Их, дээд сургуулиудын хичээл ирэх сарын 7-нд цахимаар эхэлнэ

Admin | 2022-01-25


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж хоёрдугаар сарын 7-нд эхлэх хичээлийн хоёрдугаар сарын 14-нд танхим болон цахимаар хичээллүүлэх шийдвэр гарлаа. Ингэхдээ нийслэлд 5, 9-ийн зарчмаар хичээллэх юм. Хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалаад ногоон бүсийн сумдын сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар зохион байгуулна. Хичээлийн хоцрогдол маш их байна. Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна. Тэр тусмаа 1-3 дугаар ангийн хүүхдүүд маш их хоцрогдолтой байна. Тэгэхээр нэг өдөр ч гэсэн танхимаар илүү хичээллүүлэх боломжийг хүүхдүүддээ олгох ёстой юм байна гэж харж байна. Хоёрдугаар сарын 28-аас 100 хувь танхимаар хичээллүүлэхийг надад үүрэг болголоо. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас сурагчдын амралтыг ийнхүү сунгаж байгаа юм. УОК болон эрдэмтийн хийж байгаа тооцоогоор цаашид халдварын тохиолдол буурах болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Хэрэв хичээл, сургуулийнхаа үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нд нээнэ гэж хүсэж байгаа бол Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэмээргүй байна. Хязгаартай байхгүй бол хичээл сургууль эхлэх асуудал хойшлох эрсдэл бий. Их, дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ" гэсэн юм. Мөн тэрээр "Хичээлийн хоцрогдол их гарсан учраас хичээл бүрээр нь хоцрогдол нөхнө. Энэ хүрээнд medlee.mn платформыг ажиллуулж эхэлсэн. Энд Монголын хамгийн сайн багш нарын хичээлийг худалдаж авч тавьж байгаа. Хүүхдүүд хаана байгаагаасаа үл шалтгаалаад дуртай багшийнхаа хичээлд суух боломжийг олгож байгаа юм. Хөдөө орон нутагт цахим хичээлийн хүртээмж байгаа муу байгаа учраас лаборатори сургуулиудаа түшиглэж, нийт 45 сургуульд видео хичээл бэлтгэх компьютерийн лаборатори, видео студи байгуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)