Сүхбаатар аймгийн Засаг дарга хууль бусаар БЗД-т орон сууц авсан, авлига авсан зэрэг холбогдох хэргийг шалгаж байна

Admin | 2024-04-15


  Авлигатай тэмцэх газраас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлүүлсэн.

Шалгалтын хүрээнд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байгаа юм. Тодруулбал

  • Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6,700 метр квадрат, мөн 1359 метр квадрат хэмжээтэй хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж зориулалтыг нь өөрчилж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй.
  • Сүхбаатар аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Сүхбаатар сумын Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2,635 метр квадрат хэмжээтэй авто угаалга, гараашны зориулалттай газрын төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийг зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй.
  • Мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах 3,211 метр квадрат хэмжээтэй газрыг эзэмших эрхийг нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, давуу байдал бий болгосон.
  • Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгч 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Сүхбаатар аймгийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэв.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалын байдал, эрх нөлөөг урвуулан ашиглаж, БНХАУ-д аялах 29 хүний аяллын зардлыг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа нэр бүхий компаниар төлөөлүүлж, өөрт болон аймгийн төр захиргааны байгууллагын албан тушаалтнуудад эдийн засгийн давуу байдал бий болгосон. Энэ асуудалд яллагдагчаар татагдсан. Дээрх асуудалд Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллага буюу хууль хүчний байгууллага, төрийн захиргааны бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж аваад БНХАУ-д аялуулсан нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)