Д.ЭНХЧИМЭГ: Дүүргийн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахын тулд өрхийн эмнэлгээс бичигтэй ирнэ

Admin | 2022-05-20


   Монгол Улсын иргэн бүрийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогоонд хамруулах ажил энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл бүтэн жилийн турш явагдах юм.

Бид дүүргийн эмнэлгүүдэд эрт илрүүлгийн үйл явц хэрхэн явагдаж байгааг сурвалжилхаар Чингэлтэй дүүргийн "Эрүүл мэндийн төв"-ийг зорьлоо. Үдээс хойш 14 цагийн үед тус эмнэлгийн хувьд хүн бага байв. Үүдний жижүүрээс эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хаана явагдаж байгааг асуухад, 3 давхарт 311 тоот гэсэн хариу өгөв. Гурван давхрын эрт илрүүлгийн шинжилгээний үүдэнд  3-4 хүн дугаарлан сууж байлаа.

Сүүлд дугаарлаж байсан 60 гаруй насны эрэгтэйгээс эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд орох гэж буй талаар нь асуухад,

“Уг нь үзлэгт хамрагдах гэж ирсэн юм. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа эрт илрүүлгийн талаарх мэдээллийг хараад байхад зөвхөн тухайн сард төрсөн хүн л тэр сардаа эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамрагдана гэсэн байсан. Гэтэл өнөө өглөө гарсан мэдээллийг харахад хамрагдалт бага байгаа учраас төрсөн сар хамаарахгүй үзлэгт оруулж байна гэсэн юм. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол үзлэгтээ хамрагдах гээд хүрээд ирлээ. Төрсөн сараараа бол би наймдугаар сард үзлэгт хамрагдах юм. Аль мэдээлэл нь үнэн болохыг мэдэхгүй л байна. Эмчээсээ орж асуух гээд зогсож байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг ойлгохгүй байна. Намайг "багц-6" гэсэн хэсэгт хамаарна гэсэн. "Багц-6" гэдэг нь юу болох талаар ойлгохгүй байна. Мэдээллээ ойлгомжтой өгч байвал зүгээр байна” гэв.

Үүнээс харахад настай иргэдийн хувьд эрт илрүүлэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл дутмаг байгаа нь анзаарагдав.

"Иргэд заавал төрсөн сардаа үзлэгт хамрагдах гэж хүлээх шаардлагагүй. Өрхийн эмнэлгээсээ бичиг аваад дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэх боломжтой"

Бид Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн чанар, аюулгүй байдлын албаны мэдээллийн ажилтан, нарийн бичиг Д.Энхчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн хувьд эрт илрүүлгийн үзлэг хэрхэн явагдаж байна. Иргэдийн хамрагдалт хэр байна вэ?

-Чингэлтэй дүүргийн хувьд эрүүл мэндийн даатгалтай 114 мянга гаруй хүн ам бий. Эрт илрүүлгийн ажил  эхэлснээс хойш буюу тавдугаар сарын 1-19-ний хооронд нийтдээ 3078 иргэн эрт илрүүлэгтээ хамрагдсан байна.

-Үзлэгт хамрагдсан иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл?

-Насны ангиллын хувьд

0-17 насны-2223,

18-30 насны-461,

31-45 насны- 104,

46-60 насны-147,

61-ээс дээш насны 143 насныхан үзлэгт хамрагдаад байна.

-Үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд юуг анхаарах вэ. Бэлдэж ирэхэд шаардлагатай зүйл бий юу?

-Насны ангилалаар нь 6 багцад хуваасан. Багц болгон дээр анхаарах зөвлөмжүүдийг гаргасан байгаа. Хэдэн насны, ямар багцад хамрагдахаасаа шалтгаалаад бэлтгэл ажлын зөвлөмжийг манай бүртгэл мэдээллийн ажилтнууд өгөөд явж байна.

-Бага насны хүүхдүүд дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх үү, өрх дээрээ үзүүлэх үү?

-0-17 насныхан өөрийн харьяа дүүргийн өрхийн эмнэлэг дээрээ үзлэг шинжилгээндээ хамрагдана.

-Үзлэгт хамрагдах иргэддээ мэдээллээ хэрхэн өгч байгаа вэ?

-Манай дүүрэг штабын зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Ингэхдээ тус штабаасаа бүртгэл мэдээллийн ажилтнуудаа томилоод өрх хороод руу холбогдож эрт илрүүлэгт хамрагдах ажлыг зохион байгуулж байна.

-Чингэлтэй дүүргийн хувьд энэ ондоо хэчнээн хүнийг үзлэгт хамруулах төлөвлөгөөтэй байна?

-Энэ ондоо багтаагаад дүүргийн нийгмийн даатгалтай иргэдийнхээ 30 хувийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах зорилттой ажиллаж байна.

-Иргэдийг төрсөн сараар нь үзэж байгаа юу. Энэ сард зөвхөн тавдугаар сард төрсөн хүмүүс үзлэгт хамрагдах уу?

-Иргэдийн дунд ийм буруу ойлголт яваад байгаа нь тухайн хүн үзлэг шинжилгээнд хамрагдахын тулд заавал төрсөн сардаа багтаан хамрагдана гэсэн асуудал байхгүй. Үзлэгт орох хүсэлтээ өрхийн эмнэлэгтээ өгөөд дүүргийн эмнэлэг дээрээ ирж үзлэгтээ орно.

-Иргэдэд үзлэгтэй холбоотойгоор зөвлөгөө өгвөл?

-Эрт илрүүлгийн ажил нь өөрийгөө өвчтэй гэж мэдэхгүй явж буй хүмүүст урьдчилж өвчин эмгэгийг нь илрүүлэх зорилготойгоор хийгдэж буй ажил юм. Тэгэхээр эрүүл мэндийн талаас ч тэр, эдийн засгийн талаас ч тэр хүндрэл тулгарахаас нь өмнө олж илрүүлэх зорилготой ажил учир иргэдийг идэвхтэй хамрагдахыг манай эмнэлгийн зүгээс уриалж байна.

  •    Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.
  • Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна.
  • Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой аж.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)