Х.НЯМБААТАР: Гадаадын хөрөнгө оруулагч визээ сунгуулахын тулд нэгээс нөгөө рүү тодорхойлолт авч очдог. Тэр нь авлига, хүнд суртлын ханштай гэх яриа байна

Admin | 2022-09-13


 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа.

-“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” хуулийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Гадны хөрөнгө оруулагчдын таатай орчныг бүрдүүлэх хуулийн ямар гол зохицуулалт хийгдэж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд нар, Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөллийг оролцуулж байна. Бид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн үндсэн агуулга, бүтцийг танилцуулаад хэлэлцүүлэгт оролцож буй төлөөллийн саналыг сонсох зорилготой юм. Манай улс ДНБ-ний үзүүлэлтээрээ дэлхийн 190 улсын 130-д бичигдэж байна. Манай ДНБ 13 тэрбум ам.доллар байгаа бол АНУ-ын ДНБ нь 29 их наяд байх жишээтэй. Тэгэхээр бид улс шиг улс байхыг хүсвэл эдийн засгаа өөд татахаас өөр гарц байхгүй. ДНБ-ний үзүүлэлттэй эрүүл мэнд, боловсролын салбар, дэд бүтэц, цаашлаад хүний хөгжил зэрэг бүх л зүйл холбоотой байна. ДНБ-ний үзүүлэлтээр тэргүүлж буй орнуудын гол туршлага нь гадаадын хөрөнгө оруулалтыг шууд татаж чадсанд байна. Өнөөдөр манай улсад гадаадын хөрөнгө оруулалтын ганц жин дарж байгаа нь Оюу Толгойн хөрөнгө оруулалт. Тиймээс бидэнд хөрөнгө оруулалт юу юунаас илүү хэрэгтэй байна. Манай аж үйлдвэрийн экспорт 3 хувь хүрэхгүй байна. 90 гаруй хувь нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эзэлж байна. Тиймээс л бүх салбарт хөрөнгө оруулалт орох таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж байна.

-Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын визийг сунгахад хүртэл хүндрэл үүсдэг талаар ярьж байсан. Энэ мэтчилэн асуудлыг хуулийн төсөлдөө хэрхэн тусгав?

-Ганцхан хөрөнгө оруулалтын тухай хуулийг шийдсэнээр хөрөнгө оруулалт таатай болохгүй. Бид хөрөнгө оруулах сонирхолтой гадныханд тоглоомын дүрмээ маш тодорхой болгож танилцуулах ёстой. Та орж ирвэл ингэж компани байгуулна, оршин суух эрхээ авна, ийм татварын хөнгөлөлт үзүүлнэ, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар төртэй хамтарч ажиллах шинэ боломжууд байна. Салбараасаа хамаарч хөрөнгө оруулсан тохиолдолд тарифын дэмжлэг үзүүлнэ гэх мэтчилэн маш олон зүйлийг тодорхой болгох ёстой. Жишээлбэл, хөрөнгө оруулагчид манай улсад оршин суух визээ сунгуулахын тулд Эдийн засаг, хөгжлийн яамнаас очиж нэг тодорхойлолт аваад Гадаадын иргэн харьяатын газарт очдог. Тэр нь бүр авлига, хүнд суртлын ханштай байдаг гэх яриа байна. Үүнийг л байхгүй болгох юм. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа дагуулаад нэлээд олон хуулиа хөндөх шаардлага үүсч байна. Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар хөрөнгө оруулагч визээ сунгуулахад олон газраар явах ёсгүй. Гадаадын хөрөнгө оруулагч хилээр орж ирэхэд үүссэн 13 оронтой дугаарыг үндэслээд виз сунгалтыг нь хийчье. Тухайн дугаар дээр уг иргэнтэй холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэчихнэ. Ерөөсөө дүрэм нь тодорхой. Хэрэв эрх нь ямар нэг байдлаар зөрчигдвөл манай хууль сахиулагчид ийм байдлаар таны эрхийг хангана, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар ийм процессын дагуу маш хурдан маргаанаа шийдүүлнэ гэх мэтчилэн тодорхой оруулахаар хуулийн төсөлд тусгасан.

 

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өөр ямар хуулинд шинэчлэл хийх шаардлагатай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын турхай хуулиас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх процессыг бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдөр хэт удаашралтай буюу нэг хэрэг үндсэндээ 3.6 жил үргэлжилж байна. Хохирсон хүн шүүхийн зардлаа төлөөд маргаанаа шийдвэрлүүлэх гээд 3.6 жил явж байна. Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гээд дахиад явна. Орчин цагийн эрхзүйн түүхэнд гарсан том жишээ байна ш дээ. Нэг хүн маргаанаа 16 жил явж байж шийдүүлсэн байдаг. Ийм шүүхийн процесстой байхад гадны хөрөнгө оруулагчид яаж итгэх юм, эрхээ хэзээ хамгаалуулна гэж бодож хөрөнгө оруулалт хийхэв дээ. Тиймээс процессын хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Мөн Төлбөрийн чадваргүй буюу дампуурлыг тухайн хууль байна. Манай улсыг дампуурлын хуулиа шинэчлэх хэрэгтэй гэж  Олон улсын валютын сан болон бусад донор байгууллагууд шаардлага тавьдаг.

