байна. Манай холбоо 21 аймаг, нийслэл, мэргэжлийн зөвлөл, ахмадын зөвлөл гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид салбарын хууль эрхзүй, норм стандарт, аргазүйг шинэчлэх, сайжруулах тал дээр тодорхой санаачилгуудыг гаргаж төрийн захиргааны байгууллагуудтайгаа хамтарч ажилласан. Цаашид бид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн чиг үүргүүдийг төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна салбарын боловсон хүчин чухал. Тиймээс боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг дотоод болон гадаад байгууллагуудтай хамтран зохион байгуулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. БХБЯ-тай хамтраад зөвлөх инженерийн сургалтуудыг бол амжилттай зохион байгуулаад даруй 5 жил болсон байна. Цаашид мэргэжлийн ажлуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Мэргэжлийн байгууллагуудыг шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хамтарч, дэмжиж ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мэргэжлийн холбоо маань олон улсын хөгжилтэй хөл нийлүүлж явах учиртай. Энэ хүрээнд бид Олон улсын Газрын эвсэлд гишүүнээр элсээд амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Газрын засаглалын үнэлгээг амжилттай зохион байгуулсан.

-Үнэлгээний дүнгээс танилцуулж болох уу?

-Энэхүү үнэлгээ нь Монгол Улс тогтвортой хөгжлийн суурь 17 үзүүлэлтийн 10 нь газартай шууд холбогддог. Тухайн 10 үзүүлэлтээр үнэлгээнүүд гарсан. Үнэлгээгээр аль үзүүлэлтээрээ олон улсад манлайлж байна, аль үзүүлэлтээрээ олон улсын түвшинд явж байна, аль үзүүлэлтээр доогуур явж байна гэдгээ тодорхой мэдэх боломжтой. Уг судалгаа үндэслэл дээрээ тулгуурлаж газрын харилцааны зөв засаглалыг бий болгохын тулд хичээж ажиллах болно. Ялангуяа орон нутгийн түвшинд бүсийн зохион байгуулалтад орсон. Орон нутаг бүсийн хөгжлийг дэмжих чиглэл рүү анхаарч байна гэсэн үг. Орон нутагт газрын зөв засаглалын үндсэн дээр иргэд сайн сайхан амьдрах, орон нутагтаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх суурь судалгаа, суурь мэдээллийг бид боловсруулж гаргаж холбогдох аж ахуй нэгжүүдийг хангах ёстой. Энэ чиглэлээр холбоо маань нэлээн гол байр сууриа илэрхийлж хамтарч ажиллана гэж төлөвлөж байна.

-Газрын багц хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хуулийн төсөл олон нийтийн зүгээс нэлээд анхаарал татаж байгаа. Холбооны зүгээс ямар чухал заалтуудыг тусгасан бэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай багц хуулийг өргөн барьсан. Газрын тухай багц хууль бол газрын ерөнхий хууль. Мөн дагалдах хуулиуд явж байгаа. 2002 оны Газрын тухай хууль бол 7 бүлэг 64 зүйлтэй хууль байгаа. Шинээр боловсруулагдсан Газрын тухай багц хууль бол 11 бүлэг 110 зүйл бүхий нэлээд өргөн төсөл боловсруулагдаж өргөн баригдсан. Хуулийн төсөл дээр бид Газрын багц хууль шинэчлэгдэж явах ёстой гэдэгт холбооны зүгээс дэмжиж байгаа. Харин бид тухайн шинэчлэл дээрээ зөвхөн газар өмчлүүлэх эрх гэдэг асуудалд түлхүү анхаарах биш цаад суурь зарчмын асуудлуудыг илүү анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнд нэгдүгээрт, тогтолцооны асуудал. Өнөөдрийн байдлаар газрын асуудал өөрөө Барилга хот, байгуулалтын яамны дэргэд явж байна. Тэгвэл олон улсын жишгээр харахад газарт илүү анхаараад Газар байгалийн нөөцийн яам, Газрын нөөцийн яам, Газрын удирдлагын яам гэдэг статустай явдаг.

-Манайд агентлагийн харьяанд явдаг нь учир дутагдалтай байна гэж үү?

