Ш.ИДЭРБАЯСГАЛАН: Аялал жуулчлалын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд бий

Admin | 2022-02-24


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг Төрийн ордонд хоёр өдрийн турш зохион байгууллаа. Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Мөн дэлхийн хамгийн гүн цэнгэг устай нэн эртний нууруудын нэг бөгөөд ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай гэж үздэг ажээ. Тиймээс энэхүү нуурыг дагасан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд өнөөдрийн нуурын бохирдлын тулгамдсан асуудлыг мөн шийдэх талаар чуулган хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ингээд чуулганы үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөвсгөл нуурын гол тулгамдаж буй асуудал нь ойр орчмын бохирдол, хог хаягдал гээд байгаа. Тэгвэл одоогийн байдлаар нуурыг тойроод хичнээн жуулчны баазууд байна вэ?

-Өнгөрсөн оны байдлаар Хөвсгөл аймагт нэг ээлждээ 7000 гаруй хүн хүлээн авах чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал ажиллаж байна. Мөн Мөрөн хотод нэг ээлждээ 390 хүн хүлээн авах найман зочид буудал, 15 амралтын газар бий. Өнгөрсөн онд гэхэд л Хөвсгөл аймаг дотоодын 56 мянга гаруй жуулчин хүлээн авсан. Тэгэхээр хөвсгөл нуурыг бохирдуулж буй хүчин зүйл зөвхөн жуулчны баазууд гэж ойлгож болохгүй. Ер нь Хөвсгөл нуурын бохирдол нэмэгдэж байна. Жил ирэх бүр жуулчдын тоо нэмэгдэж байна. Нуурт живсэн техник байна. Тэнд үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд, нутгийн иргэдийн хариуцлагагүй үйлдэл зэрэг олон хүчин зүйлээс болж бохирдол үүсч байна.

-Аялал жуулчлалын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй газрууд байдаг гэсэн. Энэ талаар?

-Аялал жуулчлалын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд үнэхээр бий. Тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгодог. Тусгай зөвшөөрлийг олгох явцад зарим үед орон нутаг оролцдог, оролцдоггүй зэрэг тогтворгүй байдлаас үүдсэн эрх зүйн баримт бичигүүд байгаа. Үүнээс үүдэн орон нутгийн зүгээс хяналт тавих боломжууд хангагдаж өгөхгүй асуудлууд байгаа. Ер нь БОАЖЯ-наас сүүлийн жилүүдэд газар олголт хийгдээгүй. Яалт ч үгүй Хөвсгөл нуурийг тойрсон аялал жуулчлалын газрыг цэгцлэх цаг нь болсон. Өнөөдөр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлалын баазууд ямар нэг байдлаар хууль зөрчсөн тохиолдол гаргалаа гэхэд дээрээс том дарга нараар яриулдаг зүйл байна. Үүнийг бүгд ил хэлээд таслан зогсоох зайлшгүй шаардлагатай. Бид Хөвсгөл нуурыг хамгаалах чухал. Нөгөө талдаа аялал жуулчлалын бүс болгох чухал байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхтэй холбоотойгоор бодлогын баримт бичгүүд гаргаж байсан. Үүний үр дүнд нэлээдгүй ажил хийгдэж байгаа. Аймгийн зүгээс Хөвсгөл нуурыг тойроод аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд хог хаягдлаа зөв зохистой хаях, бохирдол үүсгэхгүй байх тал дээр хяналт тавьдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр асуудлаа шийддэггүй, хог хаясаар байгаа газрууд байсаар л байна. Тодорхой газрууд бий. Үүнийг цаашдаа цэгцлэхэд Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа энэхүү чуулган гол түлхэц өгөх болов уу.

            "Нэг га газар авсан бол хоёр га газар болгоод хашаа барьчихдаг"

-Аялал жуулчлалын баазуудад тусгай зөвшөөрөл олгох явц тийм амархан байдаг юм уу?

-Тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн хувьд хэцүү биш. Гол нь тэр аялал жуулчлалын компани байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажиллах стандартаа мөрдөж ажиллахгүй байгаад л учир байгаа юм. Нэг га газар авсан бол хоёр га газар болгоод хашаа барьчихдаг. Үүнээс болоод наад зах нь ан амьтад нуурын уснаас ундаалах боломжгүй болдог зэрэг сөрөг нөлөөллүүд гараад байгаа юм.

-Энэ асуудлыг цэгцлэхийн тулд та бүхний хийх эхний алхам юу байх вэ?

