Олимпын гүүр, Налайхын замын явган хүний гарцын ажлыг долдугаар сараас өмнө дуусгахыг үүрэг болголоо 

Admin | 2022-03-29


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Олимпын гүүр, Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

Тэрбээр "Өнгөрсөн хоёр жилийн турш цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БНХАУ-ын дотоодод ковид дахин сэргэж байгаа болон ОХУ, Украины цэрэг дайны нөхцөлтэй холбоотойгоор бэрхшээл учрах нь тодорхой байна. Хоёр хөршийн нөхцөл байдал биднээс шалтгаалахгүй байгаа хэдий ч улсын ажил, нийслэлийн хөрөнгө оруулалт тасалдах ёсгүй.

Одоо бидэнд цаг хугацаа алтнаас үнэтэй. 2022 он бол хамгийн чухал он. Тэр дундаа энэ оны дөрөв, тавдугаар сар маш хариуцлагатай сар шүү. Улаанбаатар хот эдэлбэр газар, автомашин, үл хөдлөх хөрөнгөө тоолж, өөрсдөө бүртгэдэг, татвар хураамжийг нь авдаг,  биржийн үйл ажиллагааг ч өөрсдөө явуулдаг болох хэрэгтэй байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудаа торгох, шийтгэх, зогсоох биш, үйл ажиллагаа явуулах, орлого олох боломж,  нөхцөлөөр бүрэн дүүрэн хангах хэрэгтэй хэмээн өгүүлээд дараах үүрэг даалгаврыг өглөө.

Олимпын гүүрийн явган замын ажил болоод Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгах

2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын худалдан авах ажиллагаа, тендерийн ажлуудыг  эрс эрчимжүүлэх

Мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, хяналтыг бүхий л шатанд сайжруулах

Худалдан авах ажиллагааны цахим системд цаг тухайд нь ажлаа тайлагнаж, хугацаанд нь тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)