Төв банкыг ААВ нь самарч, Хөгжлийн банкыг ХҮҮ нь хөмрөлцөх үү?

Admin | 2022-04-06


  Төрийн өндөр албан тушаалд гэр бүлийн хүмүүс ажиллах нь хэр зохистой вэ. Ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг асуудал манайд яригдаад бараг улиг болж. Үүний тод жишээ болсон цөөн хэдэн жишээ дурдаж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захиралаар ажилладаг. Монголбанк Хөгжлийн банканд хяналт тавих үүрэгтэй. Гэвч аав нь хүүгийнхээ ажилд хяналт тавина гэдэг хэн ч харсан ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа. Тиймээс олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлийг дагуулж буй. Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байхад Төв банк ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа. Бүр Ерөнхий сайд Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцохгүй, ажлаас нь ч халахгүй хэмээн өмөөрөөд авсан. Тэгвэл хүүгийнх ажиллаж буй Хөгжлийн банк тараасан зээлээ буцааж авч чадахгүй хөгөө чирч хаагдахдаа тулаад байгаа юм. Өчигдөрхөн Төрийн ордонд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хүүгээ Хөгжлийн банканд томилоход нөлөөлсөн эсэхийг асуухад “Би нөлөөлөөгүй. Өөрөө мэргэжилтнээс нь эхлээд ажилласан. Монголбанк Хөгжлийн банканд зөвхөн харилцааны байдалд хяналт тавьдаг” гэсэн улиг болсон хариултаа өгч гүрийлээ. Товчхондоо хүү нь банканд ажилтан, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэх зэргээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэдэг нэг л тайлбарыг аав, хүү хоёр өгсөөр байна.

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.

Түүний хүү өмнө нь ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд асан, одоо ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү аавынхаа мэргэжлийн залгамжилж МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байдаг. Ямартай ч түүнийг нэг хэсэг Элчин сайдаар томилох яриа гарсан ч дэмжигдээгүй. Н.Анхбаяр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, аавынхаа мэргэжлийн өвлөсөн. Н.Анхбаяр 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед монголын томоохон үйлдвэрт "шахаа" хийсэн хэмээн нэлээд шуугиж байв. Үүний хариуд Ц.Нямдорж "Би таньдаг хүндээ та нар боломж байдаг бол дэмжээрэй. Өөртөө ч, хүнд ч гай болохгүй зүйл байдаг бол гээд гуйсан. Хэн ч гэсэн хүүхдээ хууль ном зөрчихөөргүй бол дэмждэг хүний л ёс шүү дээ" хэмээн хээвнэг тайлбар хийж байв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг.

Эрүүл мэндийн болон байгаль орчны сайдаар улиран ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх төрийн худалдан авах ажиллагааны даргаар ажилладаг. Түүний хүү Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайд байхад яамнаас 38 орчим тэрбум төгрөгийн тендер шалгаруулах эрхийг авсан гэдэг. Гэвч Д.Сарангэрэл “Энэ талаар мэдээгүй. Хуулийн дагуу явагдсан” гэдэг зүйл ярьсан. Мөн “Миний хүү даруухан, тансаг хэрэглээгүй” хэмээн тайлбар хийж олны анхаарлыг татаж байсан удаатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)