-Ямар учраас?

-Танай дампуурлын хууль механизм хүнд, буруу байна гэдэг. Уг нь төлбөрийн чадваргүйдлийн хууль байхгүй юу. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх хууль байх ёстой. Гэтэл манай хууль төгс дампууруулах чиглэлтэй. Үүний оронд дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн түргэн тусламж үзүүлэх зэрэг дампуурлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг агуулгаар бид бичиж байгаа. Одоо УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

-Иргэний хуулийн зохицуулалтыг нэлээд тодорхой ажиллаж байгаа юм байна. Ялангуяа өнөөдрийн нөхцөлд иргэн, аж ахуй нэгжийн хоорондох харилцааг Иргэний хуулиар зохицуулах хүндрэлтэй байгаа шүү дээ?

-Хамгийн том тулгамдаж буй иргэний хууль. Иргэний хууль нь иргэн аж ахуй нэгж буюу иргэн хуулийн этгээдийн хооронд үүсч буй эдийн болон эдийн бус харилцааг зохицуулж буй ганцхан том хууль болчихоод байгаа. Би өнөөдөр дэлгүүрт ороод ундаа авах харилцаанд орж байна. Гараад Хөрөнгийн бирж дээрээс хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гэрээ хийсэн ч өнөө л Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдаж байна. Нэг л проматтай. Маргаан шийдвэрлэх процесс нь яг ижилхэн. Тэгэхээр Иргэний хуулиа төрөлжүүлж зохицуулъя. Иргэн хоорондын харилцааг иргэний хуулиар зохицуулъя. Иргэн бизнестэй харилцаж байгааг хэрэглэгчийн гэрээний хуулиар зохицуулъя. Бизнес бизнестэйгээр харилцаж байгааг арилжааны хуулиараа зохицуулъя гэдэг агуулгаар хуулийн төслийг энэ өвөл өргөн барихаар бэлтгэж байна. Иргэн өдөр тутамдаа том бизнестэй харилцаанд ордог болчихсон. Гар утас авах, интернэт, банкны картаар үйлчлүүлж буй систем, СӨХ-той харилцах чинь иргэн бизнес хоорондын харилцаа. Энэ нэг тогтсон хэрэглэгчийн гэрээний загвараар явах ёстой. Тэгж байж том бизнесээс иргэнээ хамгаалах, иргэнээ хохироохгүй байх зохицуулалт үүснэ гэж үзэж байна. Хэдэн их наядаар тооглогдох том үнийн дүнтэй худалдах, худалдан авах харилцаа нь арилжааны хуулиаараа явдаг, иргэд хоорондын өв залгамжлал гэрээслэлтэй холбоотой харилцаа нь иргэний хуулиараа явдаг байя гэж байгаа юм. Тэгэхгүй бол сүүлийн үед нэг эвгүй зүйл ажиглагдах болсон.

"Ерөнхий прокурор, тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, хар тамга дараад гаргачихдаг сонгодог жишээнүүд байсан"

-Тухайлбал?

-Үндэсний эрхзүйг гадны эрхзүйгээр орлуулах зүйл ажиглагдаж байна. Манай том бизнесийнхэн Сингапурт очоод Сингапурын хуулиар гэрээ хийгээд, тэндээ маргаанаа шийдвэрлүүлдэг болж. Өөрөөр хэлбэл манай үндэсний дотоодын эрх зүй оруулагдаж байна гэсэн үг. Ийм ойлголт гарч ирээд байгаа учраас өөрчлөх нь зүйтэй байна. Ер нь иргэний эрх зүйн шинэчлэл сүүлийн 20 жил яригдаагүй. Анхнаасаа алдаатай гэж үздэг. Учир нь Иргэний хуулиа 2002 онд баталсан. Гэтэл салбарлаж гарах дампуурлын харилцаа, гэр бүлийн харилцаа, газрын харилцаа, хөдөлмөрийн харилцааны зэрэг хууль нь өмнө батлагдчихсан. Тухайлбал, Гэр бүлийн хууль, Хөдөлмөрийн хууль 1998, 1999 онд батлагдсан. Газрын хууль 1997 онд батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль 1997 онд батлагдсан. Дампуурлын хууль 1993 онд батлагдсан. Тэгэхээр бид Иргэний хуулийнхаа үндсэн агуулга, зарчим дээр үндэслэж бусад салбар хуулиа батлах ёстой байсан. Одоо засах гээд явж байна л даа. Жишээлбэл, Газрын тухай багц хуулийг УИХ-д өргөн барих гээд төлөвлөж байна. Иргэний хуулинд газар эзэмших эрх, ашиглах эрх, захиран зарцуулах эрх гэдгийг тодорхойлсноос өөр агуулгаар Газрын хууль нь батлагдсан байдаг. Тиймээс иргэний эрхзүйн шинэчлэлтэйгээ холбогдуулан бизнесийн эрх зүйн орчинг таатай болгох, тоглоомын дүрмээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг хуулийн механизмыг байхгүй болгох ёстой. Манайд сонгодог жишээнүүд байсан ш дээ. Ерөнхий прокурор, тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, хар тамга дараад гаргачихдаг. Дахиад хилээр орж ирэх боломжгүй болгодог сонгодог жишээнүүд байсан. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Монгол Улсын нэр хүнд юунаас ч чухал. Аливаа улсын нэр хүнд, эрх зүйн орчин, тогтолцооноос шалтгаалж гадны хөрөнгө оруулалт орж ирдэг. Ямар салбар руу солонгорох вэ гэдэг нь тухайн үеийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс шалтгаална. Мэдээж хэрэг гадны хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарыг хамгийн түрүүнд сонирхдог. Үүний дөрөө хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид оруулж ирэх таатай орчин болгох хэрэгтэй. Би дахиад хэлье. Бидний муулдаг Афганистан зэрэг улс чинь манайхаас хамаагүй том эдийн засагтай явж байна. Харин бид ДНБ-ээрээ 130-р байрт явна гэдэг маш инээдтэй хэрэг. Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг таатай болгож, улстөрийн огцом шийдвэр гаргаж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг боомилдоггүй, сошиал орчинд хөөж туудаггүй болж байж л бид цааш хөгжинө.

