С.ЭРДЭНЭБАТ: НД, ЭМД-ын Үндэсний зөвлөл гурван жил хүүгүй мөнгө идсэн

Admin | 2022-05-12


   Монголын Үйлдвэрчний  эвлэлийн холбооноос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сан болон холбогдох Үндэсний зөвлөлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Учир нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн чуулганы үеэр “Капитал банкны өрөнд нэлээд хэдэн объект авсан. Бид Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтан, албан хаагчдадаа зүгээр өгөөгүй. Албан хаагчид маань үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдаад авах боломжийг олгосон. Манайх Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээн авсан. Үүний 19 нь 80 хүртэл м.кв хэмжээтэй. Манай ажилтнууд банкны зээлд хамрагдсанаар, мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын санд шилжиж ирэх юм” хэмээн тайлбар хийсэн нь олны эгдүүцлийг хүргээд буй. Хуулиараа өрөнд авсан хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаа зарлаж борлуулах ёстой.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "2019 оноос банкууд дампуурсан, даатгалын сангийн мөнгийг банканд тавьж алдсан. Нийт 230 орчим тэрбумыг Капитал банканд, мөн бусад банкуудад их хэмжээний мөнгө байршуулж авч чадахгүй байгаа. Одоогийн байдлаар НД-ын сангийн 104 тэрбумаас 30 тэрбумыг нь л барагдуулсан байна. ЭМД мөн ялгаагүй хүүгийн алдагдал бүгд зогссон байна. Тиймээс даатгал төлөгчдийн мөнгийг банкаар дамжуулан авсан зээлдэгч нар ямар ч хүүгүй алдангигүй тэр мөнгийг ашиглаж байна. Үндэсний зөвлөлийг анх байгуулагдсан цагаас л бид хэлж байсан. Гэвч анхаарахгүй өнөөг хүргэсэн. Учир нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг.  МҮЭХ Үндэсний зөвлөлд 30 хувийн квоттой байсан бол нэг хүн болгож цөөлж оронд нь улс төрчдийн хүмүүсийг оруулсан. Үүнээс болж даатгал төлөгчдийн мөнгийг банканд алдах, үгсэн хуйвалдах байдлаар даатгал төлөгчдийн мөнгийг алдах ажиллагааг хамтарч хийж байгаа. Тайлангаас нь харахад 30 орчим байрыг ЭМД-ын газрын ажилчдад давуу эрхээр худалдаж олгосон байна. Эрүүл мэндийн байгууллагын маш олон ажилчид байр оронгүй байна. Гэтэл 20, 30 байрыг нь мэдээлэл ойрд нь өгчихсөн байна. Энэ бол зөвлөлийн ялзралын илрэл. Тиймээс бид дараах шаардлагыг тавьж байна. Шаардлагыг хүлээн авахгүй бол МҮЭХ даатгуулагчдын хамт тэмцлийн хэлбэрт шилжих болно. Гурван жил хүүгүй мөнгө идсэн. Одоо болно" хэмээн мэдээллийн үеэр хэлэв. 

Шаардлагад:

  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хариуцлага тооцох,
  • Банкуудад байгаа өр төлбөрийг нийтэд хэн авсаныг нээлттэйгээр ил тод зарлах,
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй явуулах зэрэг шаардлагыг хүргэж байна гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)