З.ОКТЯБРЬ: Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг таны нэрийн хуудас юм шүү

Admin | 2024-04-09


    Аутизмд хийсэн аялал НҮТББ-ын захирал З.Октябрьтай ярилцлаа.

-Юуны өмнө аутизм гэж юу болох талаар яриагаа эхлүүлье?

-Аутизм бол эмгэг, өвчин биш. Ялангуяа олон нийтийн мэдээлэл өгдөг байгууллагууд  өвчин гэж ойлгуулж буруу мэдээллийг хүргэж олон нийтийн хандлагыг өөрчилдөг. Энэ нь бидний дургүйцэл бухимдлыг төрүүлдэг. Аутизм нь харилцааны эмгэг буюу тархи мэдрэлийн эмгэг гэж ярьдаг. Шинэ эмгэг биш юм. Одоогоос 200 гаруй жилийн өмнөөс анхны тохиолдол  гарч бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хүмүүс утас, дэлгэцнээс хамааралтай болоод аутизмыг үүсгэж байна, аутизмтай болчихлоо гэж ярьж байна.

Үгүй юм аа, утас байхгүй үед байсан эмгэг юм. Одоо үед түлхүү их болж байгаа нь маш олон хүчин зүйлүүд  нөлөөлж байна. Яг ганцхан ийм зүйлээс болж байгаа гэсэн шалтгаан байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. 

Миний хувьд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн ээж. Хүүхэд маань одоогоос дөрвөн жилийн өмнө аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдож байсан. Хоёр жилийн хугацаанд Бүгд Найрамдах Турк улсад яг энэ мэргэжлийн чиглэлээр тусгай хэрэгцээтэй хөтөлбөртэй сургуульд  хавсрах эмчилгээнд хамрагдаад, одоо маш том амжилт гаргаад бусад хүүхдүүдтэй суралцах хэмжээний энгийн хүүхдээс ялгарахааргүй, дөрвөн хэлээр ярьдаг болсон.

-Нөлөөлж буй хүчин зүйлээс  дурдвал..?

-Хүнсний аюулгүй байдал буюу гений өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд, амьдрах орчны байдал, хэт их стресстэх, метрополист хотод  буюу  жижиг мөртлөө асар их ачаалалтай хотод амьдарч байна.

Тухайн ураг биед байхдаа эхээс олон эрдэс бодисыг авч гэдсэнд бойжиж байхдаа эрүүл бойжих ёстой байтал тээж байгаа эх өөрөө маш их хүнд металын хордлоготой магадгүй хөгц мөөгөнцрийн хордлоготой, бамбайн булчирхайн хордлоготой байна.

Энэ мэт эхийн бие 100 хувь эрүүл биш байдаг. Дээрээс нь тухайн ээж химийн болон мөнгөн усны найрлагатай бүхий матт будгийг ашиглаж байна. Утасны дэлгэц хараад  байгаадаа биш интернет богино долгионы сүлжээ гэх мэт бүгд нөлөөлж байна. Тиймээс хэвлийд байхдаа бүрэн гүйцэд хөгжиж чадахгүй, ходоод гэдэс нь шүүрхий, тархи мэдрэлийн тодорхой хэмжээний эсүүд гүйцэд хөгжиж амжаагүй байхдаа төрж байгаа юм. Мөн вакцин нөлөөлж байна. Чанартай вакцин хийлгэх ёстой. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд онцгойлон анхаарч байгаа.

-Аутизмын эмгэгийг эхийн хэвлийд байхад мэдэх боломжтой юу?

-Ер нь боломжгүй. Гэхдээ ямар ээжээс аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд төрөх магадлалтай вэ гэдгийг дэвшүүлдэг болсон. Дэлхийн  шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж байгаа. Үе шаттайгаар том том нээлтүүд явагддаг. Дараа нь магадгүй ургийг эхийн хэвлийд байхад аутизмын хүрээний эмгэгтэй байна гэдгийг мэддэг болох цаг үе ирэх байх.

-Аутизмтай хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд нийгмээс ирэх хандлага ямар байдаг вэ?

-Хамгийн том бэрхшээл нь нийгмийн хандлага юм. Олон асуудлууд байдаг ч зарим нэг тохиолдолд ийм хүүхэдтэй болсондоо бараг гундаж, гэрэл гэгээ нь унтарч байгаа нь нийгмийн хандлага нь буруу байгаагийнх юм. Хүүхдийг гаднаас харвал бие махбодын хувьд согог байхгүй, энгийн хүүхэдтэй адил.