-Өнөөдөр бол манайд Газар зохион байгуулалт, геодез зурагзүйн агентлаг гэсэн байгууллага маань авч явж байгаа нь эргээд тодорхой асуудлуудыг шийдэхэд хэм хэмжээний хувьд тохиромжгүй байна гэж бид үзэж байгаа. Тиймээс хэрвээ агентлагийн түвшинд байх бол шууд Ерөнхий сайдын дэргэд байх ёстой. Эсвэл статусыг нь өргөөд бусад орны жишгээр яам байгуулаад явах нь илүү үр дүнтэй. Хоёрдугаарт, Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд харах юм бол төлөвлөлт гэдэг зүйлийг бид зайлшгүй харах, бодох ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа байх. Төлөвлөлтийн үндсэн дээр улс орнууд хэрхэн хөгжиж байгааг бид харж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш олон үйлдвэрүүд дампуурлаа, хот хөдөөгийн ялгаа асар их боллоо. Шилжилт хөдөлгөөн улам л нэмэгдэж байна. Иймээс төлөвлөлтөд тулгуурласан хөгжлийн асуудлыг зайлшгүй хөндөх хэрэгтэй байна. Тиймээс л Газрын тухай багц хуулийн газар зохион байгуулалт төлөвлөлт гэсэн бүлэг агуулга дээр дурдаад өнгөрөхөөс илүүтэйгээр мэргэжлийн хүмүүсийг оруулж боловсруулах шаардлагатай байна. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдлээс болж маш их хэмжээний газар эвдэрч, доройтож байна. Хойч үедээ бид ямар газар үлдээх вэ гэдгээ хүн болгон бодох ёстой болж.

-Манай улс хөрсний хувьд бараг бүхэлдээ аюулын түвшинд орсон гэж мэргэжлийн хүмүүс их ярьдаг. Үүнийг энгийн иргэн ч мэдрэх хэмжээний хуурайшилт, шороон шуурга, цөлжилтөөс харж байна. Одоо яригдаж буй хуульд энэ талаар тодорхой тусгагдсан уу?

-Доройтол, нөхөн сэргээхтэй холбоотой асуудал бол өнгөрсөн хоёр дээр зөвхөн хийнэ гэсэн заалтууд ороод өнгөрсөн. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зохицуулалтын механизм нь орхигдсон байсан. Шинэ хуульд үүнтэй холбоотой заалтууд бага байгаа. Тиймээс энэ асуудлыг товч, тодорхой оруулж өгөх шаардлагатай. Мэдээж хуульд бүх зүйлийг багтаах боломжгүй. Тиймээс хуульд ерөнхий зарчмын гол асуудлуудаа тусгаад бусад асуудлыг холбогдон гарах дүрэм, журмаар шийдвэрлээд явах боломжтой. Ингэхдээ эхнээсээ бүх зүйл ойлгомжтой, тодорхой байх ёстой.

-Газартай холбоотой хууль, дүрэм журам энгийн иргэнд ч ойлгомжтой байх ёстой байх. Учир нь үүнээс болж багагүй маргаан, эд хөрөнгийн хохирол үүсэх эрсдэл өндөр байдаг шүү дээ. Тийм үү?

-Хууль батлагдаад гарахад Газрын тухай хууль бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн амин чухал асуудал байдаг учраас ашиглагч, хэрэглэгчид өөрсдөө байр сууриа илэрхийлж оролцдог. Гэхдээ бид зөвхөн энэ цаг үед амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгжийг бодож шийдвэр гаргахаас илүүтэйгээр ирээдүй хойч үеэ бодож алсын хараатай хэм хэмжээг тогтоосон зохицуулалт хийх чухал юм. Энэ тал дээр нэлээд бодлого суурьтай явах ёстой. Мэдээж олон улсын сайн туршлага, дотоодын онцлогтой уялдуулж хуулийн шинэчлэлээ хийх ёстой гэж холбооны зүгээс үзэж байгаа. хуулийн шинэчлэлийн төлөө холбогдох байнгын хороо, яам, төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй төдийгүй холбогдох санал санаачилгуудаа илэрхийлээд явж байна.

-Орон нутагт газрын тухайд асуудал их бий гэж та түрүүн хэлж байсан. Ихэвчлэн ямар асуудал үүсдэг вэ?

