ДМИТРИЙ ПЕСКОВ: ОХУ-ын улс оршин тогтнолд заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэнэ

Admin | 2022-03-22


Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэрэв ОХУ-ын улс оршин тогтнолд заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж мэдэгдлээ.

Тэрээр мягмар гаригт АНУ-ын “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх талаар тайлбар өгсөн байна. Дмитрий Песков энэ талаар “Манай улсад дотоодын аюулгүй байдлаа хангах ойлголт, стратеги гэж бий. Энэ бол олон нийтэд нээлттэй байдаг мэдээлэл. Тиймээс хүссэн хэн ч ОХУ ямар тохиолдолд, ямар шалтгаанаар цөмийн зэвсэг хэрэглэх талаар олж уншиж болно. Аюулгүй байдлыг хангах стратегийн дагуу ОХУ-ын оршин тогтнолд заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэнэ” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн цард стратегийн зэвсгийн бэлэн байдал зарлаж, Цөмийн зэвсгийн довтолгооноос хамгаалах болон цохилт өгөх хүчийг бэлэн байдалд шилжүүлсэн. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн сарын сүүлээр стратегийн зэвсгийн хүчин болон хойд, Номхон далайн тэнгисийн цэргийн флотуудыг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн талаар мэдэгдсэн.

АНУ-д төвтэй “Зэвсгийн хяналтын холбоо”-ны тоо баримтад дурдсанаар ОХУ нь 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 5.977 цөмийн цэнэгт хошуутай гэж мэдэгдсэн байна. Үүнээс 4.477 нь зэвсэгт хүчний нөөцөд хамаарч байгаа аж. Харин дэлхийн хэмжээнд цөмийн зэвсэгтэй 9 улсад нийт 12.705 цөмийн цэнэгт хошуу байгаагаас 9.440 нь цохилт өгөх боломжтой буюу зэвсэгт хүчний нөөцөд хамаарч байна.

Тэгвэл Дмитрий Песков “CNN”-д өгсөн ярилцлагадаа Украинд явуулж буй ОХУ-ын дайны ажиллагаа төлөвлөгөөний дагуу, амжилттай үргэлжилж байна гэж мэдэгджээ. Гэвч ОХУ өнгөрсөн долоо хоногт Украины нутаг дэвсгэрт “Kh-47M2 Kinzhal” хэт авианы пуужингийн цохилт өгсөн. Хэт алсын зайн тусгалтай энэхүү стратегийн зэвсэг нь дууны хурднаас 12 дахин хурдтай буюу агаарын довтолгооноос хамгаалах ямар ч системийг давах чадамжтай гэж үздэг. Түүнчлэн цөмийн зэвсэг тээх чадамжтай буюу стратегийн хамгийн аюултай зэвсгүүдийн нэг юм. Тиймээс ОХУ-ын уг үйлдэл нь их гүрнүүдийн хооронд цөмийн дайн дэгдэж болзошгүй томоохон эрсдэлийг бий болгоод байна.

Эх сурвалж: Aljazeera

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)