Гэтэл олон нийтийн газар орилох, уйлах, хүний үг хэл сонсохгүй, юм аваад шидэх, эвдлэх, хүн цохих, өөрийгөө цохих гэх мэт зан авираас нь болж хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй гэсэн сөрөг хандлага нь анзаарагддаг. Тийм ч учраас 2024 онд “Хандлагаа өөрчилье, Эергээр хүлээж авъя” гэсэн үндэсний хэмжээнд аян өрнүүлээд байна. Энэ оны  эхэнд Хөвсгөл аймгийн Тариалан, Сэлэнгэ аймгийн 3 сумаас эхэлсэн.  Иргэд ихээр хамрагдаж байгаа. Удаах  ажил нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 8,9-нд аян эхэлнэ.

Зөвхөн аутизмыг таниулах бус үе тэнгийн ялгаварлан гадуурхалт болон багш, эцэг эхчүүдэд анхан шатны ойлголтыг таниулах үйл ажиллагааг явуулж байна. Яагаад гэвэл үүнийг мэдээгүйгээсээ болоод багш нар нь төвөгшөөж, эцэг эхчүүд нь хүүхдэд зан авирын хувьд муу үлгэр дуурайлал үзүүлж байна гэх буруу ойлголтоос болж аутизмтай хүүхдүүдийн сурах эрх аюулын хэмжээнд хүрч байна.

Аутизмтай хүүхдүүдтэй цуг суралцдаг энгийн хүүхдүүд тусч, энэрэнгүй, бусдыг байгаагаар нь хүлээж авдаг, юманд хандах хандлага нь чин сэтгэлээсээ байгаа зан чанарыг  бага насны хүүхдүүдэд  хөгжүүлдэг.  Энэ ойлголтыг эцэг эхчүүд мэддэггүй буруу ойлголт өгдөг.

-Таны хувьд хүүхдээ аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Хүүгийнхээ аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг гурван настайд нь мэдсэн. Одоо миний хүү 7 настай, хоёр дүүтэй. Энгийн хүүхдүүдээс тун ялгарахааргүй болсон ч сургуульд хамрагдаж чадахгүй гэртээ сууж байгаа.

Энэ бол аймшигтай үзэгдэл.  Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн хувьд миний хүү үлгэр дуурайлал нь болсон атал Монгол Улс өнөөдөр сургаж чадахгүй байна гэдэг нь нөгөө эцэг эхчүүдийн хувьд бүрхэг санагдаж байгаа. Хүүхдээ сургахын тулд үнэтэй сургуульд явуулж, багшид нь аль болох тал засаж байхад бидний энэ байдлыг түлхүү ашигладаг. Гэтэл миний хүүг энд ялгаварлан гадуурхаж, гадаадад сурахаас өөр аргагүй болгож байна. Хүү маань дараагийн Стив Жобс, Eminem гэх мэт мундаг хүмүүс шиг болохыг үгүйсгэхгүй. Магадгүй тэр үед “Монгол хүн байна, монголчууд ийм мундаг” гэх  хандлагаа болимоор байна.

-Анх аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэдгийг мэдсэний дараа хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Янз, янзын хандлага гарч ирж байсан. “Би танай хүүхдийг хөл гар нь татсан хүүхэд байдаг юм болов уу гэж бодсон. Зүгээр л хүүхэд байна”, “Харамсалтай юм, ийм гоё эцэг эхээс ийм хүүхэд ч төрөх гэж ямар насандаа хийсэн үйл лай нь юм болдоо”, “Би яаж ийм хүүхэдтэй болоогүй юм” гээд өөдөөс хараад нулимж байсан хүн ч бий. Ийм сэтгэл эмзэглэм хандлага өдөр тутамд л байдаг. Би сонсож байхад сэтгэл ийм байхад миний хүүхдэд ямар байх вэ гэдгийг эцэг эхчүүд анхаарах  хэрэгтэй.

 

анай улсад сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүд  байдаг уу?

 -Байдаг.  Нэг үеэ бодвол маш хурдан хөгжиж байгаа боловч гол нь хүртээмжгүй. Яагаад гэвэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн албан ёсны тоо гараагүй, тандалтаас нь харвал ойролцоогоор  3000-4000 хүн байгаа гэж харж байна. Сошиал орчны хандалтыг харвал 7000-8000 хүн идэвхтэй байдаг. Багшийн хүрэлцээгүй учраас мэргэшсэн боловсон хүчин бэлдэх шаардлагатай байгаа.

-Нэг сарын хугацаанд аутизмыг таниулах аян болдог. Энд сайн дурын ажилчид оролцох уу?