-Нөгөө л газрын маргаан, төлөвлөлт, төлөвлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд их байна. Газрын даамлууд орон нутагт ажилладаг. Даамал чиг үүргээр хүлээсэн ажил байна. Гэтэл даамлуудад янз бүрийн улс төрийн шахалтууд ирнэ. Эсвэл намтай холбоотой шахааны даамлууд ирнэ. Нэг хэсэг тухайн орон нутагт сонгуулиар аль нам гарахаас хамаарч тухайн нам өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд мэргэжлийн бус хүнийг даамлаар тавьчихдаг үе байсан. Өнөөх даамал нь мэдэхгүйн улмаас ингэх л юм байх гэсэн үүднээс санаатай, санаандгүй иргэн, аж ахуйн нэгжид тэдэн газар, өвөлжөөний тэдэн газар гээд л хүссэн хүн бүрд нь газар олгочихдог. Гэтэл олгосон газар нь усны сав газар, цэвдэгтэй газар, байгалийн ай сав газар эсвэл эрхзүйн маргаантай газар олгочихдог гээд асуудал их гардаг байсан. Үүнээсээ болоод шоронгийн хаалга татсан хүн ч байсан. Энэ тохиолдолд нэгт эрхзүйн зөрчлийн асуудал үүснэ. Хоёрт хөрөнгө шамшигдаж байгаа асуудал. Гуравт байгаль орчноо сүйтгэл үүснэ. Үүнтэй холбоотой хохирол гарахаар эргээд даамал хариуцлагаа хүлээх болно. Даамлаар ажиллаж байсан хувь хүн бол шоронд яваад хохироод үлдэж байгаа юм. Гэтэл цаана нь байгалийн нөхөн сэргээх боломжгүй хохирол үлдэнэ. Мөн байгалийн нөхцөл байдлаас үүдээд тухайн газар усанд автлаа гэхэд хувь хүн эд хөрөнгөөрөө хохироод үлдэнэ. Энэ мэтчилэн асуудал их байсан. Даамлын тухайд сүүлийн жилүүдэд учиргүй намын мэргэжлийн хүнээ тавих нь харьцангуй багассан. Гэхдээ л төлөвлөлт маш чухал гээд байгаа юм. Маш сайн судалгаа хийсний үндсэн дээр хаана нь ямар төрлөөр газар олгох боломжтой юм гэдгийг тогтоох. Үүнийхээ дагуу дүрэм, журмаа батлаад дагаж мөрдөх юм.Товчхондоо тариалан эрхлэх хүнд тариаланд тохиромжтой газрыг л олгох чухал. Тариалан эрхлэх хүнд тохиромжгүй газар өгчихдөг. Тариа тариад байдаг юм ургадаггүй, өнөө хүн нь баахан зарлага гаргаж хөрөнгө мөнгөөрөө хохироод байж болохгүй. Барилга барих хүнд хөрс зөөлөн газар өгчихдөг. Барилга барихаар суурь нь хагараад бас л эд хөрөнгөөрөө хохирохыг хараад яваад байж болохгүй. Энэ асуудлуудыг бид шийдэхийн тулд 2013, 2014 онд Шинэ аргачлал гаргаад сумын төлөвлөгөөг хийгээд мэргэжлийн байгууллагуудын судалгаанд үндэслэн төлөвлөлт хийгээд явж байна. Гэтэл бас зарим байна.

-Ямар асуудал гарч байна. Уг нь мэргэжлийн зүгээс баталсан төлөвлөлтийн дагуу сумын газар зохион байгуулалтыг шийдэж байгаа биз дээ?

-Тэгэхээр тэр төлөвлөлтийн дагуу явах сонирхолгүй хүмүүс байна. Хэрэгжүүлэх сонирхолгүй. Төлөвлөлтийг хоёр талын онолын хүрээнд гаргадаг. Нэг суманд жишээлбэл, нэг цайны газартай бол бусад нь цайны газар ашигтай юм байна гээд бүгд цайны газар нээгээд байж болохгүй. Тэгвэл бүгд л дампуурна ш д ээ. Уг нь нэг нь энэ газар сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех ажиллуулна гэж байгаа бол хажууд нь блокны үйлдвэр барих гээд зүтгээд байж болохгүй шүү дээ. Үйл ажиллагааг явуулахад хүртэл газар зохион байгуулалт, эрүүл ахуйн талаас энэ мэт харшилдах зүйл гарна. Ерөөсөө л мэргэжлийн байх л чухал. Гэвч мэргэжлийн даамал нь ажиллаад стандартынхаа дагуу шаардлага тавиад газар олгохгүй болохоор янз бүрээр ашиг сонирхолтой хүмүүс нь уурлаж, дарамтлаад байхаар ажлаасаа гарчхаж байна. Ингээд орон тоо байвч мэргэжлийн хүнгүй болчихно. Дахиад л мэргэжлийн хүн чинь ирэхгүй байхад гээд аль нэг ашиг сонирхолтой нам нь хүнээ шахаж эхэлнэ. Гэтэл тухайн суманд 3 газар төлөвлөлтөөс гадуур буюу стандартын дагуу олгогдохгүй бол үр дүнд нь байгаль орчны бохирдол яригдана. Энэ зөвхөн сумын асуудал биш. Монгол Улсын газар нутгийн асуудал юм. Энэ мэтчилэн төвөгтэй асуудал бий.

