Э.ОЮУНБОЛД: Цолоо дээрэмдүүлээд байвал наадамд түрүүлэх сонирхол алга

Admin | 2022-06-27


Өнгөрсөн амралтын өдөр наадмын сорилго барилдаан болж улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Тэрбээр эрхээ хасуулснаас хойш анх удаа ийн барилдсан юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон барилдааны үеэр өгсөн шинжилгээнээс нь допингийн төрлийн хориотой бодис илэрч, барилдах эрхээ 8 жилийн хугацаатай хасуулаад байсан. Гэвч тэрбээр Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гарган улмаар ялалт байгуулж саяхан эрхээ сэргээгээд байгаа. Түүний эрхийг найман жилээр хассан шийдвэр хүчингүй болсонд бөх сонирхогчид нэг хэсэг нь эсэргүүцэж, нөгөө хэсэг нь дэмжиж буй. 

Ямартай ч Э.Оюунболд наадмын сорилго барилдаанд үзүүрлэсэн юм. Тэрбээр "Аавыгаа өөд болоод 30 гаруй хонож байхад нь барилдлаа. Нэг бодлын сайхан, нэг бодлын муухай байна. Энэ хугацаанд ар гэр, сэтгэл санаа, эд хөрөнгөөр маш их хохирлоо. Монголын хууль хяналтын байгууллага Допингийн холбоог сайн шалгахыг хүсэж байна. 

Багадаа аавыгаа дагаж наадам хэсэж байхдаа "эр хүний дээд нь бөх байдаг юм байна" гэж бодож явсан. Харин аавыгаа алдсанаас хойш үндэсний бөхийн спортыг сонгосондоо үнэхээр их харамсаж байна. Хэрвээ би үндэсний бөхөөр яваагүй байсан бол өнөөдөр элэг бүтэн байх байсан ч юм билүү.

Монгол наадамд ардын хүү түрүүлж болдоггүй юм уу. Олон Улсын арбитрын шүүхээс намайг юу ч хэрэглээгүй гэж дүгнэсэн. Тус дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр наадмын сорилгодоо барилдах эрхээ аваад барилдлаа. Монголынхоо ард түмэндээ хандаж хэлэхэд хичээж барилдах болно гэж хэлье. Гэхдээ цолоо дээрэмдүүлээд байвал түрүүлэх сонирхол алга"  гэж ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)