-Манайх дөрөвдүгээр сарын 2-оос тавдугаар сарын 2-ныг хүртэл аутизмыг таниулах сар үргэлжилдэг. Дэлхийн аутизмыг таниулах өдөр маань дөрөвдүгээр сарын 2-нд төрийн ордонд төрийн удирдлагын байнгын хороо, харьяа яамд, бүх улсын байгууллагууд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагууд, эцэг эхийн төлөөллүүдийг хамруулсан том хэлэлцүүлэг хийсэн. Аутизм тэгш хүртээмж, тулгамдаж буй асуудал, нийгмийн бодлогын байнгын хороогоор дамжуулаад харьяалагдах яамдаар чиглэл өгч ажиллахаар болсон. Давуу тал нь анхааралдаа авч ирээдүйд бидний хүүхдүүдийн төлөө дорвитой шийдвэр,  тогтоол гаргаж байгаа нь томоохон дэвшил юм. Манай НҮТББ нь Дэлхийн аутизмын хорооны гишүүн байгууллага. Дараагийн ажил энэ сарын 27, 28-нд Дэлхийн аутизмын хорооны 14 доктор, профессор, эрдэмтэн манай улсад цахимаар томоохон хэмжээний хурал, семинар зохион байгуулна.

Эмч, багш, сэтгэл судлаачид  гэх мэт аутизмтай холбоотой бүх л мэдэхийг хүсэж байгаа байгууллагууд орох шаардлагатай. 800 хүнийг хамарсан алслагдмал аймаг сумд, мэргэжилтнүүдийг цахим хэлбэрийн сургалтад хамруулна. Энэ хурал Киргиз улсад зохион байгуулагдах гэж байсан ч нэг жилийн хугацаанд хөөцөлдөж, үр дүнд нь манай улсад анх удаа  зохион байгуулагдахаар болсон.

Судалгаа, эрдэм шинжилгээний нотолгоонд суурилсан илтгэл явагдах учраас шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээ, мэдээллүүдийг хэн дуртай нь ярьдаг болсон цагт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүмүүсээс бодит үнэн зөвийг сонсгосон нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Тавдугаар сарын 2-нд өдөрлөг зохион байгуулна. Тухайн өдөрлөгт сайн дурын оюутан, төрийн болон төрийн бус байгууллагууд, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эцэг, эх оролцох боломжтой.  Манай Аутизмд хийсэн аялал НҮТББ-ын албан ёсны хаягаар холбогдоорой.  Арга хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн урлагийн тоглолт, хамтарсан загвар, шоу үзүүлбэр болно. Бид аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн тухай кино гаргасан. Уг кино нь “Мөнгөн мод” кино урлагийн наадмаас шилдэг гурван киноны нэгээр шалгарсан. Зөвхөн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн талаар биш үе тэнгийнхний дээрэлхэлт, сошиал орчны буруу хэрэглээ, өсвөр насны хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харилцах хандлага, хүмүүжлийг хөндсөн кино маань арга хэмжээнд үнэ төлбөргүй гарна.

-Анх хүүхдээ аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг мэдсэн  эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэгдүгээрт цаг битгий алдаарай. Сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй байдаг учир тухайн үед ямар хүнээс, яаж сонссоноосоо хамаардаг байж магадгүй. Тиймээс хэзээ нэгэн цагт хүүхдээ хүлээн зөвшөөрөхөөс хойш чиний хүүхдийг чамаас өөр хэн ч ойлгохгүй, хэн ч чиний хүүхдийн төлөө явахгүй. Ямар нэгэн ид шид, эм тарианд битгий найдаарай.

Өвчин биш эмгэг учраас хагалгаа хийлгээд, эм тариа хэрэглээд  зуун хувь сайжирдаг гэсэн үг биш. Эм тариа хэрэглэх, сургалтаар явах, бүх зүйлээр явсан ч гэсэн маш их цаг хугацаа, хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Тиймээс замын дундаас  орхилгүй тууштай, итгэл үнэмшилтэй явсан цагт хүүхэд тань өдөр өдрөөр өөрчлөгддөг. Хамгийн гол зүйл нь  тууштай, шинжлэх ухаанч байгаарай. Эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа нь хэтэрхий өөрсдийнхөө өнцгөөр ханддаг нь дахиад нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа шүү гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр байна.

-Танд бусдад хэлмээр санагддаг зүйл бий юү?

-Тухайн хүүхдийг байгаагаар нь хүлээж аваарай. Хатуу бөгөөд үнэн үг хэлье. 2017 оны судалгаагаар 55 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй гэсэн эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг. 2021 он гэхэд 33 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй болсон.

Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхийд асар хурдацтайгаар аутизмтай хүүхдүүд бий болж байгаа. Дэлхийн аутизмын хорооны хийсэн мэдэгдэлд яг энэ чигээрээ байвал 2050 он гэхэд 2 хүүхэд тутмын нэг нь аутизмтай төрнө гэсэн урьдчилсан таамаг байдаг.

Боловсрол мэдлэг өндөр байх тусам хүмүүст энгийн, эелдэг ханддаг, бусдыг ойлгодог болдог. Тэр хэмжээгээрээ та бусдыг ойлгож, бусдыг байгаагаар нь хүлээж авч байгаа нь таны нэрийн хуудас юм шүү.

 Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)