-Би өнгөрсөн онд газар олголттой холбоотой тухайн нуурыг тойрч байгаа аялал жуулчлалын газруудыг шингэн болон хатуу хог хаягдлаа хэрхэн хаяж буйг судлахаар ажлыг хэсэг гаргасан. Харамсалтай нь ажлын хэсэг ковидын нөхцөл байдлаас үүдээд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байсан. Хамгийн эхний алхам бол яг бодит нөхцөл байдлыг бид тогтоох нь чухал байна. Аялал жуулчлалын компаниуд газрынхаа хэмжээг зөв хашаалсан уу, хог хаягдлаа хэрхэн ангилж хаяж байна, бохироо соруулж байна уу, хөрс рүү шингээж байна уу гэдгийг л тогтоох ёстой. Бидний урьдчилан авсан мэдээгээр бүртгэлээс харахад Хатгалын шингэн хог хаягдал хаядаг байгууламж руу хог хаягдлаа огт тээвэрлэдэггүй газрууд байна.

-Аялал жуулчлалын салбар аймагт үзүүлж буй үр өгөөж нь хэр их байдаг вэ?

-Яг орон нутгийн төсөвт орсон мөнгө бага. Гэхдээ Хөвсгөл аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй бүхий л иргэд, аж ахуй нэгжүүдэд нэлээдгүй орлого болж амжиргаанд нөлөөлдөг. Тиймээс цаашдаа үүнийг илүү нэмэгдүүлэх шаардлага байна, боломж ч бий гэж харж байгаа.

"Хатуу маршрут гэхээсээ дэлхийн шавж судлалын анхаарлыг нутагтаа татах тэргүүн чухал"

-Нэгэнт л аялал жуулчлал Хөвсгөл нууранд төвлөрсөн энэ үед аймгийн бусад газруудад жуулчдыг татах талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Хөвсгөл аймаг уул уурхайгүй бүс нутаг гээд өөрсдийгөө зарлачихсан. Тийм учраас орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх гол салбар нь аялал жуулчлал. Нуур дагасан аялал жуулчлалаас гадна дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх олон сайхан байгалийн цогцолборт газрууд бий. Мэдээж энэ дагуу гаргасан мастер төлөвлөгөө бий. Үүнийг бодит амьдралд үр өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гээд энэ салбарын залуу мэргэжилтнүүдтэй хамтраад төсөл цаасан дээр буулгаад явж байна. Бид тодорхой зорилготой, зорилттой, төлөвлөгөөтэй байж санхүүжилт, хөрөнгө оруулалт татаж цааш явна шүү дээ. Аялал жуулчлалын төрлийг л нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Хатуу маршрут гэхээсээ илүүтэйгээр дэлхийн шавж судлалын анхаарлыг нутагтаа татах тэргүүн чухал.

-Яагаад?

-Хөвсгөлд олон төрлийн ховор шавж, ургамал байдаг. Олон улсын шавж судлаачдын анхаарлыг татах хэрэгтэй байна. Шавж судлаачидтай холбогдож Хөвсгөл нуур орчмыг судлуулах нь дэлхий нийтэд өөрсдийгөө таниулах, манайх руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Шашны аялал жуулчлал, дэлхий нийтийн олон спорт арга хэмжээнүүд байна. Үүнийг энд яаж татах уу зэрэг төрлөө нэмэгдүүлэх нь чухал гэж бид бодож байгаа. Мэдээж үүнийгээ дагаад үүсч болох сөрөг зүйлээ тооцоолох хэрэгтэй.

"Сүхбаатар усан онгоцыг жуулчдад зориулсан музей, үзмэрийн чиглэлээр ашиглана"

-Сүхбаатар усан онгоцыг нуураас татаж гаргасан. Үүнийг үзмэрийн чиглэлээр ашиглана гэж Ерөнхийлөгч түрүүн хэлсэн. Усан онгоцыг засах, засварлах ажил хийгдэх болов уу?

-Жуулчдад зориулсан музей, үзмэрийн чиглэлээр ашиглана. Нэлээд хугацаа, мөнгө шаардагдана. Урьдчилсан байдлаар энэ талын тооцоо судалгаа гаргасан.

-Хичнээн төгрөгийн зардал шаардагдахаар байна?

-Нэлээд өндөр дүн гарсан. Гэхдээ эцсийн судалгаа биш. Зөвхөн онгоцыг засахаас гадна газрын асуудал, эргэн тойрон дахь тохижуулалт зэрэг олон зүйлийг цогцоор нь хийх шаардлагатай. Бид энэ усан онгоцыг ямар талаас нь харуулах уу гэдгийг бас бодолцож эрдэмтдийн багтай, мэргэжлийн хүмүүстэй хамтарч санал бодлоо солилцох байх.

                                                                                                   Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)