А.ТҮВШИНТӨГС: Монголд Коби Брайнтын эхнэр шиг сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх боломжтой

Admin | 2022-08-30


Өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан “Өмгөөллийн Номун түншлэл” хууль зүйн фирм хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлүүлэх чиглэлээр түлхүү ажилладаг байна.

-Саяхан Коби Брайнтын эхнэр нөхрийнх нь ослын үеийн зургийг олон нийтэд дэлгэсэн холбогдох албаны хүмүүсийг шүүхэд өгч ялалт байгуулсан. Хамгийн гол нь энэ бол шүүхээс сэтгэл санааны хохирлыг барагдуулсан тохиолдлын том жишээ боллоо. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-АНУ-ын домогт сагсан бөмбөгч Коби брайнт болон түүний охин Жижи Брайнт нар нь нисдэг тэрэгний ослын улмаас 2020 оны нэгдүгээр сард зуурдаар нас барсан. Энэхүү үйл явдлыг шалгаж байсан болон тухайн хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийн ажилтнууд болон онцгой байдлын ажилтнууд хэргийн газрын зураг болон хохирогч нарын цогцос бүхий зургуудыг олон нийтэд үзүүлж явж байгааг Коби Брайнтын эхнэр Ванесса Брайнт мэдсэн. Үүний дараа сэтгэл санааны хохиролд 16 сая ам.долларыг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх энэ сарын 25-ны өдөр тус хэргийг шийдвэрлэж, Ванесса Брайнтад сэтгэл санааны хохиролд 16 сая ам.долларыг нөхөн гаргахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ослын зураг дотор түүний нөхөр болон охины цогцоснуудын зураг байсан бөгөөд энэхүү зургийг нэхэмжлэгч харах бүрд тухайн өдрийн үйл явдал, сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүр бий болсон гэж үзсэн. Үүнээс гадна тухайн үйл явдал болон хэргийн газрын зургууд нь нууц бүхий материал тул нууцыг цагдаагийн ажилтнууд болон онцгой байдлын ажилтнууд олон нийтэд задруулсан. Үүний улмаас энэхүү зургууд дахин олон нийтэд гарч ирэх магадлалтай гэсэн айдсыг бий болгож байна гэж үзэж тус нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдсэн.

-АНУ-ын шүүхийн тогтолцоо манай улсын шүүхээс юугаараа ялгаатай байна вэ?

-АНУ-ын шүүхийн тогтолцоо нь шүүгчийн хууль тайлбарлах эрхээр хэрэгжиж байдаг тул сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах практик илүү хөгжихөд нөлөөлсөн байдаг. Хэдийгээр манай улсын эрх зүйн систем нь Англи-Америкийн эрх зүйн системээс ялгаатай боловч энэ кэйсээс олон зүйлийг харж, суралцах боломжтой. Бид өөрийн улсын эрх зүйн тогтолцоо, практикийг судалж байхаас гадна бусад эрх зүйн хөгжил өндөртэй улсуудын эрх зүйн тогтолцоо, онол, практикийг судлахаас өөр арга байхгүй. АНУ-д сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулахтай холбоотой алдартай олон шүүхийн шийдвэрүүд бий. Үүний нэг шийдвэр нь Ванесса Брайнтын нэхэмжлэлтэй хэрэг болон үлдэж байна.

-Жишээлбэл, манайд хэдхэн хоногийн өмнө талийгаач жүжигчин Б-ын нас барсан үеийн зургийг байршуулж, олон нийтэд мэдээллэж байсан. Энэ тохиолдолд Б-ын гэр бүлийнхэн сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулах боломжтой гэж байсан. Ямар тохиолдолд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй вэ?

Тийм ээ. Энэ тохиолдыг би ажиглаж, тухайн үед товч дүгнэлт өгсөн. Талийгаачийн нас барах үеийн зураг болон цагдаагийн ажилтнуудын хиймэл амьсгаа хийж байгаа үеийн зургуудийг олон сайт, мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд харуулах хэлбэрээр мэдээллэсэн. Энэ бол сэтгүүлчийн болон тухайн сайтын ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой юм. Иймээс энэ асуудалд тухайн зургийг олон нийтэд тавьсан сэтгүүлч болон тухайн сайтын захирал нь ёс зүйн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Харин талийгаачийн гэр бүлийнхэн энэ асуудалд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх боломж бий. Сэтгэл санааны хохирлыг гаргуулахад харгалздаг нэг элемент нь шалтгаант холбоо байхаас гадна тухайн гэмт үйлдэл нь хэн ч харсан зэвүүцмээр байхыг шаарддаг. Иймээс бүх тохиолдолд сэтгэл санааны хохирол гаргах боломжгүй гэдгийг энэ шинжээс харж болно. Талийгаачийн тухайн үеийн зургийг олон нийтэд тавьсан үйлдэл нь гэр бүлийнх нь гишүүдэд сэтгэлийн их дарамт өгч, хоол унданд муудах, унтаж чадахгүй болох, айдас түгшүүрт автах, хүүхдүүдийг нь ялгаварлах, үл тоомсорлох, сэтгэл гутралд өртөх зэргээр сэтгэл санааны хямралд өртөх шууд шалтгааны бий болгож байна. Мөн энэ үйлдэл нь жигшим, зэвүүцэм үйлдэл тул сэтгэл санааны хохирлыг гаргуулах гол шинжийг мөн хангаж чадна гэж хуульчийн хувьд харж байна. Тиймээс цаашдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнийг анхаарах хэрэгтэй.

-Гэхдээ манай улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах хууль зүйн орчин хангалттай бүрдээгүй. Тиймээс цахим орчинд өдөр бүр хүмүүс сэтгэл санааны дайралтад орж байна шүү дээ?

-Сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна. Манай улсын хувьд Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан сэтгэл санааны хохирол, хор уршгийг гаргуулж ирсэн. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх зохицуулалт дутмаг байхаас гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх материаллаг хэм хэмжээ, зөрчигдөж буй эрх ашиг сонирхлыг өргөтгөх шаардлагууд бий. Тиймээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй. Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөлд сэтгэл санааны хохирлыг үнэлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн ямар гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжтой вэ гэдгийг жагсаалтын зарчмын дагуу тусгасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг дагалдаж иргэний хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орохоор тусгагдсан. Удахгүй сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн томоохон шинэтгэл хийгдэх байх гэж найдаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)