                                  "Манайх гадны компаниудын татвар бодох аргачлал, тайлан гаргах аргачлал зөрүүтэй байна"

-Гадны хөрөнгө оруулагчдад татварын орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхээр тусгагдсан бэ?

-Тодорхой салбар зааж, тухайлбал, ийм салбарт хэдэн жил хөрөнгө оруулсан тохиолдолд татварыг 100 хувь, 50 хувь хөнгөлнө гэдэг уламжлалт мотивацыг шингээж оруулж өгсөн. Хэлэлцүүлгээр хүмүүс нэлээд нарийвчилсан санал гаргах байх. Жишээлбэл, би Оюу Толгойн хөрөнгө орулагчидтай гэрээ хийх ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа. Эргээд харахад манай татварын орчин, татвар бодох аргачлал гадны компаниудын татвар бодох аргачлал, тайлан гаргах аргачлал зөрүүтэй байна. Жишээлбэл, зэсийн баяжмалд татвар ногдуулдаг аргачлалыг нутагшуулах шаардлага байна. Бид бүхнийг гадныхны буруу гэж харж болохгүй байна. Хар тугалгаас ашигт малтмалын татвар бодно гээд акт тавьчихдаг. Гэтэл олон улсын татвар төлөх аргачлалаар гадны улс орнууд яг энэ тохиолдолд хар тугалгыг зайлуулж өгснөөр татвар авдаггүй, харин ч дэмжлэгтэй байх жишээтэй. Тэгэхээр татвар бодох аргачлалын хувьд дэлхийн стандарт руу очих шаардлага үүсч байна. Татвар тайлагнагч, татварыг хүлээж авч байгаа хоорондох ойлголтын зөрүүг арилгах шаардлагатай байна.

                            "Макс Жонсоны хэргийг шаардлагатай гэж үзвэл тусгаарлаж, холбогдох хохирлыг барагдуулах талаар ярьсан"

-Гадны хөрөнгө оруулагчдыг залилах явдал гардаг. Саяхан та монголын “Засагчандмань” компанийн эзэмшлийн лицензтэй уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулаад алдчихсан Английн иргэн Макс Жонсонтой уулзсан гэсэн. Ийм тохиолдолд хэрхэн хуулийн дагуу зохицуулахаар тусгасан бэ?

-Нэгдүгээрт, Эрүүгийн процессыг хурдан шуурхай болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд иргэний нэхэмжлэлийг хурдан барагдуулдаг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Хоёрдугаарт, манай улсын иргэд гадны хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн бүх хэргүүдийг хурдан шуурхай шийддэг, шийдэх явцдаа хохирлыг нь барагдуулдаг, хариуцлага ял шийтгэлийг нь хуульд зааснаас доогуур оногдуулахгүй байх чиглэлээр бодит ажил болгох хэрэгтэй байна. Тэрнээс биш Эрүүгийн хуульд зохих ял, шийтгэлийг нь хангалттай тусгасан байгаа. Өнгөрсөн долоо хоногт Английн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой уулзсан. Шаардлагатай гэж үзвэл хэргийг нь тусгаарлаж, шийдмэгц холбогдох хохирлыг барагдуулах талаар ярьсан. Нэлээд таатай хүлээж авсан. Өмнө нь хохирсон хүмүүсийг биечилж хүлээж авч уулздаггүй байсан юм байна. Тэгээд ч Англи улс олон улсын хамтын ажиллагаанд нэр, нөлөө бүхий улс шүү дээ. Тиймээс бид энэ тал дээр их л зөв байх ёстой. Үүнээс гадна гадаадын иргэдийн холбогдсон хэргүүд бий. Эдгээр хэргүүдийг аль болох хурдан шийдэх, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, эрүүл мэндэд нь анхаарах гээд олон л ажил зохицуулж байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)