-Орон нутагт гадны хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахыг иргэд ихээхэн эсэргүүцдэг. Энэ тухайд?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх биш зөв, стандарт нормоо барих л чухал. Газар тодорхой хэмжээний боловсруулалт, ашиглалтад ороод явахад хэзээ ч доройтдоггүй. Улам үржил шим нь сайжирч байдаг. Хөдөлгөөн хийж байгаа хүн эрүүл саруул байдаг, хэвтээд байгаа хүнд өвчин ороогоод байдагтай л адил. Орон нутгийн түвшинд төрийн байгууллагын үйл ажиллагаа хамаатан садны бүлэглэлийн системд орчхоод байна. Хуучин систем рүү орох хандлагатай байна. Ялангуяа малчид руу чиглэсэн хандлагаас харвал.

-Малчдад бэлчээрийн газар нутгийг нь хуваарилаад өгье гээд байгаа асуудал уу?

-Малчдад бэлчээрийг нь хуваарилаад өгье гэдэг яриа их гардаг. Малчдын талд шийдээд өгье гэхээр өрөөсгөл. Хуучин бол малчид нутаг усаа хайрладаг. Өвөл зундаа ийм газар нутагт бэлчээрлэх, хавар намар нь тийм үржил шимтэй газраа хамгаалж ирэх жилээ бодох гээд асар их ухаан байсан. Одоо бол нэг бэлчээрээ өвс ногоогүй болгочихвол хаяад дараагийнх руу нүүдэг. Эсвэл өнөөдөр малчид боломжтой нь маш олон бэлчээрийн нутаг дэвсгэрийг өмчлөөд авчхаж байна. Боломж тааруу нь байгаа бэлчээрээ бөөцийлөөд байж байтал нөгөө мянгат малчдынх нь мал нэг орж ирээд бэлчээргүй болгочихдог. Ерөөсөө тооны хойноос хөөмөөргүй байна. Мянгаас дээш малтай хүмүүс тооны араас хөөгөөд бусдыг харахгүй байна. Багаа, сумаа, аймгаа дуусгаад ойр орчмын аймаг руугаа хальж байна. Энэ тохиолдолд бусад нь хохироод үлдэхээс гадна улсын хэмжээнд үржил шимтэй гэсэн газар нутаг талхлагдаад дуусаж байна. Энэ маягаар явуулаад байх юм уу.

-Тэгвэл өөр гарц гаргалгаа нь юу байна?

-Бэлчээрийн даацдаа тохирсон малтай байж үржил шим өгөөж нь ч тэр хэрээр илүү байсан үе саяхан. Нөөцийн мах амтгүй байна гээд л байдаг. Бэлчээрийн даац хэтэрсэн ийм үед яаж мах амттай байх юм бэ. Мал хүч тэвээрэг бага, махны шим тэжээл муу байх нь аргагүй шүү дээ. Бэлчээрийн норм тодорхой хугацаанд үрээ цацаад эргээд үржил шимтэй болох хугацаа бий. Үртэй юу хээтэй нь идчихээр яах юм бэ. Хөдөө ногоо харагдаад л байдаг. Очоод үзэхээр шарилж, хогийн ургамал л байдаг болсон. Ямар ч ашигт шимтэй ургамал, эмийн ургамал байхгүй болсон.

-Малчдад бэлчээрийн газрыг нь хувьчилж болдоггүй гол шалтгаан нь энэ үү. Өөр асуудал байна уу?

