ЭЕШ-д 800 оноо авсан Т.НАРАНХИШИГ: Өдөрт тогтмол 2-3 цаг бэлддэг байсан

Admin | 2022-06-26


Энэ онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын 2022 оны шалгалтад нийгэм болон англи хэлний хичээлээр 800 оноо авсан Т.Наранхишиг, Б.Мичид нарын сэтгэгдлээс хуваалцъя.

Нийгмийн хичээлээр 800 оноо авсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын IV-р сургуулийн төгсөгч Т.Наранхишиг:

Тайлбар байхгүй.

-ЭЕШ-ын нийгмийн хичээлээрээ 800 оноо авсанд нь баяр хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Туяахүүгийн Наранхишиг гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дөрөвдүгээр сургуулийн төгсөгч.

-800 оноо авсан сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Нийгмийн ухааны хичээлдээ 800 оноо авснаа сонсоод баярласандаа уйлсан. Сүүлийн хэдэн сар зөвхөн ЭЕШ-даа бэлдэж маш их хичээл зүтгэл гаргасан болохоор оноогоо хараад маш их баярласан.

-ЭЕШ-даа хэрхэн бэлдэв. 800 оноо авахад нөлөөлсөн арга барил, туршлагаасаа хуваалцвал?

-Миний хувьд арванхоёрдугаар ангид ороод бэлдэж эхэлсэн. Хамгийн гол арга барил гэвэл өдөрт болгон тогтмол 2-3 цаг бэлддэг байсан.

Хамгийн гол нь ӨДӨР БҮР.

Сүүлийн арван сарын хугацаанд цагаан сарын амралтын үеэр л долоо хоног хичээл хийгээгүй байх. Сүүлдээ өөрөө нийгмийн ухааны хичээлдээ дуртай болж ирсэн. Хүн дуртай зүйлээ хийхээрээ хэчнээн жаргалтай байдаг билээ түүн шиг хичээлээ жаргаж хийдэг болсон.

Нийгмийн ухааны хичээлийн онцлог өөрөө уншиж ойлгох. Хүнд ямар мэдлэг илүү их үлддэг вэ гэхээр амнаас гарсан мэдлэг. Хүүхдүүд ихэвчлэн уншаад орхичихдог.

Миний хувьд уншсан мэдээллээ эргээд хэн нэгэнд ярьж өгдөг байсан. Ихэнхдээ гэр бүл багш нартаа дараа нь бүр ганцаараа яриад суудаг болсон.

Ингэснээр тухайн мэдээлэл мартагдах магадлал хэд дахин багасдаг. Тэгээд түүнийгээ бататгах зорилгоор хэдэн зуун тест ажилласан.

-ЭЕШ төсөөлснөөс чинь хэр байв. Шалгалтын өмнөх сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?

-ЭЕШ миний төсөөлснөөс хамаагүй энгийн байсан. Яг л бэлдэж байсан сэдвээр орж ирсэн.

 Харин хичээлээ хэчнээн мундаг бэлдсэн ч сэтгэл зүйгээ бэлдээгүйгээс болж хүүхдүүд их алддаг юм шиг санагдсан.

Сандрал айдас бол мэдээж байсан. Шалгалтын өмнө үр дүн нь ямар ч гарсан бай “чи хангалттай хичээсэн”  гэж өөртөө итгүүлсэн. Тэгээд аль болох эерэг бодол бодсон.

-Цаашдаа ямар мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа вэ. Сургуулиа сонгосон уу?

-Мэргэжлийн тухайд гэвэл сэтгэл судлаач болох хүсэлтэй. Энэ мэргэжлээрээ сурах чинь хүсэлтэй болохоор 800 авахад маш том хөшүүрэг болж өгсөн. Одоогоор МУИС-д  бүртгүүлсэн. ЭЕШ-д бэлдэж эхэлж байхдаа л МУИС руу орно гэж зорьсон.

"ҮЗЭХ ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ҮЗЭЭРЭЙ ГЭЖ ЗӨВЛӨМӨӨР БАЙНА"

Англи хэлний хичээлээр 800 оноо авсан Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн төгсөгч Б.Мичид:

Тайлбар байхгүй.

Б.Мичид “ЭЕШ-аа өгөөд Англи хэлний хичээлдээ 800 оноо авсандаа маш их баярлаж байна. ЭЕШ дөхөх  үед англи хэлний багш маань “800 авна, 800 авна” гэж хэлэхэд нь жаахан итгэлгүй байсан.

Би багаасаа англи хэл дээр хүүхэлдэйн кино үзэж өссөн болохоор англи хэлний суурь мэдлэгийг зурагтаас авсан гэж хэлэхэд болно. Харин том болоод интернэтээс контент үзэж эхэлсний дараа англи хэлний мэдлэг маань илүү сайжирсан. Үзэж болох бүх л төрлийн бичлэгийг англи хэл дээр үзсэн дээ.

Төгсөх ангид орж буй англи хэлээр ЭЕШ өгөх дүү нартаа зөвлөхөд  өөрийн үзэх дуртай зүйлээ англи хэл дээр үзээрэй гэж зөвлөмөөр байна. Харин ЕБС-иасаа дүрмээ сайн сур. 

ЭЕШ миний төсөөлснөөс өөр байгаагүй. Сэтгэлзүйн талаас бол өмнө нь “ТOEFL” зэрэг хэд хэдэн шалгалт өгч байсан болохоор сандрал бага байсан.

Одоо ШУТИС-д инженерийн мэргэжлээр Герман руу явах ангид орно гэж бодож байна” 

                                                                                                                                                                                    А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)