-Мал нь хувийн өмч. Газар нь төрийн өмч. Энэ тохиолдолд бэлчээрийг малчдад хувьчилна гэдэг асуудал ярих ямар ч боломжгүй. Улс төрчид бол малчдын талд бүгдийг шийдээд л бэлчээр нутгийг нь өгье гээд байдаг. Хэрвээ тэгээд хувьчлаад өгчих юм маргааш нь л малчид нь хоорондоо маргалдаж нэгнийгээ буудалцаад эхэлнэ. Одоо бол төрийн мэдэлд байгаа учраас эрх биш наана цаанатай байна. Үүнээс гадна уул уурхайн ашиг сонирхол бас бий. Бүх малчин бэлчээрээ хэвийн аваад яваад байх боломжгүй. Мал багатай нь бэлчээр газраа зараад хот хүрээ бараадахыг бодно. Нэгэнт газрыг жижиглээд өгчихвөл тухайн хүн газраа худалдан борлуулах нь тухайн хүний эрхийн асуудал болно. Түүнийг нь уул уурхайн компани авбал яахав, эсвэл гадаадын хүн мөнгөөр цохиод аваад ухаад унавал хэн эсэргүүцэх юм. Ямар ч эсэргүүцэх чадамжгүй болно. Энэ мэтчилэн газрын харилцааг олон талаас харах ёстой байдаг. Энэ өнцгөөс харвал 1992 оны Газрын тухай хууль маш олон талаас нь харсан сайн хууль байдаг.

-Одоо хуульд яг энэ асуудлыг тусгасан уу?

-Хуульчлахад хэцүү асуудал. Үүнийг хуульчлах шаардлагагүй, боломжгүй зүйл гэж бий. Хуулийн дагалдах дүрэм журмаараа зохицуулах ёстой гэж үзэж байгаа. Тухайн сумынх нь түвшинд судалгаа хийгээд ургамлын гарц, төрөл зүйл ямар, малын тоо толгой, малчдын нийгэм, эдийн засгийн байдал хэр байна, ямар айлууд хамт нутаглаж байна гээд газар дээр нь танилцаад тохиромжтой төлөвлөлтийг хийх нь хамгийн зохимжтой шийдэл. Манай улс 365 сумтай. Үүний 5 нь л өөрсдийгөө аваад явж байна. Бусад нь иргэдийн татварын мөнгөөр тэжээгдэж байна. Уг нь газар зохион байгуулалтаа анхнаасаа судалгаатай төлөвлөлтийн дагуу хийгээд явчихвал иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэл нэмэгдэж, ашиг орлого ч өснө. Цаашдаа сум өөрсдийгөө хөнгөхөн аваад явчихдаг болно. Бүх түвшинд мэргэжлийн суурь судалгааг хийгээд төлөвлөлтийн дагуу газар олголт, холбогдох хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх нь илүү оновчтой. Төлөвлөлт, зохион байгуулалтгүйгээр явах нь маш их хохирол дагуулдаг.

-Тухайлбал?

-Өнөөдөртөө бол эдийн засгийн хохирол гарна. Ирээдүйд байгаль экологи, нийгэм эдийн засгийн маш том сөрөг эдийн засгийн хохирлуудыг бий болгож байдаг. Тухайлбал, өнгөрсөн 30 жил ямар ч төлөвлөлтгүй, замбараагүй газар олголт хийсэн. Орон нутагт төлөвлөлттэй, зохион байгуулалттай явж байсан маш олон үйлдвэрүүдийг дампууруулсан. Үүнээс үүдээд ажилгүй болсон маш их хүн амьдралаа залгуулахын тулд хот хүрээ бараадсан. Энэ бүгдийн үр дүнд нийслэлд 600 мянга гаруй иргэд модон жорлонтой хөрсний бохирдолтой гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд жилд 50, 60 мянгаар иргэд нэмэгдэж байсан. Мэдээж үүнийг нийслэл тооцоолоогүй, мэдээгүй. Орон нутаг хүндэрсэн асуудлыг өнөөдөр нийслэл үүрээд явж байна. Нийслэлд бий болсон гэр хороололд зам, инженерийн шугам сүлжээ тавих, цэцэрлэг сургууль тавих гээд дэд бүтцийг шийдэж нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд асар их хөрөнгө зарцуулж байна. Энэ бүгд төлөвлөгдсөн зүйл биш. Тиймээс л төлөвлөлт чухал гээд байгаа юм.

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)